Оюутнууд хямарсан эдийн засагт "цус сэлбэж" байна

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Оюутнууд хямарсан эдийн засагт "цус сэлбэж" байна

Оюутнууд хямарсан эдийн засагт "цус сэлбэж" байна

Монгол Улс хилээ нээгээгүй ч дотоодод хорио цээрийн дэглэмийг цуцлаад буй. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр есдүгээр сараас хичээлийн шинэ жилийг эхлүүлснээр найман сар хөл хорионд байсан оюутан, сурагчид бужигнаж эхлээд байна.  Энэ жил 150 мянга гаруй оюутан төрийн өмчийн 142, төрийн бус өмчийн 124 их дээд сургуульд суралцаж байна гэх тооцоо бий.  Өнгөрөгчи Даваа гаригаас их, дээд сургуулиу Засгийн газрын шийдвэрийн дагуу танхимаар хичээллэхээр болж, оюутнууд хичээлдээ явж эхэлснээр нийслэлийн түгжрэл, нийтийн тээврийн үйлчилгээ ачааллаа дийлэхгүйд хүрсэн.  Мргэд битүүхэндээ оюутнуудаа “адлах” хандлага ч ажиглагдах болов.

Гэвч, нөгөө талдаа орон нутгийн оюутнууд  нийслэлд ирснээр цар тахлын нөлөөгөөр агшиж байсан эдийн засагт шинэ цус сэлбэж байгааг энд онцлох нь зүйтэй болов уу. Удаан хугацаанд үүдээ барьж, хямралд өртсөн үйлчилгээний байгууллагууд оюутнуудын хөлд дарагдаж, энэ хэрээр худалдан авалт ч бас сэргэж орлого нэмэгдэж, ажлын байр ч нэмэгдэж эхэлжээ.


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД “АМЬ ОРЖ”, ОЮУТНУУДЫН ХӨЛД ДАРАГДЖЭЭ

МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны орчимд оюутнуудад түшиглэсэн цөөнгүй үйлчилгээний байгууллага бий. Нэн ялангуяа хоол үйлдвэрлэгч салбарууд болох “Шөлөндөө”,  “Жигнүүр бууз”, “Tse”, “СU”, “Сircle K” зэрэг түргэн хоолны сүлжээ төв "хөршлөн" үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн найман сар гаруйн хугацаанд хүнгүй шахам эл хуль байсан эдгээр хоолны газрууд өнөөдөр өнгө засч, оюутнуудын хөлд дарагджээ.

Үйлчилгээнийхэнд хорио цээрийн дэглэм хүнд цохилт болсон бол оюутнуудын хичээл эхэлснээр үйл ажиллагаа нь сэргэж, орлого 50-70 хувь нэмэгджээ.

Тухайлбал, “Шөлөндөө”, “СU”, “СircleK” зэрэг түргэн хоолны сүлжээ төвүүдийн ачаалал эрс нэмэгдэж, оюутнууд дугаарлан зогсох нь , сул ширээ хүлээсэн дүр зураг нийтлэг харагдах аж. Оюутнуудын хамгийн их үйлчлүүлдэг “СU”, “СircleK” олон улсын франчайз сүлжээ дэлгүүр өглөөний 07:00 цагт үүдээ нээхтэй зэрэгцэн ачаалал нь ихэсдэг байна. Оргил ачааллын цаг 07:00-18:30 цаг аж. Эдгээр сүлжээ дэлгүүрүүдийн орлого 50-70 хувь нэмэгджээ.

     ОЮУТНУУДЫН ХИЧЭЭЛ ЭХЛЭЭД УДААГҮЙ Ч АЧААЛАЛ ХОЁР ДАХИН НЭМЭГДСЭН

МУИС дахь “Circle К”  олон улсын франчайз сүлжээ дэлгүүрээр орвол оюутнуудын хөлд дарагдаж, сул ширээ байхгүй харагдна. Тус салбар дэлгүүрийн тухайд оюутнуудын хичээл эхэлснээс хойш ачаалал нь эрс нэмэгдсэн байна. Их сургуулиас ердөө тавхан алхамын зайд байрладаг тул оюутнуудын завсарлаагааны цаг, хичээл тарах үе хамгийн их ачаалалтай байдаг аж. Мэдээж, үүнийг дагаад тус сүлжээ төвийн орлого  нэмэгдэж буй.

Уг түргэн хоолны сүлжээ төв хорио цээрийн дэглэм мөрдөгдөх үед хэсэг хугацаанд үүдээ хаасан бол одоо алдагдлаа нөхөж эхэлсэн гэнэ.

МУИС дахь Circle К салбар дэлгүүрийн менежер Д.ЭЛБЭГ: 

-Их, дээд сургуулиудын хичээл эхэлснээс хойш ачаалал хоёр дахин ихэссэн. Өдрийн 12-14:00 цагийн хооронд оюутнууд их үйлчлүүлдэг. Ерөнхийдөө хичээлийн завсарлагаа, тарах цагаар бид ачаалалтай ажилладаг. Орой 17:30 цагийн үед ачаалал дахин нэмэгддэг. Оюутнуудын хичээл эхлээд удаагүй ч манай салбарын орлого 50 хувиар нэмэгдэж, үйл ажиллагаа маань өмнөх шигээ сэргээд байна. Манай салбар сүлжээ төвийн гол үйлчлүүлэгчид нь оюутан залуус байдаг учраас орлогын тодорхой эх үүсвэрийг тэд бүрдүүлдэг. Их дээд сургуулийн хичээл эхэлснээс хойш манай салбарын ачаалал ихэссэн учраас ажилчдынхаа тоог нэмсэн. Өөрөөр хэлбэл, орлого нэмэгдэхийн хэрээр ажлын байр ч бас бий болдог давуу талтай. Хорио цээрийн дэглэм мөрдөгдөх хугацаанд цар тахлын нөлөө бидэнд хүнд туссан. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бид хоёр сар гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа зогсоож, тавдугаар сараас хэвийн горимоор ажиллаж эхэлсэн гэлээ.

            ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭР НЬ ЗАЛУУС

Оюутан залуусын хамгийн их үйлчлүүлдэг СU түргэн хоолны сүлжээ дэлгүүр их дээд сургууль амарсан үед хүнгүй шахам хоосон байсан. Харин одоо тус төвд мөн л оюутны хөлд дарагдаж, ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Тус төвөөр орвол сул ширээ байх нь бүүхэл хөл гишгэх зайгүй шахам угтлаа.

МУИС дахь Стөв салбарын менежер Т.АЛТАНСОЛОНГО:  

-Манай салбар их сургуульд түшиглэсэн учраас хорио цээрийн дэглэмийн хугацаанд оюутнууд амарчихсан, орлого өмнөх үеэсээ 60-70 хувь буурсан. Энэ нь бидний хувьд хүнд тусч байсан. Одоо хорио цээрийн дэглэм цуцлагдаж, оюутнуудын хичээл эхэлснээс хойш өдрийн дундаж орлого 60 хувиар өссөн. Оюутнууд амарсан үед манай салбараар ихэвчлэн оффисын ажилчид үйлчлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар манай салбараар үйлчлүүлэгчдийн дийлэнх нь оюутнууд байна. Ачаалал ч бас эрс нэмэгдсэн. Цар тахлын нөлөөгөөр бид цэвэр ашигтай ажиллаж байгаагүй.  Саяхнаас л оюутнуудын хичээл эхэлж, цэвэр ашигтай ажиллаж алдагдлаа нөхөж эхэлж байна. Оюутнууд амарсан үед цайны цагаар л ачаалалтай байсан бол одоо өглөөний 07:00 цагаас эхлээд оочир дугаар тасардаггүй.

ЦАЙНЫ ЦАГ ХАМГИЙН ИХ АЧААЛАЛТАЙ БАЙДАГ

Их дээд сургуулийн чанх эсрэг талд байрлах “СU”, “Шөлөндөө” түргэн хоолны газартай зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг “Жигнүүр бууз” зоогийн газар зай талбайгаар жижиг боловч бас л их хүнтэй. Ихэвчлэн залуус байв. Оюутнуудын хичээл эхэлснээс хойш тус зоогийн газрын ачаалал нэмэгдэж, орлого ч дагаад өсчээ.

Жигнүүр бууз зоогийн газрын менежер:

-Манай зоогийн газарт өдөрт дунджаар 600 орчим хүн үйлчлүүлдэг. Дийлэнх нь оюутнууд. Их сургуулийн эсрэг талд байдаг учраас залуусын хөл хөдөлгөөн тасардаггүй. Хоолны үнэ ч бусад газруудтай харьцуулахад боломжийн хямд үнэтэй. Өдрийн 12:00 цагаас орой 18:00 цаг хүртэл хамгийн их ачаалалтай байдаг. Энэ нь оюутнуудын их завсарлагаан, хичээл тарах цагтай холбоотой.

"БӨМБӨГӨР" ХУДАЛДААНЫ ТӨВ ХҮНИЙ ХӨЛД ДАРАГДАЖ, ХУДАЛДАН АВАЛТ СЭРГЭЖЭЭ

Дараа нь "Бөмбөгөр" худалдааны төвийг зорилоо. Тус худалдааны төв өмнөх шигээ олны хөлд дарагджээ. Өнгөрсөн хугацаанд эл хуль шахам байсан лангуунууд хүн зөрөх зайгүй болсон гэхэд хилсдэхгүй. Хөзөр тоглож, ном уншиж суудаг худалдагч нар ч толгойн өндийх завгүй болчихож. Нэн ялангуяа, хувцас, гуталны тасаг хамгийн их хүнтэй. Тус худалдааны төвөөр найз нөхдөөрөө хувцас авахаар сонгож яваа оюутнууд ч их тааралдав.  Орон нутгаас нийслэлд оюутнууд төвлөрч, их дээд сургуулийн хичээл эхэлснээр ийнхүү худалдан авалт сэргэж, худалдагч нар түрээсээ төлөх чадамжтай болсон байна.

                    ОЮУТНУУД ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРИЙН ГОЛ ХӨШҮҮРЭГ

"Бөмбөгөр" худалдааны төвд зургаан жил эмэгтэй хувцасны тасагт ажиллаж буй худалдагч О.Ариунсанаа оюутнууд орлогын гол хөшүүрэг гэдгийг тодотгов. Түүний хувьд  хорио цээрийн дэглэм үргэлжлэх хугацаанд өдөрт арай ядан хоёр цамц борлуулдаг, заримдаа нэг ч төгрөгийн орлогогүй ганзага хоосон гэртээ харих үе олон байжээ. Харин одоо өдөртөө хамгийн багадаа 20 цамц борлуулдаг болж худалдан авалт сэргэж эхэлсэн байна. Худалдан авагчдын дийлэнх нь мөн л оюутнууд аж.  Үнийн хувьд боломжийн 20-35 мянган төгрөг учраас гүйлгээ сайн байдгийг ч бас холбон тайлбарлаж байв.

Худалдагч О.АРИУНСАНАА:  

-Оюутнуудын хичээл эхлээд худалдан авалт сэргэж байна. Орлогын эх үүсвэрийн гол хөшүүрэг нь оюутан, залуус  байдаг. Их дээд сургуулиудын хичээл амарч, хорио цээрийн дэглэмийн хугацаанд орлого эрс хумигдаж, худалдан авагчгүй болсон. Зөвхөн хорио цээрийн дэглэмтэй үед гэлтгүй жил бүр оюутнуудын хичээл амрах үед орлого эрс буурдаг. Өнгөрсөн хугацаанд Өдөртөө тоотой хэдхэн цамц зарж байсан бол өнөөдрийн байдлаар 20 цамц борлуулаад байна.

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ АМАРСАН ҮЕД ОРЛОГОГҮЙ БОЛДОГ

"Алтжин Бөмбөгөр" худалдааны төвийн "Hair" салоны  үсчин Б.ЭРДЭНЭБУЛГАН: 

-Оюутан сурагчдын хичээл эхэлж одоо л тогтсон орлоготой болж байна. Өнгөрсөн хугацаанд үйлчлүүлэгчгүй шахам л байлаа. Хорио цээрийн дэглэмийн нөлөөгөөр түрээсийн өрөнд орж, надад хүнд цохилт болсон. Их, дээд сургуулиудын хичээл түр хугацаанд завсарлаж оюутнууд амарсан нь орлогогүй болоход нөлөөлсөн. "Бөмбөгөр" худалдааны төв хүний хөл төвлөрсөн газар учраас залуус их үйлчлүүлдэг. Миний хувьд 13 жил үсчин мэргэжлээрээ ажиллаж байна. Өмнө нь их, дээд сургуулийн орчимд ажилладаг байх үед байнгын үйлчлүүлэгчид нь оюутнууд байлаа. Орлого сайтай ч их, дээд сургууль амарсан үед, зуны улиралд үйлчлүүлэгчгүй болдог байсан.

Олон нийтийн сүлжээнд, амнаас ам дамжсан "оюутнууд ирээд түгжрэл нэмэгдсэн" гэх яриаг та сонсч байсан байх. Хэдийг нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэгийн ачааллын үе эхэлж, үүнд нь оюутнууд "нэмэр" болж байгаа ч нөгөө талдаа оюутнууд нийслэлийн эдийн засагт "цус сэлбэж" байгааг дээрх олон жишээнээс харж болно. Удаан хугацаанд хөл, хориотой байсан, үйлчилгээ, худалдааны байгууллагууд орлогогүй, түрээсээ ч төлж чадахгүй байсан үе дуусгавар болж, орлогоо олж эхлэхэд "ад үзээд" байдаг оюутнууд чинь маш том хөшүүрэг болж буйг энд тодотгоё. Ингээд оюутнууд эдийн засагт хэр зэрэг эерэг нөлөө үзүүлдгийг мэргэжлийн хүнээс тодруулав.

                    ОЮУТНУУД ЗАХ ЗЭЭЛИЙН МАШ ТОМ “АРМИ”

МУИС-ийн ЭЗС-ийн санхүүгийн тэнхимийн багш, доктор Л.Оюун:

-Хорио цээрийн дэглэм цуцлагдаад долоо ч хоноогүй байгаа тул тоон мэдээлэл гарах болоогүй байна. Гэхдээ эдийн засаг сэргэх нь тодорхой. Худалдаа үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчдээр дүүрэн байгаа нь тэдний үйл ажиллагааг сэргээнэ. Оюутнууд бол хэрэглэгчийн том бүлэг. Орон нутгаас оюутнуудын урсгал хот руу орж ирж байна. Тэдгээрийг дагаад бас аав, ээж, ах дүү нар нь түр ч гэсэн байдлаар орж ирж байна. Зарим эцэг эх нь хотод өвөлжинө. Тэд бүгд хэрэглэгчид учраас борлуулалтад нөлөө үзүүлнэ. Энэ утгаараа эдийн засгийг сэргээх хөшүүрэг болдог. Хүнсний зүйлс, барааны зах, үйлчилгээний газрууд, орон сууцны эрэлт зэрэг өснө. Дээрх хэрэгцээнүүдээс гадна оюутны сургалтын төлбөр ч бас  эргэлтэд орно. Оюутнуудын төлбөр, хэрэглээнээс улсын төсвийн ихээхэн хувийг бүрдүүлдэг улс орнууд ч байна. Хотууд ч бий. Жишээ татъя, Австрали улсын төсвийн орлогын ихээхэн хувь гадны оюутнуудын хэрэглээнээс бүрддэг тооцоо байдаг.  Оюутнууд бол хүн амын  нэг сегмент. Энэ сегмент  олон хүрээнд эдийн засагт нөлөө үзүүлж байдаг. Тухайлбал, махны нийлүүлэлтэд оюутнууд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Сургалтын төлбөр төлөхийн тулд мах хот руу их хэжээгээр орж ирдэг, үүнээс болоод махны үнэ намар буурдаг судалгаа бий.  Ерөнхийдөө оюутнууд бүх зах зээлд нөлөө үзүүлдэг “арми” гэж хэлж болно гэлээ.

Энэ мэтчилэн хорио цээрийн дэглэм цуцлагдаж оюутнууд нийслэлдээ төвлөрч эхэлснээр үйлчилгээний байгууллага, худалдааны төвүүдийн ачаалал ихсэхийн хэрээр орлого нь ч дагаад өсчээ. Нийтийн тээврийн үйлчилгээ ч бас сэргэх хандлагатай байна. Хэдийгээр оюутнууд үнэ төлбөргүй зорчдог ч хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхэлж, хэвийн горимд шилжсэн тул нийтийн тээврийн орлого өсч, алдагдлаа нөхнө гэдгийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлсэн юм.  Худалдаа үйлчилгээний байгууллага, нийтийн тээврийн салбар  ашигтай ажиллахын хэрээр эдийн засагт  өгөөжтэй гэдгийг дээрх байгууллагуудаас ч харж болохоор байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж