Эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хөнгөлөлттэй эм олгох тухай хуульд өөрчлөлтүүдийг оруулсан. Ингэснээр иргэд хөнгөлөлттэй эмийн жороо бүх шатны эмнэлгийн эмчээр бичүүлж, дурын эмийн сангаас авч эхлэх боломж бүрдэж байгаа юм.
Иргэд, даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд харьяаллынхаа бүх шатны эрүүл мэндийн төвд хандаж, өрхийн эмчээс зургаан оронтой хяналтын дугаар авна. Уг дугаарыг даатгалын гэрээтэй эмийн санд үзүүлэхэд тухайн даатгуулагчийн мэдээлэл бүрэн гарч ирэх аж. Үүнд өөр ямар нэгэн баримт бичиг шаардахгүй. Заавал хөнгөлөлттэй эмийн жорыг цаасаар хэвлүүлж авах шаардлагагүйгээр эмийн хөнгөлөлтийн үйлчилгээг бүрэн авах боломжтой гэсэн үг. Хөдөө орон нутгийн даатгуулагч болон түр оршин суугчид тухайн оршин суугаа хорооноосоо түр оршин суугчийн тодорхойлолт авсан тохиолдолд даатгалын сангийн тусламж, үйлчилгээ авах бүрэн боломжтой. Үүнд ямар нэгэн чирэгдэл үүсэхгүй байна. Өөрөөр хэлбэл, ирэх арваннэгдүгээр сараас хөнгөлөлттэй эм авах иргэдэд хүндрэл учрахгүй байх боломж бүрдэж байгаа гэж ойлгож болох нь ээ. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргалаас тодрууллаа.
-Энэ онд даатгуулагчдад олгох хөнгөлөлттэй эмийн зардалд батлагдсан төсөв хүрэлцээтэй байж чадаж байна уу?
-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2020 онд даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 34.9 тэрбум төгрөг төсөвлөж, улсын хэмжээнд гэрээ бүхий 1017 эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эм олгож байна. Ирэх аравдугаар сард мөн гэрээ бүхий эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгоно. Манай байгууллагын зүгээс батлагдсан төсвийн хүрээнд л олголт хийдэг учраас хүртээмжтэй эсэхийг хэлэх боломжгүй. Аль болох ард иргэдэд чирэгдэл багатай байхаар зохицуулалт хийх хүрээнд анхаарал хандуулж ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан эмийн үнийн хөнгөлөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, даатгалын санхүүжилтийн дутагдлыг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд энэ оны 4-6 дугаар сард эмийн үнийн хөнгөлөлтийн даатгалын санхүүжилтийг нэг сая төгрөгөөр нэмсэн. Төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, уг нэмэгдэл төсвийг тухайн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх эмийн сангуудад ижил хэмжээгээр хуваарилах зарчим баримталж ажилласан. Цаашид мөн шаардлагатай тохиолдолд тохирох арга хэмжээг авч хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Эмийн үнийн хөнгөлөлтийн төсөв 2019 онд 34.9 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд давхардсан тоогоор 1.5 сая даатгуулагчийн эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33.4 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Харин энэ онд ЭҮХ-ийн зардалд 33.3 тэрбум төгрөг батлагдаж, өмнөх оноос 1.5 тэрбум төгрөгөөр буурсан.
-Иргэдэд чирэгдэл багатай байх ямар ямар зохицуулалтыг хэрхэн хийж, хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн шинээр хэрэгжих эмийн хөнгөлөлтийн хуулийн заалтын дагуу хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт орох уу?
– ЭМЯ болон ЭМДЕГ-ын хамтарсан баг гарч, ажлын хэсэг байгуулан хөнгөлөлттэй эм олгох тухай хуулийн өөрчлөлтийн дагуу хэрэгжүүлэх үйл явцын бэлтгэл шатны хүрээнд ажиллаж байна. “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-ний дагуу зайлшгүй шаардлагатай эмийн наймдугаар жагсаалтыг мөрдөж байна. Тэрхүү жагсаалтад хөнгөлөлтөөр эм олгох жорын 0-5 настай хүүхдийн жагсаалт нь 59 ерөнхий нэршлийн /олон улсын нэршлийн/ 174 худалдааны нэрийн эм. Зургаагаас дээш насны хүний хэрэглэх эмийн жагсаалт нь 170 ерөнхий нэршлийн 638 худалдааны нэрийн эм байгаа бөгөөд нийтдээ 812 эмийн жагсаалт байна. Эмийн жагсаалт одоогоор хэзээ шинэчлэгдэх нь тодорхойгүй байна. Ямартай ч арваннэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх хөнгөлөлттэй эм олгох хуулийн дагуу ЭМЯ зайлшгүй шаардлагатай эмийн есдүгээр жагсаалтыг шинэчлэн баталснаар ЭМДЕГ тухайн жагсаалтад багтсан эм тус бүрийг хэдээс хэдэн хувь хөнгөлөх боломжтой гэдгийг хэлэлцэж, шийдвэрлэх байгаа. Гэхдээ энэ ажил одоогоор хэрэгжилтийн явцдаа байгаа учраас тодорхой мэдээлэл бид өгөх боломжгүй.
-Одоогоор нийслэлд хэдэн эмийн сан хөнгөлөлттэй үнээр эм олгож байна. Ирэх сард иргэдэд учирдаг дараалж зогсох нь хэвээрээ гэсэн үг үү?
-Одоогийн байдлаар бүх шатны эмнэлэгт жор олгох эмчийг ЭМДЕГ-ын програмд нэвтрэх боломжтой болгох хүрээнд коджуулах ажил хэрэгжиж байна. Ирэх сард иргэд хөнгөлөлттэй эм олгодог гэрээт эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгох шийдвэр хэвийн хэрэгжинэ. Нийслэлд 419 гэрээт эмийн сан хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. Тухайн эмийн сан хаана байрлаж байгаагаас шалтгаалаад хүмүүсийн ачаалал их, бага байхаас гадна даатгалаар эм олгох өдөр харилцан адилгүй байдаг. Өндөр настай хүмүүсийн төвлөрөл ихтэй газар хөнгөлөлттэй эм сарын эхэнд олгож эхлээд л дуусчихдаг. Харин хотын төв рүү залуучууд амьдардаг газарт сарын 10, 11-н хүртэл мэр сэр хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг эмийн сангууд байдаг л даа. Энэ жил онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор дөрөв, тавдугаар сард хөнгөлөлттэй үнээр эм авах иргэд эрс нэмэгдсэн. Тухайлбал, сард дунджаар хөнгөлөлттэй эм авах 21 мянган иргэн жор бичүүлдэг байсан юм. Гэтэл өнгөрсөн саруудад 41 мянга болж өссөн статистик байна. Тиймээс хөнгөлөлттэй эмийг нэг өдөрт олгоод, дуусаад байгаа гол шалтгааныг бид судалж үзсэн. Мөн үүнтэй холбоотойгоор тавдугаар сарын эхний долоо хоногт 60 эмийн санд төлөвлөгөөт шалгалт ч хийсэн. Тэгэхэд ихэнх хүн эм дуусах, тасалдах магадлалтай гэсэн ойлголтоор эм нөөцөлсөн байх тохиолдол ажиглагдсан.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ