Н.Багабандийг тэтгэвэрт нь суулгаж, титэм үгийг нь тэрлүүлье!

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Н.Багабандийг тэтгэвэрт нь суулгаж, титэм үгийг нь тэрлүүлье!

Н.Багабандийг тэтгэвэрт нь суулгаж, титэм үгийг нь тэрлүүлье!

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр томилогдон ажилласан таван хүнээс сайн муугаараа дуудуулдаггүй чимээгүйхэн явдаг ганц хүн бол Н.Багабанди.  Хэвлэл, мэдээллийнхэнд хаалттай, нууцлаг төрхтэй түүнд олон нууц байгаа гэж улс төрийн хүрээнийхэн хардарх нь бий. Нэг хэсэг титэм үг тэрлэж, мэргэн үг айлдаж суусан тэрбээр сүүлийн дөрвөн жил Монголын Засгийн газрыг төлөөлж Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа.

Үүнээс  өмнө 2010-2013 оны үед "Оюутолгой"-н ТУЗ-д Монголын Засгийн газрыг төлөөлж ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, 2009 оны аравдугаар сард Оюутолгойн гэрээ батлагдсан гэвэл үүнээс нэг жилийн дараа Н.Багабанди  тус компанид Монголын Засгийн газрыг төлөөлөх болсон аж.  Өдгөө Оюутолгойтой холбоотой бүхэн толгой дараалан шоронд орж байхад ганцхан Н.Багабанди л чимээгүй үлдэж хоцорсон.

“Оюутолгой”-н татвар, хураамж, төсөл, хөрөнгө оруулалт гээд олон асуудал хөндөгддөг, нийгэмд эргэлзээ хардлага дагуулдаг ч Н.Багабанди л чимээгүй суудаг. Тэгвэл У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр түүнийг тэтгэвэрт нь гаргахаар шийдсэн үү, Оюутолгойн ТУЗ-ийн хоёр гишүүнийг сонгон шалгаруулахаар зар тавьжээ. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.

Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Ц.Сүхбаатар нар Монголын талыг төлөөлж байгаа. Тэдний хоёр нь сонгон шалгаруулалтын дагуу ажлаа өгөх нь тодорхой болсон. Харин хэн бэ гэдэг нь эдийн засаг, улс төрийн хүрээний анхаарлын төвд байгаа юм.

Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнд нэр дэвших этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг ЗГХЭГ-аас зарлахдаа, ТУЗ-дөө геологи, уул уурхайн чиглэлийн болон санхүүгийн чиглэлээр гишүүнийг сонгон шалгаруулах аж.

Нэр дэвшигчдэд

  • Мэргэжлийн ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнөөс ангид, харьцуулсан дүн шинжилгээ хийж, бие даасан шийдвэр гаргах чадвартай;
  • Гэмт хэрэг үйлдэж,шүүхээр ял шийтгүүлээгүй;
  • “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын баг, нэгдмэл сонирхолтой этгээдтэй төрөл садангийн холбоогүй;
  • “Оюутолгой” ХХК-тай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талууд (хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй, бизнесийн аливаа холбоогүй;
  • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай.
  • Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;
  • Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай;
  • Уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай;
  • Зэс, алтны орд дээр ажилласан туршлагатай, уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт, зардлын хяналтыг хэрэгжүүлэх туршлагатай.
  • Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, болон санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;
  • Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдах албан тушаалд ажиллаж байсан;
  • Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй.
  • АССА (Association of Chartered Certified Accountants), CFA (Chartered Financial Analyst Program), CPA (Certified Public Accountant) гэх мэт олон улсын мэргэжлийн эрх авсан байх гэсэн шаардлагыг тавьж байгаа аж.

Н.Багабанди нь АН-ыг засаг барьж байх үед буюу 2013-2016 он хүртэл гурван жил гэртээ суусныг эс тооцвол гэрээ байгуулагдсан цагаас л Монголын Засгийн газрыг төлөөлж “Оюутолгой”-н ТУЗ-д ажиллаж байгаа. Үндсэндээ “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр хоёр удаа улиран сонгогдсон тэрбээр яагаад Монголын эрх ашгийн талаар дуугардаггүй, яагаад Оюутолгойн гэрээ байгуулсан хүмүүсийг  ээлж дараалан шоронд хийж байхад чимээгүй суудгийг олон хүн гайхдаг, харддаг.  Филсофийн ухааны доктор, энэ жил 70 настай Н.Багабандийг “Оюутолгой”-н ТУЗ-өөс Л.Оюун-Эрдэнэ “огцруулж” дийлэх болов уу!

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж