Сансрын тойрогт ачаа зөөвөрлөх зориулалт бүхий Оросын "Фрегат" төхөөрөмжийн түлшний сав өнгөрсөн тавдугаар сарын 8-нд сансарт дэлбэрсэн. Энэхүү дэлбэрэлтээс үүссэн хэлтэрхийнүүдийн тоо улам нэмэгдсээр 275-д хүрээд байна хэмээн space-track.org сайт АНУ-ын Агаарын цэргийн хүчний мэдээллээс иш татан мэдээллээ.
АНУ-ын цэргийнхний мэдээгээр анх дэлбэрэхэд 65 хэлтэрхий үүссэн бөгөөд наймдугаар сарын эхээр 170-д хүрээд байжээ. Харин одоо анхныхаасаа бараг дөрөв дахин нэмэгдсэн байна.
Түлшний сав дэлбэрсний дараахан эдгээр хэлтэрхий олон улсын сансрын станцууд болон хиймэл дагуулуудад аюул учруулахгүй хэмээн "Роскосмос" мэдэгдэж байсан.
space-track.org сайтын илрүүлснээр эдгээр хэлтэрхий сансрын орбитод доод тал нь 230-1642 км, дээд тал нь 305-6113 км-ийн өндөрт нисч байгаа ажээ.
Дэлбэрсэн түлшний сав зорилтот үүргээ гүйцэтгээд, түлш нь дуусан төхөөрөмжөөсөө салсан байхдаа дэлбэрсэн байна. Уг түлшний савыг 2011 оны долдугаар сараас хойш ашиглажээ.