НӨАТ-ын баримт өгч байгаа эсэхийг хянана

Хуучирсан мэдээ: 2016.02.10-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын баримт өгч байгаа эсэхийг хянана

Нийслэлийн Засаг дарга, Гааль, татварын ерөнхий газрын дарга хамтран НӨАТ-ын болон Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамжийг саяхан гаргасан юм. Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн ЗДТГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хэлтэс хамтран аж ахуйн нэгжүүд, иргэдэд НӨАТ-ын баримт өгч байгаа болон ямар нэгэн зөрчил гаргаж буй, эсэхийг нэг сарын хугацаанд хянан, хуулийг хэрэгжүүлэхэд анхаарахаар болсон байна.

Хамтарсан ажлын хэсгүүд хоёрдугаар сарын эхнээс хяналтаа чангатгажээ. Нийслэлийн Татварын газрын дарга Х.Төмөрбаатар "НӨАТ-ын урамшууллын систем нийслэлд төдийлөн сайн хэрэгжихгүй байна. Аж ахуйн нэгжүүд бүгд кассын машин ашиглахгүй, иргэдийг хохироож байгаа. Дүүрэг бүрт ажлын дэд хэсэг байгуулсан" гэв. Хууль хангалттай хэрэгжихгүй байгаа учир баримт өгөхийг аж ахуйн нэгжүүдээс шаардахыг иргэдэд сануулж байлаа. Нийслэлд 80.431 аж ахуйн нэгж байгаагийн 23 мянга нь НӨАТ-ын системд холбогджээ.

Хэрэв аж ахуйн нэгж НӨАТ-ын тусгай код бүхий тасалбар олгоогүй бол тайлант хугацааны орлогын үнийн дүнгийн хоёр, бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол орлогын дүнгийн 20 хувиар торгууль нэмж төлөхөөр хуульд заасан байдаг аж. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү "Худалдаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг сургалтад хамруулж байгаа. Хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар ажиллана гэхээр аж ахуйн нэгжүүдийг дарамтална гэж ойлгож болохгүй. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан байнга очиж, торгохыг зорилгүй, аль болох ачаалал үүрүүлэхгүй, иргэдийг хохиролгүй байлгахад анхаарна. Кассын машин "шахах" гээд байгаа хэрэг биш юм шүү" гэв. Тэрбээр мөн "Нарантуул" захын зарим худалдаачин хуулийн дагуу татвар төлж байгаа компаниас илүү орлого олдог ч баримт өгдөггүй. Иймээс иргэд, аж ахуйн нэгжүүдийг эрх тэгш татвар төлүүлэх зорилго тавьсан" хэмээн тайлбарлажээ.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж