Ялгаварлан гадуурхлыг ялсан эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Ялгаварлан гадуурхлыг ялсан эмэгтэй

Ялгаварлан гадуурхлыг ялсан эмэгтэй

News агентлаг энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа Рут Бейдер Гинзбургийг онцолж байна.


Рут Бейдер Гинзбург 1933 оны гуравдугаар сарын 15-нд АНУ-ын Нью-Йорк хотын Брүүклинд төржээ. Түүний эцэг нь Их хямралын оргил үед арьсны наймаачин байсан бол ээж нь даавууны үйлдвэрт ажилладаг байв. Рутын ээж Сэлиа Бэйдер ухаалаг, амбицтай эмэгтэй байжээ. Гэвч түүний гэр бүл ахыг нь коллежид сургахын тулд Сэлиаг 15 настай байхад хувцасны үйлдвэрт ажиллуулж эхэлсэн аж. Тэрбээр ахынхаа сургуулийн төлбөрийг олохын төлөө ажиллаж байв. Иймээс тэрбээр охиноо боловсролтой хүн болгохыг эрмэлздэг  байсан бөгөөд Рутыг чиглүүлэгч гол хүн байжээ.  Хожим тэрбээр хорт хавдраар өвдөж, Рутыг ахлах сургуулиа төгсөхөөс хоёр хоногийн өмнө нас барсан аж. Ийнхүү тэрбээр охиноо Жеймс Мэдисоны ахлах сургуулиа төгсөхийг харж чадаагүй.

ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ, МАНЛАЙЛАГЧ ЭМЭГТЭЙ

Харин Рут академик боловсролоо үргэлжлүүлэн Корнеллын их сургуулийг 1954 онд ангийнхаа шилдэг сурагчаар төгссөн байна. Тухайн жилээ Рут Бейдер маань  Мартин Гинзбургтэй гэр бүл болжээ. Тэднийг анх танилцахад нөхөр нь Корнеллын их сургуулийн хуулийн ангийн нэгдүгээр курсын оюутан байв. Гэр бүл зохиосноор Рут сурч боловсрохоо түр хойш тавьсан аж.

Тэрбээр анхны хүүхдээ 1955 онд өлгийдсөний дараа нөхөр Мартин нь хоёр жилийн хугацаатай цэргийн албанд морджээ. Рут нөхрөө цэргээс халагдаж ирмэгц Харвардын их сургуульд элсэн суралцав. Түүний академик зорилтод хувийн ямар ч бэрхшээл саад болж чадаагүй аж. Тухайлбал, 1956 онд төмсөгний хорт хавдраар өвдсөн нөхрөө асарч байхдаа ч Харвардын хуулийн сургуульд ангидаа тэргүүний сурагч хэвээр байв. Харвардад тэрбээр эрэгтэйчүүдтэй сурлагаараа өрсөлдөхийн хажуугаар хүүхдээ өсгөх эх хүнийхээ үүргийг ч цалгардуулаагүй. 500 оюутантай хуулийн ангид Рутаас гадна ердөө найман эмэгтэй байжээ. Тухайн үед тэрбээр хүйсээр ялгаварлах үзэлтэй ихээр нүүр тулдаг байснаас эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч болоход нь нөлөөлжээ. Улмаар Харвардын хуулийн дүгнэлтийн бүлгэмийн анхны эмэгтэй гишүүн болж өөрийгөө батлан харуулсан байна.

Түүнийг Харвардыг төгсөх үед нөхрийнх бие сайжирсан ба Рут хуулийн фирмд ажиллах санал хүлээн авчээ. Рут дахин нэг жил хуулийн сургуульд суралцах шаардлагатай байсан учраас Колумбиагийн хуулийн их сургуульд элссэн байна. Тус сургуулийг Рут 1959 онд төгсөхдөө мөн л тэргүүний сурагч байв.

АЖЛЫН ГАРАА ДАРДАН БАЙСАНГҮЙ

Хэдийгээр Рут хуулийн чиглэлээр хангалттай академик боловсрол эзэмшсэн ч 1960-аад онд ажлын талбарт хүйсээр ялгаварлах байдалтай нүүр тулжээ. Эмэгтэй хүн болохоор ажил олоход хэцүү байх үед нь АНУ-ын дүүргийн шүүгч Эдмонд Л.Палмиэри нарийн бичгээрээ ажилд авчээ. Эдмондын дор хоёр жил ажилласны дараа зарим хуулийн фирмээс ажлын санал ирэх болсон аж. Гэсэн ч эрэгтэй өрсөлдөгчийг нь бодвол түүнд санал болгох цалингийн хэмжээ бага байв. Тиймээс хуулийн фирмүүдийн ажлын саналаас татгалзаж, Олон улсын иргэний хууль журмыг боловсруулах Колумбиа төсөлд нэгджээ. Уг төсөл нь түүнийг Шведийн соёлд уусгасан гэж хэлж болно. Учир нь тэрбээр Шведийн иргэний хуулийн дадлага туршлагыг судлахаар тус улсад хэдэн жил амьдарчээ. Нэгдсэн улсад буцаж ирээд 1963 онд Рутжерсийн их сургуулийн хуулийн сургуульд профессороор ажиллаж эхэлжээ.

Үүний дараа тэрбээр 1972 онд Колумбиад ажиллах санал авснаар тус сургуулийн анхны эмэгтэй профессор болжээ. 1970-аад онд АНУ-ын иргэний нийгмийн холбооны эмэгтэйчүүдийн эрхийн төслийг удирдан найруулсан. Тухайн үедээ эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлахын эсрэг идэвхтэй тэмцэж, АНУ-ын Дээд шүүхэд энэ талаарх зургаан хэрэгт ялалт байгуулжээ. Рут 1980 онд АНУ-ын Колумбиа дүүргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллах болсон. Үүнээс 13 жилийн дараа 1993 онд тэрбээр Билл Клинтоны томилгоогоор АНУ-ын Дээд шүүхийн шүүгч болжээ.  2018 оныг хүртэл ажиллах хугацаандаа нэг ч өдөр алгасалгүй хэлэлцүүлэгт оролцож байв. Тэр ч бүү хэл Рут олон удаа хорт хавдрын эсрэг химийн эмчилгээ хийлгэж байхдаа, нөхөр нь 2010 онд нас барсны дараа өдөр ч ажлаа хийсээр байжээ. Рут Гинзбург өөрөө есдүгээр сарын 18-нд нойр булчирхайн хорт хавдраар таалал төгссөн юм.

Гинзбург нь тууштай либерал үзэлтэн бөгөөд Дээд шүүхэд шүүгчээр ажилласан хоёр дахь эмэгтэй, еврей гаралтай хүн байсан бөгөөд хэзээ ч шашин шүтлэгээ өөрчилж, орхиогүй гэдгээрээ бахардаг байв.

ФЕМИНИЗМИЙН СУУРИЙГ ТАВИГЧ 

Ерөнхийлөгч Билл Клинтон 1993 онд АНУ-ын Дээд шүүхийн хуучинсаг үзэлтэй бүрэлдэхүүнд чадварлаг бас улс төрийн ур чадвартай хүнийг оруулахыг зорьжээ. Ийнхүү Рут АНУ-ын Дээд шүүхэд орж ирснээр олон өөрчлөлтийн суурийг тавьж, хүйсийн тэгш харилцааны эхлэлийг тавьсан гэж үздэг. Зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч байгаагүй юм.

Рут эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил боломж олгогдох ёстой гэх үзэл баримтлалыг нэвтрүүлсэн ба энэ нь орчин цагийн феминизмийн суурь байв. Мөн тэрбээр ажилчдын эрхийг хамгаалах, улс төрийн хэргийг шашнаас салгах зэрэг үйлсэд хувь нэмрээ оруулжээ.

Дээд шүүхэд ажилд орсон эхний өдрөө Рут үсээ нямбай боож, алдарт загвар зохион бүтээгч Жиоржио Арманигийн урласан хар хослолоор гангарсан байв. Дээд шүүхийн танхимд өмнө нь олон удаа ажиллаж байсан ч шүүгчийн хувиар анх удаа иржээ.  Дээд шүүхэд ажилдаа ирсэн эхний өдрөөс л хүйсээр ялгаварлах байдалтай нүүр тулсан нь тэнд эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө байдаггүй байв. Дээд шүүхийн найман эрэгтэй шүүгчийн дунд ганцаараа байсан ч Рутын тэмцэл хүчтэй байжээ. Энэ цагаас хойш олон өөрчлөлт авчирсны нэг нь Виржиниагийн цэргийн институт зөвхөн эрэгтэйчүүдийг элсүүлдэг байсныг өөрчилжээ. Рут  хожим 2018 онд тус институтад зочлоход 1700 сонсогчийн 200 нь эмэгтэй оюутан болсон байв. Мөн  зөвхөн эмэгтэйчүүдэд боломж нээсэн юм биш. Рутын ачаар хүүхдээ асардаг ганц бие эцгүүд улсаас халамжийн мөнгө авах боломжтой болжээ. Хүүхдээ асрах нь эмэгтэйчүүдийн үүрэг гэж үздэг байснаас ганц бие эцгүүдэд халамжийн мөнгө олгогдоггүй байсан аж.

АМЖИЛТЫНХ НЬ АРД НӨХӨР НЬ БАЙВ

Рут, Мартин нар залуудаа

Рутын амжилтын нууц нь түүний шаргуу, хөдөлмөрч зангаас гадна нөхрийнх нь хоёргүй дэмжлэг байжээ. Амжилтанд хүрэхэд ханийнх нь дэмжлэг ямар чухал байсныг үргэлж дурсдаг. Рут, Мартин нар 56 жилийн турш ханилжээ.  Нөхөртэйгөө 17 настай байхдаа найзуудаараа дамжуулан танилцжээ. Тухайн үед Мартины эцэг, эх нь өөрсдийн байгуулсан их дэлгүүрийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байв.

Мартин өндөр, спортлог биетэй, харц булаам залуу байжээ. Мөн Корнеллын коллежийн гольфийн багийн од байсан аж. Рут анх Мартинтай танилцсан сэтгэгдэлээ найзууддаа хэлэхдээ “Тэр миний уулзаж байсан залуусаас ялгаатай нь мэдлэг, ухааныг минь үнэлсэн анхны эрэгтэй байлаа” хэмээжээ. Тэд хамтдаа сургуулиа төгсөхөөр хичээллэж эхэлсэн ба Рутыг дагаад Мартин Харвардын их сургуульд элссэн байна. Хэдийгээр Мартин анагаах чиглэлд сонирхолтой байсан ч Рутыг дагаад хуулийн сургуульд элссэн аж. Тэд сургуулиа төгсч, хуримаа хийхэд Мартины талаас Рутад гольцийн клубыг инж болгон бэлэглэжээ. Хосууд 1955 оны долдугаар сарын 21-нд охин Жейн Карол Гинзбургийг өлгийдөн авав. Мартин 1957 онд автомашины осолд орж, эмчлүүлэх явцдаа төмсөгний хорт хавдраар өвдсөнөө мэдсэн байна. Тухайн үед Рут өдөр нь сургуульдаа явж, орой нь нөхрөө харж асардаг байв. Азаар нөхөр нь удалгүй эдгэрч, хөл дээрээ  босчээ. Рут 1965 онд хүү Жеймсээ төрүүлсэн. Хүү нь Чикагод байрлах классик хөгжмийн дуу бичлэгийн “Cedille Records” үүсгэн байгуулагч, захирал. Харин охин нь Рутын мэргэжлийг өвлөн Колумбиагийн хуулийн сургуулийн профессороор ажилладаг. Рут дөрвөн ач, зээтэй.

Мартин нас барахаас өмнө
Рут охин, хүү, ач нарынхаа хамт
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж