Байр суурь: Танихгүй хүмүүсээс сонголт хийхэд хүндрэлтэй

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Байр суурь: Танихгүй хүмүүсээс сонголт хийхэд хүндрэлтэй

Байр суурь: Танихгүй хүмүүсээс сонголт хийхэд хүндрэлтэй

УИХ-ын сонгууль гэдэг том даваагаа давсан монголчуудыг одоо орон нутгийн сонгуулийн удаах даваа хүлээж буй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно. Орон нутгийн сонгуулийг энэ удаа олонхын буюу мажоритар тогтолцоогоор явуулах бөгөөд есдүгээр сарын 30-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Энэ удаагийн сонгуульд нийслэлийн МАН-ын хороо дангаараа оролцож байгаа бол Ардчилсан нам хэд хэдэн намтай эвсч, оролцохоо мэдэгдсэн.

Өнгөрсөн зургадугаар сард бид хууль тогтоох дээд эрх мэдлийг хадгалдаг УИХ-д төлөөллөө сонгосон бол  одоо  харин  амьдарч буй нийслэл, дүүрэг, аймаг, сумын  өнгө төрхийг тодорхойлох, иргэдийн амьжиргаа, амьдралд хамгийн ойр байдаг төлөөлөгчдийг сонгоно. Тиймээс сонгогчид орон нутгийн сонгуульд  хариуцлагатай, идэвхтэй оролцох хамгийн чухал үе ирээд байна. Бид энэ удаа  иргэдээс  “Та санал өгөх үү”, “Та нэр дэвшигчийг ямар шалгуураар сонгох вэ” гэх асуултад хариулт авсан юм.  


СУРТАЛЧИЛГААН ЭХЛЭХЭЭР НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦАНА

Иргэн О.Одбаяр:

-Монгол Улсын иргэний хувьд сонгууль өгөх нь үүрэг.  Тиймээс аравдугаар сарын 15-ны өдөр сонгуулиа өгнө. Би Баянзүрх дүүрэгт амьдардаг.Тойрогтоо нэр дэвших намуудын төлөөллийг мэдээллийн сайтуудаас хальт харсан.  Гэхдээ албан ёсоор сурталчилгааны ажил нь эхлэхээр нэр дэвшигчидтэй дэлгэрэнгүй танилцана. Би хувьдаа нэр дэвшигчдийн тараах материалыг голчлон харна. Мөн гэрийн ойролцоо уулзалт зохион байгуулж, хийх ажил, үзэл бодлоо танилцуулбал очно доо.  Ямартай ч  би сонгуулиа заавал өгнө.  Энэ дашрамд, 20-25 насны залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалъя. Дөрвөн жилд ганц болдог орон нутгийн  сонгуульд сонгох эрхээ эдлэх  хэрэгтэй. Сонгуульд оролцоогүй байж дараа нь  олон юм ярих шаардлагагүй гэж бодож байна.

БИ УЛС ТӨРД ЖААХАН ЭСЭРГҮҮ БОДОЛТОЙ ЯВДАГ ХҮН

Иргэн Б.Баяраа:

-Энэ жилийн сонгуульд ард иргэдийг урьд жилүүдээс илүү няхуур, хашир хандаасай гэж хүсч байна даа. Гучаад жилийн турш бид гоё сайхан амлалтуудад хууртаж ирсэн болохоор одоо юу нь биелэх, юу нь биелэхгүй, юу нь үнэний хувьтай, юу нь зүгээр мөрөөдөл вэ гэдгийг ялгаж салгадаг болсон байх. Миний хувьд улс төрд удсан хүмүүст найдахаа больсон учраас  энэ жил шинэ хүмүүсийг сайн харж, шинжиж байгаад сонгоно. Гэхдээ  тараах материал нь ирэхээр тухтай үзнэ.  Нөгөө талаас хотын алслагдсан дүүргүүд болон хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэхгүй бол улс төрд өөрчлөлт гарахгүй. Сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд ажилладаг холбогдох байгууллагууд ажлаа сайн хиймээр байна. Ер нь би улс төрд жаахан эсэргүү бодолтой явдаг хүн. 

 ХАМГИЙН ЗӨВ ХҮНЭЭ СОНГОХ НЬ Л ЧУХАЛ

Иргэн Б.Билгүүн:

-Өмнөх жилийн сонгуулиудад төдийлөн их ач холбогдол өгч тоодоггүй, байсан. Одоо бол нас нэмэгдэх тусам өөрийн эрхгүй сонгууль хамааралтай болж байна. Нийгэм, улс төрөөс эрүүл мэнд, хувь хүний эрх чөлөө гэх чухал ойлголтууд шууд шалтгаалж байдгийг залуучууд нарийн ажиглаж эхэлсэн шинжтэй. Гэхдээ зарим талаар тэр нь сөрөг байдлаар илэрч, залуучууд сонгуулийг тоглоом шоглоом болгож ярих, эсвэл хэтэрхий туйлшран үзэн ядаад байгаа нь жаахан харамсалтай. Ер нь бүх зүйлийг хэтэрхий үзэн ядаад байдгаа болих хэрэгтэй. Энэ жилийн сонгуулиар манай тойрогт ямар, ямар хүн нэр дэвших нь аль хэдийн тодорхой болсон. Эхнээс нь судлаад явж байна. Бас Google дээр ямар илэрц гарч ирж байгааг нь харж байна, баттай эх сурвалжаас мэдээлэл олж авахыг хичээж байна. Нэг хүн сонгоод бүх юм өөрчлөгдөхгүй ч амьдарч буй дүүрэгт  нэр дэвшиж байгаа хүмүүс дундаас хамгийн зөв хүнээ сонгох нь л чухал. Бид өөрсдийн хийсэн  сонголтоороо дамжуулан ирээдүйгээ тодорхойлох учраас залуусын оролцоо их хэрэгтэй гэж бодож байна. 

БИ ЦАГААН СОНГОЛТ ХИЙНЭ

Иргэн Г.Ундрах:

-Ерөнхийдөө улс төр, нам сонирхдоггүй ч ардчилсан, чөлөөт нийгэмд амьдарч, аж төрж байгаагийн хувьд сонгох эрхээ эдэлж сонгуулиа өгнө. Гэхдээ цагаан сонголт хийнэ. Угаасаа монголчуудын төрд итгэх итгэл, тэр тэр дундаа улс төрийн намд итгэх итгэл хамгийн бага түвшинд хүрсэн. Учир нь сонгуулийн үеэр намууд, нэр дэвшигчдийн ярьж байсан амлалтууд бодит амьдрал дээр  биелэлээ олдоггүй.  Бүдүүлгээр хэлэхэд монголын парламент хог болсны илрэл нь  төрийн ордонд сууж буй эрүүгийнхэн, попуудаас харагддаг.

ТАНИХГҮЙ МАШ ОЛОН ХҮМҮҮС НЭР ДЭВШИЖ БАЙГАА НЬ СОНГОЛТ ХИЙХЭД ХҮНДРЭЛТЭЙ

Иргэн н.Мөнхтуяа:

-Энэ жилийн сонгууль гэлтгүй ер нь бүх л сонгуулийг хамгийн гол нь үнэн зөв, бодитой яваасай гэж хүсдэг. Би биш бид гэсэн өнцгөөс хардаг хүнийг сонгох нь чухал. Биднийг төлөөлөх хүнийг сонгож байгаа болохоор нэр дэвшигчдийг яг ямар хүн бэ, бусдын төлөө гэсэн сэтгэл, үнэмшил байгаа эсэхийг судлах нь зүйтэй болов уу. Би Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байгаа хүмүүсийн тоог харахад бусад дүүргүүдийг бодвол бага байсан. Мөн танихгүй маш олон хүмүүс нэр дэвшиж байгаа нь сонголт хийхэд хүндрэлтэй санагдаж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж