С.Жавхлан: Намайг дуул гээд байсан, одоо дуулж өгье

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

С.Жавхлан: Намайг дуул гээд байсан, одоо дуулж өгье

С.Жавхлан: Намайг дуул гээд байсан, одоо дуулж өгье

2020 оны улс төрийн сонгуулиас хойш нам гүмхэн амьдарч буй дуучин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан “Монголоороо байгаасай” тоглолтоо энэ сарын 26-нд Төв цэнгэлдэхэд хийхээр болсон. Түүнтэй тоглолтын бэлтгэлийнх нь үеэр цөөн хором ярилцлаа.


 -Улстөрч болсноосоо хойш анх удаа та бие даасан тоглолтоо хийх гэж байгаа нь таныг урлагийн салбартаа эргэн ирсний "зарлал" гэж ойлгож байна. Сэтгэгдэл мэдээж өндөр байгаа байх, бэлтгэлээ хэр хангаж байна вэ?

-Хоёр өдрийн өмнө тоглолтоо хийе гээд гэнэт шийдсэн. Миний тоглолт дээр үзэгчид бүгдээрээ сайхан хамтарч дуулаад явчихдаг юм. Хөл хорио ч тавигдлаа. Энэ сайхан Төв цэнгэлдэх хүрээлэнд  маш олон жил монголчууд наадмаа хийсэн. Энэ жил Төв цэнгэлдэхээ хоосон орхиод өнжүүлж болохгүй юм шиг  санагдаад тоглолтоо хийх гэж байна. Намрын налгар өдөр дуунд дуртай ард түмэн маань айраг, хуушуураа авчирч ирээд хамтдаа сайхан наадаж дуулъя гээд цочир шийдвэр гаргалаа. Цагаан сүлдээ зоож байгаад бид нааддаг шүү дээ. Энэ жил Монголын ард түмэн наадмынхаа дээл гоёлыг өмсч чадсангүй. “Монголоороо байгаасай” тоглолтод ирэхдээ дээлээ өмсөөд ирээрэй  гэж ард түмнээсээ хүсч байна.

-Үзэгчид заавал дээлээ өмсөх ёстой юу?

-Тусгаар тогтносон Монгол Улс байдаг юм шүү гэдгийг сануулж, "Монголоороо байгаасай" гэж дэлхийд орилж чаддаг юм шүү гэдгийг би харуулахыг зорьсон юм. Хүмүүс намайг дуулаач л гээд байдаг  щ. Ганцаараа тайзан дээр зогсч байвал ичмээр юм даа.

-Үзэгчдийн хүсэлтээр дуулж байна гэж үү?

-Намайг дуул гээд байсан шүү дээ, одоо дуулж өгье.

-Олон нийт таныг улс төрөөс илүү урлагтаа байхад чинь дуртай. Энэ нь  ч илүү танд  зохидог?

-Урлаг, улс төр хоёр амин чанартаа нэг л зүйл. Урлаггүйгээр улс төр байдаггүй, улс төргүйгээр урлаг байдаггүй.

-Таныг улс төрөөс "зодог тайлж" байна гэж ойлгож болох уу?

-Зодог тайлах гэж хэлэх нь зохисгүй байх аа. Надад тайлаад байх  зодог шуудаг ч байхгүй.  Би дээлээ л өмссөн хүн. Жавхлан дээлээ тайлахгүй нь ойлгомжтой. “Монголоороо байгаасай” гэдэг бол С.Жавхлангийн тэмцэл. Улс төрөөс үл хамааран би 15  дахь жилдээ энэ зүйлээ хийж байна.

С.Жавхлан хаана байх нь хамаагүй, тайзан ч дээр ч, Төрийн ордонд ч өөрийнхөөрөө л байх болно. Энэ бол миний тавилан юм даа.

Монголын эсрэг муу юм бүхний эсрэг би тэмцэнэ. Монголын сайн сайхан бүхний төлөө мөн С.Жавхлан тэмцэнэ. Энэ бол урлаг, улс төр гэхээсээ илүү миний тэмцэл, амьдралын минь зорилго. Түүнээс биш жижиг асуудал яримааргүй байна. Өргөн утгаар нь хүмүүс олж харах хэрэгтэй.

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа та Увс нутгийнхандаа гомдсноо янз бүрийн байдлаар илэрхийлсэн. Үүнийг нутгийнхан нь таагүй хүлээж авсан нь тодорхой. Ер нь яагаад тэгж хүчтэй "гомдол" гаргасан юм бэ. Магадгүй Увсынхан таныг урлагтаа байвал илүү амжилттай гээд  УИХ-д сонгоогүй байж болно шүү дээ?

-Шударга бус зүйлийг мэдсээр, харсаар байж тэмцэхгүй юм бол надаас өөр хэн тэмцэх үү. Тухайн үед миний гаргасан зүйлд муухай зүйл огт байгаагүй. Би үзэл бодлоо л хэлсэн. Сонгуульд унасан бусад хүн ч над шиг үзэл бодлоо ил илэрхийлэх хэрэгтэй. Тэд нар үгээ хураагаад яагаад чимээгүй болчихож байгаа юм. С.Жавхлан илэрхийлсэн болохоос биш би үнэнийг  хэлсэн. Мөнгөнд ялагдаад яваад байж болох юм уу. Мөнгөнд Монгол ялагдчихлаа. Энэ зүйлийг цаашид бүү гаргаасай гэсэндээ өөрийгөө би зольсон асуудал.

-Нутгаа ташуурдсан тэр үйлдэлдээ дараа нь  эмзэглэсэн үү?

-Юунд нь эмзэглэхэв дээ. Би үнэнийг хэлсэн. Тэнд таван чулуу  л үсрээ биз. Том том шанагаар нь хэдэн голыг тасдаж,  нүх болтол нь ухаж байгаа биз дээ. Энэ хоёрын зааг ялгааг нь олж хараач. Миний ташуур, бүс хоёрт таван чулуу үсэрсэн байх. Цаана нь эх орныг минь зарж, идэж байгаа хүмүүстээ хэлэх хэрэгтэй.

-Увсын ард түмнээс та уучлалт гуйх уу?

-Тоглолтын өдөр ирээд хараарай. Сэтгүүлч нар энийг нэлээд сонирхож байна. Тоглолт дээр ирээд хараарай гэж хэлье. Би нутгийнхандаа хандаж  тайзан дээрээс үг хэлнэ.

-Эргээд улс төрийн талаар асуухад, танд улс төрийн олон намаас санал цөөнгүй ирсэн гэсэн. Яагаад заавал Ардчилсан намыг сонгов. АН танд юу амласан бэ?

-Би бие даагч гишүүнээр суугаад үзчихлээ, харлаа, дахиад л бие даагч гишүүнээр дөрвөн жил суух надад утгагүй санагдсан. Тэд нарын мэддэг хэлээр нь тоглоод, аль нэг рүү орж цэвэрлээд яваандаа бүгдийг нь нэгтгэе гэсэн бодолтой л намд элссэн.

 Залуучууд нь аятайхан санагдсан болохоор АН-ыг сонгосон. Зөв залуучууд түрээд явна гэж харсан. Эрч хүчтэй, мундаг залуучуудтай гар, хөл нийлж болох юм байна гэж ирээдүйн хэтийг харсан учраас сонголт хийсэн.

-Улс төрийн энэхүү сонголтдоо та хэр итгэлтэй байгаа вэ. Амьдрал баялаг хойно, магадгүй нэг өдөр үзэл бодол тань өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй?

-Харж л байя. Цаг хугацаа харуулах байлгүй. Ер нь С.Жавхлангийн орсон юм дандаа өнгө орж явдаг юм.

-Та үндэсний үзэлтэй хүний хувьд саяхан өөрийн сошиал сүлжээгээр “Монгол төргүй болжээ,  Монгол төр Монгол бичиг соёлоо 700 сая юанаар зарчихлаа” гэж ихэд ундууцсан байсан?

-Би үнэнийг л хэлсэн. Монголын төр гөлөг болсон. Уут уут мөнгөөр угсаагаа доромжилж, хэдэн бор цаасаар хэлээ худалдчихлаа. Тэнгэрийн угшилтай, асар их өв соёлтой Монголын ард түмэн ийм байдлыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Тийм л учраас би дуугаа хоолойгоо илэрхийлсэн. Тусгаар тогтносон улс атлаа ах, дүүсээ өмөөрөөд үг хэлсэн ганц хүн байв уу.

-Таныг УИХ-ын гишүүн байхдаа саналаа тэрбумаар үнэлсэн гэх яриа гарч байсан. Энэ ер нь үнэн үү?

-Тухайн үед нь энэ талаар зөндөө тайлбар өгсөн. Миний гаргаж байсан шийдвэр бүгд оновчтой байсан. Хэрэв би нөгөө талд нь кнопоо дарсан бол  бас худалдагдлаа гээд ярих байсан биз. Тухайн үед нөхцөл байдлыг харж байгаад зөв оновчтой гаргасан улс төрийн шийдвэр. Мөнгөөр сонгуулийн саналаа өгдөг хүмүүс шиг, өнөөдрийн нийгмийн сэтгэлзүй шиг тийм залуу би бишээ.  Энэ талаар зөндөө ярьсан даа.

-Шинээр бүрдсэн парламентын тал нь шинэ хүмүүс, тэднээс та юу хүлээж байна вэ?

-Энэ талаар тоглолтын дараа ярилцъя тэгэх үү. Дуунуудынхаа үгийг сэргээж бэлтгэлээ хийе. Дараа нь ярилцах зөндөө цаг хугацаа гарна.

-Цөөн хором ярилцсан танд баярлалаа, тоглолтод нь амжилт хүсье.

-Монголоо өмгөөлж, хамгаалах сэтгэлтэй хүн бүхэн цугларах байх. “Монголоороо байгаасай” гээд бүгдээрээ Төв цэнгэлдэхдээ ганц өдөр наадацгаая. "Намайг дуул гэсэн та нар минь хүрээд ир" гэж л хэлье даа.  “Монголоороо байгаасай” гээд Жавхлан нь дуудаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
36
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж