Улсын төсвийн 2020 оны орлогыг хэт өөдрөг төсөөлж, төсвийг 2.1 их наяд төгрөгийн алдагтай баталсан нь цар тахлаас шалтгаалан эдийн засаг тодорхой бус байдалд байгаа энэ үед улсын төсвийг хүнд байдалд оруулж буй юм.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны нийт орлогыг 2019 оны батлагдсан дүнгээс 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмэгдүүлэн, 12.9 их наяд төгрөгт хүргэхээр төсөөлсөн. Гэвч энэ оны эхний найман сарын байдлаар улсын төсөвт 6.1 их наяд төгрөг төвлөрөөд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1.6 (20.9 хувь) их наяд төгрөгөөр бага үзүүлэлт юм. Төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2020 оны эхний найман сард 5.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (17.1 хувь) их наяд төгрөгөөр буурчээ.
Харин төсвийн 2020 оны нийт зарлагыг 2019 оны батлагдсан дүнгээс 2.3 их наяд төгрөгөөр өсгөн, 13.9 их наяд төгрөг байхаар баталсан. Статистик мэдээллээс харахад, энэ оны эхний найман сарын байдлаар нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.0 (32.1 хувь) их наяд төгрөгөөр өсчээ.
Улсын төсвийн нийт алдагдлыг 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцоолсон бол энэ оны эхний хагас жилийн байдлаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.2 их наяд төгрөг болж, ДНБ-ий 13.1 хувьтай тэнцэж байна. Энэ оны эхний найман сарын байдлаар төсвийн тэнцлийн алдагдал 2.6 их наяд төгрөгт хүрчээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ