Цагдаагийн байгууллагад Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнах нэгж өчигдөр /2020.09.23/ байгуулагдсан. Ингэснээр цахим орчинд тараагдаж буй үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгах таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалангаас тодрууллаа.
-Цагдаагийн байгууллагын бүтцэд Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнах нэгж байгуулагдлаа. Тус нэгжийг байгуулах болсон хэрэгцээ шаардлагын талаар тодруулъя?
-Өнөөдөр Цахим мэдээллийн эсрэг үндэсний хэмжээнд тэмцэх ажлыг өргөн хүрээнд хийх шаардлагатай байгаа юм. Худал, хуурмаг мэдээллийн эсрэг сөрж ажиллахад хэвлэл мэдээллийн байгууллагууд ч тэр, төрийн байгууллагуудын аль аль нь дутагдаж байгаа. Гарч байгаа бүх мэдээлэлд Цахим эргүүл анализ хийдэг байдлыг өргөжүүлэх үүднээс тус нэгж байгуулагдсан. Ерөнхийдөө цахим орчинд тараагдаж буй хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд ганц Цагдаагийн байгууллага биш бүх байгууллагын оролцоо чухал. Цахим орчноос улстөрчид өөрсдийнхөө рейтинг ямар байна гэж ажигладаг болохоос биш бусад мэдээлэл нь үндсэндээ авах юм байхгүй. Үүний цаана Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа.
-Тухайн мэдээлэл хуурамч гэдгийг яаж мэдэж тэмцэх юм бэ. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах орон зайг хянадаг болчих юм биш үү. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн гэх шалтаг, шалтгаанаар хүний эрхэд халдах вий гэсэн болгоомжлол байна?
-Иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй нь үнэн. Гэхдээ хэт хэтэрвэл цаанаа улсад хор хохиролтой зүйл их явж байгаа. Жишээлбэл, 800 хятад иргэний асуудлыг цагдаа нар хяналтдаа аваад хууль журмаар нь тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байхад “Шөнийн цагаар зөөж байна” гэж цахим орчинд зориуд худал мэдээлэл тараах жишээтэй. Энэ нь нийгмээ цаашлаад иргэдийн сэтгэл зүйг хорлож байгаа юм. Энэ талаас нь хэвлэлийнхэн асуудалд хандаасай гэж хүсч байна. Үзэл бодлоо илэрхийлэх гэж байгаа бол эхлээд уншиж, судлаж бодитой болгосныхоо дараа цахим орчиндоо бичих хэрэгтэй. Түүнээс биш хэн ч бодсон, санаснаа бичээд байвал нийт массдаа сөргөөр нөлөөлж цаашлаад монголчууд ямар үнэлэмжтэй, сэтгэхүйтэй вэ гэдэг нь гадна талдаа ч харагдаж байгаа.
-Цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үзэл бодлыг хаах, редакцийн бодлогод хүртэл халдах нөхцөл байдал үүсэх юм биш үү?
-Монгол хүн бүр аюулгүй байдлаа анхаарах цаг нь болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч гэсэн үүнд анхаарах ёстой. Дуртай дуртайгаа ярьж, бичдэг цаг үе ч биш.
-Үндэсний аюулгүй байдалд халдахуйц гэдгийг ямар үйлдэл, мэдээллээр авч үзэх юм бэ?
-Эдийн засгийн аюулгүй байдал, хүн амын удмын сангийн аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын аюулгүй байдалд нөлөөлж байгаа энэ бүхэн үндэсний аюулгүй байдлын эсрэг чимээгүй дайн, хорлон гүйцэтгэх ажиллагаа. Тийм учраас энэ асуудалд цаашид анхаарах шаардлагатай. Хууль гэдэг бүхнийг хориглохын шинж биш. Засч залруулах, болохгүй байгааг нь таслан зогсоох нь хуулийн үүрэг. Тэгж байж хүний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал, улсын, үндэсний аюулгүй аль аль нь хангагдана. Өөрөөр хэлбэл судлаагүй, хагас дутуу ойлгосон зүйлээ цахим орчинд тараадаг байдлыг таслан зогсоож байж нийгэм сахилга баттай, Монгол хүн хариуцлагатай болж төлөвшинө. Аливаа мэдээллийг цахим орчинд түгээхдээ үндэсний аюулгүй байдалд халдах эсэхийг тооцож байж мэдээллээ түгээдэг тэр байдал руу орох.
-Сошиал орчин дахь ДММН нэгдэл, Босоо хөх, Даяар монгол гэсэн хуудсуудад бусдыг өдөөн турхирсан мэдээллүүд тавигддаг гэж иргэд шүүмжилдэг. Энэ төрлийн хуурамч мэдээлэлд хуулийн ямар хариуцлага оногдуулах вэ?
-2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орж 2020 оны хоёрдугаар сарын 24-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эрүүгийн хуульд хуучин зөрчлийн хуульд байсан 6.21-дэх заалтад өөрчлөлт орсноор Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд худал мэдээлэл тараах гэсэн зүйл буюу эрүүгийн гэмт хэрэг болгож хуульчилсан. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Холбоотой мэдээ