Төр ажилгүйчүүдийнхээ бөгсийг арчих л дутаж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Төр ажилгүйчүүдийнхээ бөгсийг арчих л дутаж байна

Төр ажилгүйчүүдийнхээ бөгсийг арчих л дутаж байна

Улсынх нь өр 30.8 тэрбум ам.долларт хүрч, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд Монгол Улсын Засгийн газрыг хойч үедээ өр өвлүүлж буйг сануулсаар байгаа ч эрх баригчид хавтгайрсан халамжийн бодлогоосоо татгалзахгүй нь.

Учир юу вэ гэвэл, Засгийн газар өчигдрийн /2020.09.23/ хуралдаанаараа  аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн  шөнийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөх шийдвэр гаргав.

Шууд утгаараа эрчим хүчний дээрх хөнгөлөлт нь халамж гэх ангилалд хамаарахгүй байж болох ч сонгууль угтсан популист шийдвэрээс болж, эргээд ард түмэн тэр дундаа хөдөлмөр эрхэлж, баялаг бүтээж байгаа хэсэг нь хамгийн том ачаа үүрсээр ирснийг санах хэрэгтэй.

Хэдэн сарын өмнө цахилгаан, дулааны үнэ сэм нэмэгдэж, сард 25 мянган төгрөг төлдөг байсан өрхийн цахилгааны төлбөр 40 мянган төгрөг давсан тухай хэсэгтээ шуугицгаасан.

Сэм нэгдсэн цахилгааны төлбөрийг Эрчим хүчний зохицуулах хороо салбарын хэмжээнд үүссэн алдагдлыг бууруулах зайлшүй шаардлага үүссэнтэй холбоотой хэмээн тайлбарласан. Харин ирэх сараас эхлэн цахилгааны шөнийн тарифыг 100 хувь хөнгөлөхөөр алдагдал буурахгүй, өсч таарна.  Эрчим хүчний алдагдал салбарын хэмжээнд өнгөрсөн хавар 40 тэрбум төгрөгөөр яригдаж байлаа. Үүнд зөвхөн цахилгааны хөнгөлөлт хамаараагүй, хойд хөршөөс авдаг эрчим хүчний үнийн зөрүү, мөн айл өрх, аж ахуй нэгж цахилгааныг хулгайгаар авдаг зэрэг олон шалтгаан хамаарч буй.

Гэхдээ төр цахилгааны хөнгөлөлт үзүүлсний төлбөрийг хэрэглээний үнийг нэмэх замаар л нөхөх арга хэмжээ авах, эсвэл татвар төлөгчдөөс цугларсан орлогыг эрчим хүчний салбарын алдагдлыг нөхөхөд татаас хэлбэрээр олгох ч юм уу нэг зохицуулалт хийнэ.  Эцсийн дүндээ ачааг нь  шөнийн бор хоногтоо багтаж гэртээ харьдаг хөдөлмөр эрхлэгчид, иргэдийг ажлын байраар хангаж байгаа хувийн хэвшлийнхэн л үүрнэ.

Харин төрөөс олгодог халамжаар гэдсээ тэжээгээд гэртээ зүгээрийг хийгээд сууж буй ажилгүй иргэд бол ачаанаас үүрэлцэхгүй. Гэвч төр ажилгүйчүүдээ янз бүрийн нэртэй төсөл хөтөлбөр, халамжаар бөөцийлсөөр л байдаг.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 800 мянга гаруй иргэн 82 төрлийн халамж үйлчилгээ хүртдэг гэсэн судалгаа бий. Зах зухаас нь дурдвал, ядуу иргэдийг тэтгэх хүнсний талоноор нь сар бүрийнхээ хүнсээ базаачихдаг.

Мөн түлшний мөнгө авна. Дээр нь өнгөрсөн жилээс эхлээд дүүргүүд “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг ядуу өрхөд үнэгүй тараадаг болсон. Өнөө жилээс нийслэл “Тавантолгой түлш” компанитай хамтраад 10 мянган өрхөд түлш үнэгүй тараагаад эхэлсэн гэдгээ өнөөдөр /2020.09.24/ зарлана билээ. Төрөөс түлшийг нь үнэгүй өгөх тул хүлээгээд л хэвтэж байхад  сонгуульд нэр дэвшиж байгаа нэг хүнийх нь албат гэрийнх нь гадаа хүргээд өгчихнө.

Мөн төр янданг нь хөөлөөд өгчихнө. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг нь мөн л төр халамжилна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй, хүнээр хүүхдээ харуулж төлбөр төлж байхад ажил хийдэггүй иргэний хүүхэд цэцэрлэгт хамгийн түрүүнд хамрагддаг.

Нэг үгээр тодорхойлбол төр ажилгүй иргэдийн бөгсийг арчиж өгөх л дутаж байгаа.

Хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг болж, нэмэгдсэнээр ажил хийх хүсэл сонирхолтой иргэдийн тоо буурсан.  Жишээ татвал, өнөөдөр нийтийн эзэмшлийн орон сууцанд цэвэрлэгч хийх хүн олддоггүй болсон.  Мөн энэ мөнгө хүүхдэд зориулагдах ёстой ч ажилгүй иргэд архи худалдан авч уудаг “хэрэгсэл” болсон. Үнэмшихгүй бол хүүхдийн мөнгө олгогддог өдөр гэр хорооллоор яваад үзээрэй. Хавтгай архидалт угтана.

Нийслэлийн гэр хорооллын хүнсний дэлгүүрээс жимс ногоо худалдан авъя гэхэд байхгүй хэрнээ архи төрөл бүрээрээ эгнээстэй, лангууных нь ихэнх зай талбайг  эзэлдэг болсон. Тэр бүү хэл ажилгүйчүүдийн зарим хэсэг нь тэтгэврийн хөгшчүүдээрээ өөрийгөө төдийгүй үр хүүхдээ тэжээлгээд хэвтэж байна. Зарим нь бүр “Тэтгэврийн зээл авч өг” гэж дарамталж байна.

Харин төр өнгөрсөн өвөл 800 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээл тэглэхэд зарцуулсан,  түүнийх нь төлөөсийг ажил хийж, баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийнхэн л үүрч эхэлсэн.

Хэтийдсэн халамжийн бодлогоос болж, Монголд ажил хийх сонирхолгүй иргэд олон болж,  ядуурлын төвшин нэмэгдсээр…

Л.ОЮУ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж