“Байгаагаа барьцаалан зээл авч, бизнесээ бойжуулдаг манайх шиг улс ховор” | News.MN

“Байгаагаа барьцаалан зээл авч, бизнесээ бойжуулдаг манайх шиг улс ховор”

“Байгаагаа барьцаалан зээл авч, бизнесээ бойжуулдаг манайх шиг улс ховор”

“Байгаагаа барьцаалан зээл авч, бизнесээ бойжуулдаг манайх шиг улс ховор”

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.


ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРУУДАА БҮТЦЭЭР НЬ ХУВААН, МЭРГЭЖЛИЙН ТАНХИМ БАЙГУУЛАХААР ЗОРЬЖ БАЙНА

-МҮХАҮТ-ын 60 жилийн ой тохиож байна. Танхимын удирдлагууд амжилт, ололтоо тунгаан, цаашдын зорилтоо тодорхойлж байгаа байх. Танхимын өмнө ойрын үед тавигдаж байгаа зорилго юу вэ?

-Бидний амьдарч буй чөлөөт эдийн засгийн нийгэм төрийн зохицуулалт хамгийн бага оролцоотой, хувийн хэвшлийн идэвхтэй үйл ажиллагаан дээр тулгуурлан хөгжих ёстой. Тиймээс бизнесийн байгууллагын хамгийн том төлөөллийн хувьд Танхим улс орны эдийн засгийн өсөлтийг анхаарч, үүнд өндөр хувь нэмэр оруулж байх ёстой. Нөгөө талаар бизнес дэх төрийн зааг хязгаарыг зөв болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү сайжруулах нь бидний ойрын зорилт юм. Улс орны эдийн засгийг тэлэхийн тулд гадаад худалдааг дэмжих, гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих хамгаалах учиртай. Энэ чиг үүрэг Танхим дээр ногдож байна гэж боддог. Энэ бүгдийг хийж гүйцэтгэхийн тулд зорьж, чиглэж байгаа хэд хэдэн ажил бидэнд байна.

-Нэн тэргүүнд зайлшгүй хийх ямар ажил байна вэ?

-Юуны өмнө бид хууль эрх зүйн орчноо шинэчлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бэлэн болсон байгаа. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд МҮХАҮТ дэргэдээ Мэргэжлийн танхимуудтай болох заалт туссан. Мэргэжлийн танхимаар дамжуулан үйл ажиллагааныхаа засаглалын бүтцийг эрүүл болгох зайлшгүй шаардлага бий. Мэргэжлийн танхимтай болсноор Танхим бусад орны жишгийн дагуу хамгийн том, хамгийн гол шүхэр байгууллага болж хувирах юм.  Мөн ойрын хугацаанд бид уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалтыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулах ажлыг хийхээр зорьж байна. Гаднын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах гэхээр маш олон ойлгомжгүй зүйлтэй тулгарч байдаг. Тусгай зөвшөөрөл авах, бичиг баримт бүрдүүлэх гэх мэт цаг хугацаа, хүч зардаг энэ ажлуудыг Танхим тэдний өмнөөс хийж гүйцэтгэн, төрд гүүр болж ажиллах энэ үүргийг өөр дээрээ авч ажиллая гэж зорьж байна.

-Танхимын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл бэлэн болсон гэлээ. Энэ төсөлд онцлох ямар ямар өөрчлөлтүүд тусгагдсан бэ?

-Өнөөдөр бизнесийн эрх ашгийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа 8000 орчим төрийн бус байгууллага байна. Загварыг нь харахад хоорондоо өрсөлддөг, чадалтай чадалгүй, зорилготой зорилгогүй маш олон давхцал бий болсон байна. Манай аль ч салбарын хувьд нэгдмэл зорилго гэдэг юм хаягдчихсан. Монголын эдийн засгийг бүтцээр нь харахад үндсэн тав, бусад 30 гаруй салбарт хуваагддаг. Танхим эдийн засгийн салбаруудаа бүтцээр нь хуваан, Мэргэжлийн танхим байгуулахаар зорьж байна. Энэ бол хуулийн төсөлд туссан чухал асуудлын нэг. Мэргэжлийн танхимтай болсноор асуудлаа нэг дор хэлэлцээд, ямар ч салбарын асуудал, бэрхшээл орхигдолгүй шийдэгдэж, нэгдмэл байх боломж бүрдэнэ гэж бодож байна.

-МҮХАҮТ-ын дэргэд одоо байгаа зөвлөлүүд салбарт хуваагдана гэсэн үг үү?

-Тийм. Манай улсад идэвхитэй 50 мянган бизнес эрхлэгч байна. Тэднийгээ нэгтгээд, Мэргэжлийн танхимуудад хуваан, танхимуудын үйл ажиллагааг нэгтгэчихвэл бидний яриад байдаг төрд дуу хоолойгоо хүргэх, хамтран ажиллах гүүр байна гэдэг зорилго маш тодорхой болох юм. Өнөөдөр жишээ нь хүнсний салбарт 200 гаруй ТББ ажиллаж байна. Гэтэл хоорондоо ойлголцож, нэгдмэл байж чаддаггүй. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт мөн төдий тооны ТББ байна. Ийм саланги тогтолцоо нь төрийн бодлого, шийдвэр оновчтой гарах боломж, арга замыг хаачихаад байгаа юм. Ямар ч салбарын асуудал, бэрхшээл нэг л байдаг шүү дээ. Түүнийгээ бүгд яриад, хамгийн шаардлагатай асуудал дээрээ төвлөрч, төр, засгаар дэмжүүлээд явбал бизнесийн орчин илүү зөв цэгцтэй байх болно.

-Танхимын үйл ажиллагааг 30 жилийн өмнөхтэй харьцуулахад маш их дэвшил гарсан. Үйл ажиллагаа нь тогтвортой, гадаад харилцаа болон компаниудын хөгжил ч харьцангуй жигдэрсэн. Экспортыг нэмэгдүүлэх алхам Танхимын тулгамдсан асуудлын нэг болж байна гэж үзэж болох уу?

-Улс орны эдийн засаг экспорттой шууд холбоотой. Тиймээс Танхим компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг гаднын зах зээлд таниулан сурталчлах ажлыг онцгой анхаарах зорилготой ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улс хөдөө аж ахуй, уул уурхайн салбар дагнасан эдийн засагтай улс орон болчихоод байна. Бусад улс орны жишгээс харахад экспортыг нэмэгдүүлэх бие даасан тусгай агентлаг төрд ажиллаж байдаг. Энэ агентлаг нь дотоодынхоо бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн бусад оронд борлуулах вэ, хэрхэн хөрөнгө оруулалтыг татах вэ, ямар төлөвлөлт хийх вэ гэсэн эрэл хайгуулыг байнга хийж байдаг. Манайд бол энэ функц бүрэн хаягдчихаад байгаа. Энэ ажлыг хариуцсан институци манайд байхгүй, төр өөрөө экспортын бүтээгдэхүүний сурталчилгааг хийж чадахгүй 30 жил болж байгаа учраас хүссэн ч, хүсээгүй ч чиг үүргийнхээ дагуу энэ ажлыг хувийн хэвшлийн байгууллагуудаа дэмжээд Танхим хийх нь хамгийн оновчтой хувилбар болчихоод байна.

Дэлхий даяар Монголын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулж, ингэснээрээ хөрөнгө оруулалтыг татаж, гаднын улс орнуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн, өндөр технологи шингэсэн Монголын бүтээгдэхүүнийг экспортлох гэдэг бол маш урт хугацааны том стратеги, том арга хэмжээ болж хувирах юм. Улс орныг сурталчлах, улс орны брэндингийг хийдэг арга техникүүд байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, үүнийгээ дагаад гаднын хөрөнгө оруулалтыг татах, бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлох гээд энэ бүгд хоорондоо уялдаа холбоотой. Ийм уялдаа холбоотой гарцуудаа тодорхойлоод Танхим цаашдаа энэ ажлыг хийнэ гэж зорьж байна. Төр энэ ажил дээр Танхимыг бодлогоор дэмжих нь өөрөө хувийн хэвшлийг дэмжиж байгаа нэг том алхам болох юм. Аливаа бүтээгдэхүүнийг экспортлоно гэдэг цаг хугацаа, хөдөлмөр шаардсан ажил. Судалгаа шинжилгээний зардал асар өндөртэй. Үнэхээр экспортын бүтээгдэхүүн гаргана гэж байгаа бол төр өөрөө үүнийг бодитойгоор далайцтай дэмжих зайлшгүй шаардлагатай. Импортлож байгаа бүтээгдэхүүн борлуулна гэдэг нэг хэрэг. Тэр бол валют гадагшаа урсаж байна. Экспорт валютынхаа урсгалыг дэмждэг учраас аль болохоор дэмжих нь төрийн бас нэг чухал үүрэг байх. Танхим бол Төр, засагтайгаа төгс хамтран ажиллаж, ойлголцоод, төр, хувийн хэвшлийн харилцааг хөгжүүлээд, хамтран ажилладаг гишүүн байгууллагатайгаа эв санаа нэгтэй ажиллахыг зорьж байна.

ГАДАГШАА ЭКСПОРТЛОДОГ БҮХ БҮТЭЭГДЭХҮҮНД НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ, САЙН НӨХЦӨЛТЭЙ ЗЭЭЛ ОЛГОДОГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

-Өнөөдөр хувийн хэвшлийнхний өмнө тулгамдаж байгаа, үүнийг л яаралтай шийдэх юмсан гэсэн ямар хүндрэл бэрхшээл байна вэ?

-Эдийн засгийг тэлэх, мөнгөний бодлогод салхи оруулах хүлээлт бизнесийнхэнд хамгийн тулгамдсан асуудал болж байна. Өнөөдөр зах зээл дээр бэлэн мөнгөний хомсдол асар их байна. Банкны реформыг яаралтай хийх, гаднын банк санхүүгийн байгууллагыг оруулж ирэх, хувийн хэвшлүүдэд шаардагдаж байгаа хямд эх үүсвэртэй, урт хугацаатай зээлийг тэлж байж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирна. Бусад улс орнуудын нэгэн адил өөрсдөө дотооддоо үйлдвэрлээд, гадагшаа экспортлодог бүх бүтээгдэхүүнд нэн хөнгөлөлттэй, сайн нөхцөлтэй зээл олгодог болох хэрэгтэй байна. Байгаа хөрөнгөө барьцаалаад, зээл авч бизнесээ бойжуулдаг системтэй манайх шиг улс орон ховор байх. Аль болохоор төслийн зээл дээрээс нь улс өөрөө тодорхой салбаруудад зээлийн батлан даалтаар дамжуулж дэмжлэг үзүүлдэг маш олон гарц бий. Энэ бүгдийг нээхгүй бол өнөөдрийн банкны систем өнөөдөр компаниудын үйл ажиллагааг тэлэхэд маш хүнд байна.

-“Ковид-19” дэлхийн эдийн засгийн тогтсон хэв маягийг өөрчилж, дэлхийн геополитикийн нөлөө олон улсын бизнесийг гэнэтийн хөдөлгөөнд оруулаад эхэллээ. Энэ хөдөлгөөнөөс Монголын бизнесийн орчин сэргэлт авах боломжтой юу?

-Яг энэ цаг үед Хятадаас барууны, Америк, Япон, Европын тэргүүлэх компаниуд гадагшлах үйл явц маш их өрнөж байна. Мөн хятадууд үйлдвэрлэлийн технологийн шаардлагуудаа асар өндрөөр нэмэгдүүлж байна. Үүнийг дагаад зарим салбарын үйлдвэрлэл Хятадаас гадагшлах үйл явц харагдаж байгаа. Тиймээс энэ урсгал хөдөлгөөнийг Монголд татах өргөн хүрээтэй ажлыг Танхим зохион байгуулаад явж байна. Хятадаас гарч байгаа компаниуд дунджаар 5-10 мянган ажилтантай. Ийм компанийг Монголд оруулж ирэх нь бидэнд маш чухал байна. Бид аль боломжтой, хөдөө аж ахуй, уул уурхайд суурилсан технологийн компаниудыг урьж, Монголдоо оруулж ирэх, дэмжих, тэднээс суралцах зайлшгүй шаардлагатай. Харин одоо бид иргэддээ гаднын хөрөнгө оруулалт яагаад чухал байдаг юм бэ гэдэг ойлголтыг л зөв өгөх ёстой.

Манайхан гаднын хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн татвар яриад байдаг. Татвар гэдэг бол гол найдлага, гол тэжээл биш юм. Бид хамгийн таатай нөхцөл өгч, тухайн хөрөнгө оруулалтыг татаад, үүгээр дамжуулан ажлын байраа тэлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох нь чухал.

Хамгийн чухал асуудал бол аливаа технологийг нутагшуулах нь өөрөө юугаар ч сольшгүй үнэтэй баялаг гэдгийг л бид ойлгох ёстой. Гаднын хөрөнгө оруулалт орж ирж байна аа гэдэг бол технологи нутагшиж, ноу-хау орж ирж байна, мэдлэг тэлж байна гэсэн үг. Түүнийгээ дагаад борлуулалтын сүлжээ нь ороод ирнэ. Харин тэр гараад байдаг “Өнөөдөр тэр татвар төлсөн, энэ төлөхгүй байна” гэдэг маргаан бол наад захын л асуудал.

-Уул уурхайд суурилсан эдийн засагтай улсын Худалдааны танхимын тэргүүнд энэ салбарыг илүү оновчтой хувилбараар хөгжүүлэх төлөвлөгөө байна уу?

-Өнөөдөр бид түүхий эд л экспортлож байна. Түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгохын тулд бидэнд мэдлэг, инноваци, технологи хэрэгтэй. Түүхий эдээ баяжмалаар нь гаргах биш, эцсийн бүтээгдэхүүн хийж, нэмүү өртөг шингээгээд, дэлхийн зах зээлд гаргах бүрэн боломж бидэнд бий. Үүн дээр хийгдсэн тооцоо судалгаа Танхимд байгаа. Тодорхой уурхайн бүтээгдэхүүнийг судлаад, ТЭЗҮ боловсруулан, лабораторийн туршилт хийчихсэн, эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргахад улсын төсөвт жилдээ 140 орчим тэрбум төгрөгийн татвар төлөгдөж, Монгол Улсад дулаан цахилгаан, ажилчдын цалин гэх мэт их хэмжээний нэмэлт орлого үлдэх тооцоо гарсан. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн баяжмалаар Монголдоо эцсийн бүтээгдэхүүн хийвэл 1.7 орчим тэрбум ам.доллар орж ирэх бололцоо ч бий. Үүнийг хийхийн тулд бид нэлээн санаачилгатай ажиллах шаардлагатай. Мөн манай гол бүтээгдэхүүн мах, ноолуур, арьс ширээс гадна аялал жуулчлалаа ч бид зөв зохион байгуулах юм бол дотооддоо шингэх орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой.

-Танхимын гаргасан санал санаачилгыг үе үеийн Засгийн газар авч хэрэгжүүлж, ажил хэрэг болгох тал дээр хэрхэн ханддаг вэ?

-Танхим аль болох судалгаан дээр үндэслэж зайлшгүй хийх, анхаарах ёстой асуудлыг төр, засагт дэвшүүлдэг. Бид хэрхэн яаж хамтран ажиллавал зүгээр вэ, яавал эдийн засгийг тэлэх вэ гэсэн асуудлыг хөнддөг. Жишээ нь, Танхим оны эхэнд Засгийн газарт Эдийн засгийг эрчимжүүлэх нэгж байгуулах саналаа хүргүүлсэн. Монголын эдийн засгийг энэ янзаараа ирэх таван жилд айхтар хөгжихгүй юм байна. Хэрвээ эрчимтэй хөгжинө гэвэл ийм ийм хөтөлбөрийг хэрэгжүүлье гэдэг санал юм. Өмнөх Засгийн газар харамсалтай нь бүрэн дүүрэн ойлгоогүй. Шинэ Засгийн газарт энэ асуудлыг дахиад тавина. Засгийн газар хамгийн зөв зохицуулалт хийх ёстой байгууллага болохоос биш, бүгдийг шийддэг институц биш. Танхимын саналыг сонсох ч үе байна, сонсохгүй ч үе гарна. Цаашдаа төр, хувийн хэвшлийн зааг ялгаагаа маш тодорхой болгох, хоорондоо харьцах, ажлын арга барилаа зөв тодорхойлох шаардлагатай. Ингэхийн тулд хувийн хэвшил ч өөрөө бүрэн дүүрэн нэгдмэл ойлголттой болох шаардлагатай байна. Бидэнд бас маш их алдаа байна. Хувийн хэвшил өөрсдийн асуудлаа шийдчихээрээ бусдын асуудлыг орхигдуулдаг хувиа хичээсэн зан бас бий. Үүнийгээ зогсоож, аливаа асуудлыг томоор харж, нийлж нэгдээд, асуудлаа шийддэг болох хэлбэр рүү бид одоо л шилжиж, тийшээгээ харах цаг болсон.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-24 202.126.88.234

Genkogiin buuni nohoi !!! Nvvren deeree shvvmjleed baigaa bolovch, namiin dargad Genkogiin daalgavaraar ursulduj baigaa togloomiin hvvheldeinvvd dee. Bas ih eh oronch tsarailnaa!

Avatar

Ккк 2020-09-24 66.181.180.37

Үлгэрээ л ярьж сууна уу

Avatar

Medeeleltei Irged Holboo 2020-09-24 185.220.101.194

Хүүк сайдын "Хадгаламж" банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1 тэрбум 400 сая төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил. Энэ хүн төрд 30 жил ажиллахдаа сар бүр 5,5 сая.төгрөгийн орлоготой байж л 2 тэрбумын хадгаламжтай болно ард түмэн….

Avatar

Зочин 2020-09-24 66.181.161.40

ene odoo yu ve dandaa tom yarisan gar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж