Театрууд ХААЛГАА НЭЭЛЭЭ

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Театрууд ХААЛГАА НЭЭЛЭЭ

Үзэгчдийн алга ташилтыг сонсолгүй долоон сар болсон урлагийнхан “амь орж” эхэллээ. Сүүлд мэргэжлийн урлагийн хэдэн уран бүтээлчдээ гудамжинд дуулж, хуурдуулж байгаад үзэгчид шүүмжлэлтэй хандаж байв. Сонгодог дуурь, балет, драм, үндэсний урлаг, симфони оркестр, хүүхдийн жүжиг, жазз хөгжмийн тоглолтууд ар араасаа нээлтээ хийхээр товлогджээ. Цар тахлын улмаас өнгөрсөн нэгдүгээр сараас хойш үзэгчидтэйгээ уулзаагүй уран бүтээлчдээс битүүхэн догдлол мэдрэгдэнэ.

Уран бүтээлчид тайзнаа тэмүүлж, үзэгчид уран бүтээлчдээ харахыг тэсч ядан хүлээнэ. Аль нэгдүгээр сараас голд дүрүүдээ зарлаж, нийгэмд багагүй хүлээлт үүсгээд буй жүжиг бол “Анна Каренина”. Улсын онцгой комиссын шийдвэртэй холбоотойгоор энэ жүжгийг үзэгчидтэйгээ уулзах хугацаа хойшлогдсоор аравдугаар сарын 3-нд Драмын театрын тайзнаа нээлтээ хийхээр болсон билээ.

Хэдийгээр хөл хориотой урлагийн тайз түр хугацаагаар эзгүйрсэн ч уран бүтээлчдийн хувьд тун завгүй ажиллаж, чамгүй ажлыг амжуулсан гэдгийг Улсын филармонийнхан дуулгасан юм. Улсын филармонийн 49 дэх жилийн үзвэрийн нээлтийн тоглолтыг “Баян Монгол” чуулгынхан нээх хүндтэй үүргийг хүлээн авч, тоглолтод зэхэж буй. Улсын филармонийн шинэ улирлын нээлтийн тоглолтыг өмнөх жилүүдэд гурван оркестр хамтран зохион байгуулдаг байсан. Сүүлийн жилүүдэд энэ жишгийг өөрчилж, чуулга бүр өөрсдийн өнгө аясаар тоглолтоо хүргэдэг болсон билээ.  Өнгөрсөн жил Төрийн соёрхол шагнал хүртсэн “Баян Монгол” чуулгын уран бүтээлчид “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлийн концертоо есдүгээр сарын 26-ны 18.00 цагт өөрийн тайзнаа хийхээр товложээ. Монгол Улсын филармонийн захирал С.Баттулга “Улсын филармонийн уран бүтээлчид Ёс зүйн зөвлөлтэй болж байгаа. Захиргааны ажилчдын хувьд өнгөрсөн хугацаанд дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөг шинээр боловсруулж, маш чухал бодлогын бичиг баримтаа баталлаа. Мөн хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ авч, ажлын хэсэг байгуулаад явж байна.

Ингээд бодлогын бичиг баримт, ажиллах журам, уран бүтээлийн бодлогтой холбоотой уран сайхны журмаа дахин шинэчиллээ. Бид 2022 онд 50 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тиймээс хоёр жилийн өмнөөс эхлэн ойн арга хэмжээндээ бэлтгэж, түүхэн ойг угтсан ажлуудыг эхлүүдээд байна” гэдгийг дуулгалаа. Мөн тэрбээр ирэх хавраас Улсын филармонийн үйл ажиллагаа, уран бүтээлийг танилцуулсан үнэ төлбөргүй тоглолт хийхээр төлөвлөж байгаа” гэв.

Монгол Улсын Филармони, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын хүүхэлдэйн театр хэмээх мэргэжлийн урлагийн цөөхөн газартай. Үндэсний статистикийн газрын тоон мэдээллээс харахад 2019 онд мэргэжлийн урлагийн байгууллагын 3.711 тоглолтыг 3.6 сая хүн үзсэн байх юм.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа хөл хорионы улмаас бүжгэн жүжиг огт тоглоогүй. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 58 дахь улирлын тоглолтоо аравдугаар сарын 3-нд “Учиртай гурван толгой” дууриар нээх гэнэ. Энэ жил тус театрын 70 жилийн ой тохиож буйг бөгөөд ойн арга хэмжээг даруухан тэмдэглэнэ гэдгийг уран бүтээлчид хэлж байв. Ийнхүү уран бүтээлчдийн зүгээс урлагт хайртай үзэгчдэдээ гэнэтийн бэлгээ задалж, оюуны цангааг тань тайлахад бэлэн болжээ.

АРДЫН ДУУГ ЖАЗЗ ОРКЕСТР ХӨРВҮҮЛЭН НАЙРУУЛСАН ӨВӨРМӨЦ ТОГЛОЛТ

Улсын филармонийн “Баян Монгол” чуулгынхан “Ганган Дагшаа” тоглолтоороо монгол уран бүтээлчдээ алдаршуулж, ардын дууг жазз оркестр хөрвүүлэн найруулж, үзэгчдэд хүргэнэ гэлээ. Энэ талаар Улсын филармонийн ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар ярихдаа “Баян Монгол” чуулгын уран бүтээлчид 2019 онд 50 жилийн ойн хүрээнд монгол уран бүтээлчдийн хос цомог гаргасан. Уг цомгоос Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүдийг түүвэрлэн, шинэчилсэн найруулгатай үзэгчдэд хүргэнэ. Ардын дууг жазз оркестрт хөрвүүлэн найруулж байгаагаараа энэ удаагийн тоглолт онцлог” гэв.

“Манай чуулгын хос цомогт багтсан 1960, 1970-аад оны дуунуудаас гадна шилмэл ардын дуунуудаараа нээлтийн тоглолтоо хийх гэж байна. Мөн 1981 онд гаргасан “Баян Монгол” пянзны уран бүтээлийг шинэчлэн найруулж, “Баянмонгол-50 жил” пянз дахин хэвлүүлж байгаа. Тун удахгүй Япон улсаас ирэх байх. Саяхан Улсын филармонийн “Баян Монгол” чуулгыг үндэслэн байгуулсан анхдагчдын нэг Гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар ах маань бурхан боллоо. Талийгаач маань сүүлийн жилүүдэд БНХАУ-д ажиллаж, амьдарч байсан. Түүхт 50 жилийнхээ ойн арга хэмжээнд ирж оролцож байсан. Цаашид бид ахмад уран бүтээлчдийнхээ уран бүтээлийг үргэлжлүүлж, уран бүтээлийг нь дахин амьдруулна“ хэмээн “Баян Монгол” чуулгын удирдаач С.Саруул-Од ярьсан юм.

ДЭЛХИЙН СОНГОДОГ “АННА КАРЕНИНИА” МОНГОЛД АНХ УДАА

Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн сонгодог жүжиг аравдугаар сарын 3-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглохоор болжээ. Тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан уг алдартай зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажиллаж байна.

Драмын театрын энэ цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Н.Баярмаа "Анна Каренина" жүжгийн гол дүрийг бүтээж буй. Харин түүний нөхөр Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглоно. Хоёр бүлэг, 23 үзэгдэлт жүжгийн туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч бүтээх аж.  “Анна Каренина” жүжгийн цахим тасалбар есдүгээр сарын 22-ноос худалдаанд гарчээ. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 25-100 мянган төгрөгийн үнэтэй.

70 ЖИЛИЙН ӨМНӨ ХӨШГӨӨ НЭЭСЭН “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУРЬ ЭГШИГЛЭНЭ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 58 дахь улирлын тоглолтоо аравдугаар сарын 3-нд “Учиртай гурван толгой” дууриар нээх ажээ. Учир нь энэ жил тус театрын 70 жилийн ой тохиож буй юм. Тэртээ 1950 оны арванхоёрдугаар сарын 30-нд тус театрын барилга ашиглалтад орж, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй.

“Учиртай гурван толгой” дуурийн гол дүр болох Нансалмаад Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Хоролмаад Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд Соёлын тэргүүнйи ажилтан Э.Бумхүү, Юндэнд гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар нар тоглох ажээ. Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьсан түүхтэй.

“МИНИЙ ХӨӨРХӨН ШҮДНИЙ АЯЛАЛ” ХҮҮХЭЛДЭЙН ЖҮЖГЭЭР ХӨШГӨӨ НЭЭНЭ

Хүүхэлдэйн театр хүүхэд багачууддаа зориулан “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгээр энэ улирлын хөшгөө нээнэ.

Жүжгийг энэ сарын 25-27-нд 11.00, 13.00, 15.00 цагаас Хүүхэлдэйн театрт тоглох юм. Хүүхдэд урлагаар дамжуулж гоо зүйн боловсролыг олгохын зэрэгцээ, багачуудын амны хөндийн эрүүл ахуйн тухай мэдлэгийг дээшлүүлэхэд жүжгийн гол санаа чиглэжээ. Тус жүжиг 50 минут үргэлжлэх бөгөөд 4-13 насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан найруулжээ.

Жүжгийн ерөнхий продюсероор М.Отгончимэг, зохиолчоор Н.Мандал, найруулагчаар М.Ариунтуяа, зураачаар С.Энх-Од, хөгжмийн зохиолчоор С.Батболд нар ажилласан байна.

КИНО ТЕАТРУУД МОНГОЛ КИНОНД "ДАРАГДЖЭЭ"

Театрууд үзэгчдээ хүлээн авахад бэлэн бол кинотеатрууд ч мөн олны хөлд "дарагджээ". Хөл хориотой байсан хүмүүс гэртээ буйдан дээрээ суугаад хуучны, үзсэн олон киногоо сэлгэж суусан бол харин одоо кино театрт хүссэн киногоо үзэж эхлэв. Цар тахалтай холбоотойгоор маш олон дотоодын кинонууд нээлтээ хийж чадаагүй байсан учраас ийн хөл хорио нээгдэхтэй зэрэгцэн кино театрууд хөл хөдөлгөөн ихтэй болжээ.

Энэ хугацаанд уран бүтээлчид ч зүгээр суугаагүй бөгөөд маш олон Монгол шинэ кинонууд нээлтээ хийж, хийхээр зэхэж байна. "Хар сувдны нууц", "Эхиймаа", "Single ladyes-4", "Хэлгүй жим" гээд олон кинонууд үзэгчиддээ хүрч байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж