Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Өмнөговь аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Өмнөговь аймагт ажиллав

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Өмнөговь аймагт ажиллав

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд орон нутагт ажиллаж, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцан ажиллаж байна.

Монголчууд анх удаа бие даан төмөр замын бүтээн байгуулалтын том төслийг хэрэгжүүлж байна 

Байнгын хорооны гишүүд өнөөдөр (2020.09.23) Өмнөговь аймагт ажиллаж, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Энэ чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх бөгөөд хоёр өртөө, 6 зөрлөгтэй баригдана.

Уг төмөр зам нь 1 дүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй гэдгээрээ онцлогтой юм. Уулзваргүй замын гагнуур нь Монголд өмнө нь хийгдэж байгаагүй. Нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, 8 малын гарцтайгаар баригдаж байгааг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлж байлаа.

Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгч "Бодь интернэшнл" ХХК ажиллаж байна. Одоогоор тус чиглэлийн төмөр замын төсөлд 321 инженер техникийн ажилтан, 1037 ажилтан, 500 гаруй машин техниктэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Төслийн хүрээнд 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, эвдрэл гэмтлийн ажил 100 хувь зассан аж. Дугуй хоолойн ажил, дөрвөлжин хоолойн ажил болон мал амьтны гарцын ажил бүрэн дууссан байна. Харин гүүрийн ажил 45 хувь, нийтдээ доод бүтцийн ажил 97.8 хувьтай бол дээд бүтцийн ажил 40 хувь буюу 85 км төмөр замын үеийг угсраад байгаа юм. Барилгын ажлыг 2022 оны 07 дугаар сарын 01 гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг мөн хэлсэн юм.

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд “Монголчууд анх удаа бие даан төмөр замаа барьж байна. Коронавируст халдварын цар тахлын халдвар манай улсад төдийгүй дэлхий дахинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа ч бидэнд өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглах таатай нөхцөл бий болгож байна. Монгол инженерүүдийн ур ухаан, чадвар ямар ч төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхэд асуудалгүй болсныг харуулж байна. Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам төгөлдөржүүлэх, менежментийн зөв, оновчтой бодлогыг гаргахад Улсын Их Хурал, Засгийн газар болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана” хэмээн онцоллоо.

Уг төмөр зам баригдаж, ашиглалтад орсноор жилд 30 сая тонн хүртэлх нүүрс экспортлох боломжтой болж, тээвэрлэлтийг даган Тавантолгой бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолт 2-3 дахин нэмэгдэх нөхцөл бүрдэх юм. 2000 ажлын байр шинээр бий болж, одоогийн экспортын нүүрс тээврийн тонн тутам дахь 32 ам.долларын зардал 4 дахин буурна. Нүүрс тээврийн зам дахь автотээврийн осол, зөрчил буурч, иргэдийн амь нас, аюулгүй байдал хангагдана. Малын бэлчээр сүйтгэх байдал, тоосжилт, дуу чимээ, хөрс агаарын бохирдол үндсэндээ арилах юм. Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлж, эхний 25 жилд 1 тэрбум ам.долларыг төвлөрүүлж, улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэх юм.

Нүүрсийг дотооддоо баяжуулж боловсруулан экспортод гаргаж байна

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худаг коксжих нүүрсний ордын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлснээс хойш 2-3 жилийн хугацаанд Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд техникийн болон нийгмийн дэд бүтэцтэй аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжжээ.

Уг цогцолборын үйл ажиллагааг “Энержи Ресурс” ХХК хариуцдаг бөгөөд Ухаа худаг төслийг цогц утгаар хөгжүүлэхэд нийт 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. 2009 оноос хойш улсын төсөвт 1.4 гаруй их наяд гаруй төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, дотоодын 5,000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар “Энержи Ресурс” ХХК Ухаа худаг уурхайн нүүрсийг дотооддоо угааж баяжуулан экспортолж буй. Дотооддоо баяжуулж, боловсруулснаар монгол нүүрсний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн үр ашигтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экпортлох боломж бүрддэг гол давуу талтай юм.

Энэ оны эхний хагасын байдлаар тус компани 2000 гаруй үндсэн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 40 орчим хувийг орон нутгийн иргэд бүрдүүлж байна. Мөн Ухаа худаг цогцолборын хүрээнд 4000 орчим хүн шууд ажлын байраар хангажээ.

Ухаа худаг цогцолборын хүрээнд Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулсан бөгөөд гурван төрлийн аргаар нүүрсийг баяжуулж, бүтээгдэхүүн болгон экспортлодог. Тус бүр жилд 5 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай. Тус үйлдвэр нь бүрэн хүчин чадалдаа хүрснээр нийт 150 гаруй ажлын байрыг бий болгожээ. Усыг 98 хувь хүртэл дахин ашиглах орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, 2013 онд тус үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг шинээр барьж, ашиглалтад оруулснаар үйлдвэрээс гарах хаягдал лагийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нарийн технологиор дахин шавхаж боловсруулдаг болсон бөгөөд ингэснээр үйлдвэрлэлд дахин ашиглах усны хэмжээг өмнөхөөс 60-70 хувь нэмэгдүүлсэн гэдгийг “Энержи Ресурс” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж танилцуулав.

Ухаа худагийн коксжих нүүрсний орд нь 2,962 га талбайтай, 680 сая тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс 292 сая тонн нүүрсний нөөцийг 30 жил ил аргаар олборлосны дараа далд аргаар олборлох төлөвлөгөөтэй юм байна.

Оюу толгой ордын үйл ажиллагаатай танилцлаа

Орон нутагт ажиллах үеэрээ Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн Б.Чойжилсүрэн, Т.Аубакир, Т.Энхтүвшин, О.Цогтгэрэл, Ц.Анандбазар, Ж.Мөнхбат нар “Оюу толгой” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Оюу толгой орд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт оршдог. Зэсийн агуулгаараа дэлхийд тэргүүлдэг ордын нэг юм. Энэ оны байдлаар Оюу толгой уурхайн цогцолборын нийт ажиллах хүчний 94 хувийг монгол ажилчид, үүний 23 хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлдэг байна. Харин гүний уурхайн төсөлд нийт ажилтнуудын 49 хувь нь ажилладаг байна.

Уурхайн ашиглалтын тухайд ил уурхайгаас хүдэр олборлож, хоногт 120.000 тонн хүдэр баяжуулах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр, дагалдах байгууламж, дэд бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Баяжмал нь 25-30 хувийн зэсийн, мөн бага хэмжээний алт, бусад металлын агуулгатай аж. 2020 оны II улиралд Оюутолгой орд нийт 36.495 тонн зэс, 31.150 унц алт олборложээ.

Энэ орд зэс, алт, мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хүдрийн биетүүд нь хойноосоо урагш нийтдээ 12 км сунан тогтсон байдаг байна. Тус ордын нийт нөөцийн 80 хувь нь гүний уурхайд агуулагддаг байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын явц 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Оюу толгойн гүний уурхайд 14 километр урт хөндлөн хонгил одоогоор баригдсан. Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барьснаар Оюу толгойн ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж