ОХУ-ын Буриадад малчдыг малын эмчийн анхан шатны сургалтад хамруулж эхэлсэн байна. Буриадын эдийн засагт мал аж ахуй идэвхтэй байр суурийг эзэлдэг. Малчдыг мал эмнэлгийн анхан шатны мэдлэгт сургаснаар малын эмчийг дуудан цаг алдалгүйгээр малдаа анхан шатны тусламж үзүүлэх боломжтой болох юм.
Буриад улсын Хөдөө аж ахуйн яамны зөвлөх төвийн дарга Аюна Цыренжаповын хэлснээр ийм сургалт явуулах хэрэгцээ амьдралаас урган гарсан ажээ. Малчид гол төлөв суурин газраас алс суурьшин малаа малладаг учраас малын эмчийн шаардлага гарсан үед дуудлага өгөхөд тэр болгон шуурхай очиж чаддаггүй байна.
Дор хаяж 20-30 км туулж байж малын эмч очиж байгаа нь малчдад цаг хугацааны төдийгүй эдийн засгийн хувьд ч зарим үед зарлагатай байдаг ажээ. Олон малтай малчин малын эмч ажиллуулна гэвэл бүүр илүү их зардал гаргах хэрэгтэй болдог байна. Энэ мэт шалтгааны улмаас малчид амл эмнэлгийн анхан шатны мэдлэгтэй байж, шаардлагатай тусламжийг малдаа үзүүлж чаддаг байвал илүү үр ашигтай болох юм.
Буриадын Хөдөө аж ахуйн академитай хамтарсан "Мобильный ветеринарный санитар" төслийн хүрээнд малчдыг сургаж байгаа юм. 108 цагийн энэ сургалтаар малын голлох өвчнүүдийн талаар ойлголт авч, хэрхэн эмчлэх, өвчтэй малыг хэрхэн асрах зэрэг мэдлэгийг өгч байгаа юм. Сургалт онлайнаар явж байгаа учраас малчид малаасаа хөндийрөлгүй сурч байгаа нь давуу тал болж байна.
Нөгөө талаар орон нутагт дутагдалдтай байгаа малын эмч, сувилагчийн орон тоог нөхөх боломжийг олгож байгааг Аюна Цыренжапова хэллээ.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд бод малын зохиомол хээлтүүлгийн видео сургалтыг үнэ төлбөргүй орж байна.
Өнгөрсөн зун явагдсан анхны сургалтад 17 малчин хамрагджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ