Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамж өгүүлэх “Парламент-30” булан нээж байна.
Шинэ булангийн эхний зочин болгож 1990-1992 оны АИХ-ын депутат, 1992-1996 оны парламентын гишүүн, Монгол Улсын Их Хурлын даргаар 2000-2001 онд ажиллаж байсан Монгол төрийн нэрт зүтгэлтэн Лхамсүрэнгийн Энэбишийг онцолж, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, түүхийн ухааны доктор Ж.Болдбаатарын бичсэн хөргийг товчлон толилуулж байна.
Ж.Болдбаатар 1992-1996 оны парламентын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан билээ.
Алдрайхан бага, орь залуу нас
Билиг онгод хайрлаж, илааршуулж тайтгаруулж, өөдлөхөд тулж, хазайхад түшиж байдаг Булган хангай нутгийн нэгээхэн хэсэг, Дулаан хааны дүнсгэр сүрлэг уул нуруу, Орхон түшээ гүний мяралзан урсах дөлгөөн урсгал, тэдгээрийн зах сэжүүр Баавайн гол, Ар, Өвөр булаг хэд хэчнээн он цагийг элээн туулсныг хэн ч үл мэднэ. Тэр л он цагийн нэгэн хэрчим, Билгийн улирлын улаагчин гахай жил, аргын улирлын нэгэн мянга есөн зуун дөчин долоон онд Булган аймгийн Могод сумын “Өвөр булаг” хэмээх газар малчин ард Лхамсүрэнгийнд нэгэн хөвгүүн эхээс хүй тасарч, хүмүүн заяа залгажээ. Сайхь хөвгүүн бол ирээдүйн Монголын төр, нийгмийн томоохон зүтгэлтэн Энэбиш байлаа.
Тэрбээр 1955 онд Хишиг-Өндөр сумын 7 жилийн дунд сургуульд орж, 1960 онд Улаанбаатар хотын 18 дугаар дунд сургуульд шилжин сүралцжээ. Монгол Улсын Засгийн газрын архивт Л.Энэбишийн бичиж өгсөн нэгэн баримтад “Би хот, хөдөөд хэд хэдэн сургууль дамжиж, олон багшийн нүүр үзсэн хүн. Эртний нэгэн сурвалжид: “Багшид эс шүтсэн эрдэм бол хэнээс олсноо эс мэдэх сул явдалт сунжилгагүй эмийн жирэмсэлсэнтэй адил” гэж бичсэнийг уншсан юм байна. Ингэхлээр багш бүхэн надад номын буян хайрлаж, амьдралын ухаарлыг хөглөж байсан гэдгийг хэлэх ёстой. Гэхдээ хөдөөгийн сэхээтэн, гавьяат Цэдэв багш маань бүх талаараа бахархан дуурайх хүндтэй хүн юм” гэжээ.
“Эр өсөж, эсгий сунадаг” нь хорвоогийн жам. 1965 онд 10 дугаар ангиа төгсөж, Монгол Улсын Их Сургуулийн барилгын сантехникийн инженерийн ангид элсэн суралцав. Түүний оюутан цагийн амьдрал амаргүй өнгөрчээ. Айлд сууна. Заримдаа хэд хэдэн айл дамжиж, хүний арга эвийг олж, царайчилж амьдарна. Барилга инженерийн ангийн оюутнууд зун барилга дээр ажиллана. Дадлагын ажил, шавар, шохой хийх хар бор ажлаас эхэлнэ. Тэдний ангийн оюутнууд хүүхэд, залуучуудын паркийн барилгыг барилцжээ.
Л.Энэбиш хичээлийн чөлөө цагаар хөлбөмбөг их хөөцөлдөнө. Сургуулийн шигшээд тоглож байх үед нь МУИС-ийн баг нийслэл хотын урдаа барьдаг багуудын нэгэнд орж байв.
1970 онд тэрбээр сургуулиа төгсөж, барилгын сантехникийн инженерийн диплом гардан авчээ.
Л.Энэбиш амьдралын их сургуулийн анхны томилолт авч, 1970 оны долдугаар сарын 8-наас Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Барилгын зураг төслийн товчооны сантехникч инженерээр ажиллах болов. Тэнд жил шахам ажиллаад, тус товчооны ерөнхий инженерийн албанд дэвшжээ.
Энэ үед хими цэвэрлэгээ, угаалгын комбинатад ажиллагсад хордож, заримдаа хүний амь насанд аюул учрах болов. Дээд байгууллагын даалгавраар залуу инженер Энэбиш хими цэвэрлэгээ, угаалгын комбинатын нөхцөл байдлыг судалж, салхивчийн системийн төсөл боловсруулан хэрэгжүүлсэн нь ихээхэн үр дүнтэй болж, олон арван ажилчин хөдөлмөрийн чадвар, амь насаа алдах аюулаас ангижирсан удаатай.
Ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг, чадварлаг залуу инженер 1972 оноос нийслэл хотын Зураг төслийн товчоог толгойлох болж, улмаар 1975 оноос Улаанбаатар хотын Барилга архитектурын газрын орлогч дарга бөгөөд Ерөнхий инженерээр дэвшин ажиллажээ.
Ахиж дэвшсэн идэр нас
Л.Энэбиш 1977 оноос нийслэл хотын амьдралын хамгийн хариуцлагатай, эгзэгтэй халуун цэг болох орон сууц, нийтийн үйлчилгээний асуудлыг эрхлэх болов. Тэрбээр эхлээд хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Орон сууц, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга, 1983-1990 онд хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Орон сууц, нийтийн аж ахуй эрхэлсэн орлогч даргын хувьд хотын иргэдийн амьдрал ахуйн хамгийн нарийн ширийн зүйл, гомдол, зовлонг ойлгон мэдэрч, тэдэнд туслахын төлөө мэрийн зүтгэж байпаа.
Амьдралын талаар яадгаа алдсан, харж үзэхээс өөр нөхцөлгүй нэгд нь ээлж дугаар үл харгалзан орон сууц олгохоос аргагүй. Сүүхэйтэй нэг нь дээд газар, дарга нараар гүйж, элдэв цохолт хийлгэн, дарамт шахалт үзүүлнэ. Тэр бүхний арга эвийг олно гэдэг даанч амаргүй. Гэвч тэрбээр эл чухал алба ажлыг арав гаруй жил нэр төртэй залгуулсан юм.
Энэ албыг хашиж явсан үеэ Л.Энэбиш дурсахдаа “Орон сууц хуваарилах ажлыг хэдэн жил хариуцахдаа хүмүүсийг баярлуулж, бас гомдоож байсан байх. Ажил нь угаасаа ийм юм. Гэхдээ баярлуулсан нь хавьгүй олон. Ганц нэг тохиолдлыг хэлье л дээ. Хөдөлмөрчид хүлээн авах өдөр нэг жаахан бүсгүй хүүхэд тэвэрчихсэн, “Би байргүй их зовж байна. Ингэж явснаас үхсэн дээр” гээд уйлаад байсан. Харахаас нүд халтирам, өрөвдмөөр байлаа. “Чи тэгээд урьд шөнө хаана хоносон юм” гэж асуухад тэр охин “Хээр хоносон” гэж хариулсан. Тэр үед байр хуваарилах нарийн дүрэм журамтай. Гэхдээ оросуудтай ярьж байгаад нэг өрөө байранд оруулсан. Ядарч зовсон хүн чин сэтгэлээсээ яаж баярладгийг тэндээс олж харсан даа.
Бас нэг онцгой тохиолдол санаанаас ер гардаггүй юм. Нэг үсчин эмэгтэй зовлон жаргалаа ярилаа. Тэр эмэгтэйн нөхөр нь жолооч байж. Баруун аймгуудад бэлгийн бараа хүргэж яваад, муу санаатай улсын арга мэхэнд орж амь насаа алджээ. Үүнээс болж тэр эмэгтэй уймарч яваад, машинд дайруулж хоёр хөлгүй болсон байлаа. Гэр нь таван буудалд байдаг, олон хүүхэдтэй хүн байсан. Би тэр эмэгтэйд байр олгох нь зүйтэй гэж үзэж, Комиссын хурал, хотын Намын хорооны товчооны хуралд оруулсан. Тэгтэл Товчооны гишүүдийн зарим нь дургүйцсэн. Би ийм зовж зүдэрсэн хүнд байр өгөхгүй юм бол энэ ажлыг хийж чадахгүй, дахиж тэр зовсон эмэгтэйн нүүрийг харах эрхгүй гэсэн том үг хэлсэн. Тэгээд Алтангэрэл дарга комисс гаргаж шалга гэсэн. Комисс шалгаад санал нэгтэйгээр ийм ядарсан хүнд байр өгөхгүй бол болохгүй гэж үзэж байр өгч байлаа. Энэ мэт жишээ олон шүү гэж ярьжээ.
Л.Энэбиш нийслэлийн I, III, IV хорооллын ерөнхий төслийг удирдан хийлгэсэн байна. Түүнийг 1983-1990 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Орон сууц, нийтийн аж ахуй эрхэлсэн орлогч даргаар ажиллах үед жил бүр 4000 айлын орон сууц ашиглалтад орж байсан бөгөөд нийт 7 жилийн хугацаанд 28.000 айл өрх буюу ойролцоогоор 140.000 хүн орон сууцанд орсон буюу орон сууцны нөхцөлөө сайжруулж байжээ.
Л.Энэбиш оюутан ахуй цагтаа амьдралын ханьтайгаа учирч, үрийн хүслэн тэгширч, гэрийн гэгээ бадарсан, сайхан гэр бүл болсон билээ. Гэвч эхнэр нь хүндээр өвчилсөн. Тэрбээр БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөхийн товчоонд ажиллах далимдаа эхнэрээ эмчлүүлсэн боловч засал авсангүй, ханиасаа хагацаж, сэтгэл сэмрэн зүдсэн бүлгээ.
Л.Энэбиш амьдралд тохиолдсон зовлон зүдгүүрийг тэсэн давж, үр хүүхдээ халамжлан өсгөж, алба ажлаа хоёргүй сэтгэлээр хашин, төр, засгаас хүлээлгэсэн хариуцлага, итгэлийг дааж, ахин дэвшиж байсан юм.
Төр, түмний их үйлсийн төлөө
Л.Энэбиш ардчилал, зах зээлд шилжиж эхэлсэн эхний үед буюу 1990 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотын АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга, АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар томилогдсон юм. Улмаар 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хуулийг батлалцсан гавьяатай.
Л.Энэбишийн нийслэл хотыг удирдсан 1990-1992 он бол олон намын тогтолцоо, олон ургальч үзэл ид газар авч, ардчилал, зах зээлийн нөхцөлд шинэ арга барилаар ажиллаж эхэлсэн үе байлаа. Улс орны ачааны хүнд төвлөрсөн Улаанбаатарыг удирдаж байсан тэрбээр асуудалд сэтгэл санаа нягт, бодол хэрсүү хандан, тулгарч ирсэн зорилтуудын учиг учигхан утсыг зөв эрчинд нь нийтгэж чадсанаар хямралын хүнд үеийг сааруулах боломжийг буй болгоход ихээхэн тус дөхөм үзүүлсэн билээ.
1992 оны чөлөөт ардчилсан сонгуулиар Л.Энэбиш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, эрийн шандаст эрдэм ухаанаа, эрхт төрийнхөө хууль тогтооход зориулах боломж, нөхцөл бүрэлдсэн юм. Үүний хамт тэрбээр 1992 оны 10 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайдаар ажиллаж, улмаар 1993 оноос Монгол Улсын Шадар сайдын албанд зүтгэх болов. Бас улс орон зах зээлд шилжиж буй үеийн хамгийн эгзэгтэй асуудал болох Өмч хувьчлалын асуудлыг Засгийн газарт гардан хариуцсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Шадар сайдаар ажиллахдаа гүйцэтгэх засаглалын тогтолцоо, орон нутгийн засаг захиргааг шинэ Үндсэн хуулийн дагуу бүрдүүлэх, товчоор хэлэхэд Монгол Улсын төрийн албаны шинэ тогтолцоог төлөвшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн билээ.
Тэрбээр Монополийн эсрэг хууль, Аж ахуйн нэгжийн тухай хуульд оруулах өөрчлөлт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Төрийн хяналтын тухай, Төрийн өмчийн тухай, Үнэт цаасны тухай зэрэг хуулиудыг Улсын Их Хурлаар батлуулахад ажлын хэсгийг ахлах буюу ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж, төрийн шинэ тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд ухаан бодлоо чивчрүүлж, бас амьдралд хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн төрийн зүтгэлтэн хүн юм.
Улсын Их Хурлын дарга
Улсын Их Хурлын 2000 оны сонгуульд Л.Энэбишийн нэрийг төрөлх Булган нутгаас нь МАХН дэвшуүлжээ. Төрөлх нутаг нь түүнийг улсын хэмжээнд хамгийн олон саналаар УИХ-ын гишүүнээр сонгосон юм. Олон жил их хотыг удирдсан, аж ахуйн ажил сайн мэддэг учраас Энэбишийг Ерөнхий сайд болох байх гэж дээр дооргүй ярилцаж байв. Гэвч намын дарга Ерөнхий сайд байх ёстой хэмээн Намбарын Энхбаярыг Ерөнхий сайдаар томилж, Лхамсүрэнгийн Энэбишийг УИХ-ын даргаар сонгосон юм.
Монголын ард түмэн түүнээс их зүйл хүлээж байлаа. Л.Энэбиш төр засгийн түвшин дэх ээдрээтэй асуудал, намын доторхи олон эшт үзэл, бусад намуудтай зөвшилцөх асуудлаар төвч үзэл баримтлан, ухаалаг “эвлэрүүлэгч хошуучлагч”-ийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм.
Тэрбээр УИХ-ын дарга болсныхоо дараагаар Дундговь, Өмнөговь, Өвөрхангайн сумуудаар анхны хөдөөгийн томилолтоо эхэлж байв. Хөдөөгийнхөн түүнийг халуун дотноор хүлээн авч, УИХ хүнээ олж даргаа сонгосон, энэ хүнд их ирээдүй буй гэж үзэж байсан билээ. Гэвч тэрбээр ирмүүн их үйл ажиллагааныхаа ид оргил үед харамсалтайгаар хан хорвоогоос халин одсон билээ.
“Булган нутгаас төрийн төлөө амь биеэ огоорон зүтгэсэн гарамгай хүмүүс олон төрсөн. Тэдний шийрийг хатааж чадах төрийн зүтгэлтэн бол Лхамсүрэнгийн Энэбиш” гэж тэр цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийг Багабанди үнэлж байсан юм.
Л.Энэбиш бол монгол төрийн төлөө ухаан шүүж, насыг зарсан, төрийн удирдлагын бүх түвшинд хатамжлан бэлтгэгдсэн төр, нийгмийн тулхтай зүтгэлтэн байсан бүлгээ. Эрхийн зэвсгийг ухварлан нягталж чадах ухаалаг хүмүүний ноён нуруу, уян гар л зүй зохисоор эдэлдэг. Тийм нэгэн хүмүүн бол Булган нугтийн хүү Лхамсүрэнгийн Энэбиш байсан юм аа.
Академич Ж.Болдбаатар
Эх сурвалж: parliament.mn
Холбоотой мэдээ