Хувцас загварт дахин хувьсгал хийх цаг иржээ | News.MN

Хувцас загварт дахин хувьсгал хийх цаг иржээ

FASHION

Хувцас загварт дахин хувьсгал хийх цаг иржээ

Хувцас загварт дахин хувьсгал хийх цаг иржээ

Хувцас гэдэг үргэлж эзнийхээ үнэ цэн, хүсэл эрмэлзэл, амьдралыг илтгэж байдаг. Тэгвэл загвар зохион бүтээгч Бел Жэкобс үүнийг өөрчлөх цаг болсон хэмээн үзэж байна.

"2020 он бидний амьдралын хамгийн хүнд жил болж байна" хэмээн маш олон шинжээчид, тоймчид дүгнэж байгаа билээ. Мөн өнөөгийн нийгмийг соёлын өөрчлөлтөд хамгийн сайн хөтлөх хүчин зүйл бол хувцас загвар гэдгийг Лондоны загварын коллежийн соёл, түүхийн тэнхмийн эрхлэгч Каролин Стивенсон онцолжээ. Тэрбээр “Хувцас загвар үеэс үед нийгмийн өнгө төрхийг илтгэсээр ирсэн. Сайн харвал үе үеийн хувцаснууд тухайн үеийн нийгмийнхээ үнэт зүйлийг хадгалсан байдаг” хэмээн ярьжээ.

Хувцас загварын түүхийг нарийн судалбал сонирхолтой зүйл маш олон тааралддаг. Ялангуяа хүн төрөлхтний амьдралд тулгарсан маш хүнд асуудлууд хувцас загварт хүчтэй нөлөөлж, шинэ өөрчлөлт авчирдаг. Тухайлбал, дэлхийн I, II дайн хувцсыг аль болох энгийн, практик, хэмнэлттэй болоход ихээр нөлөөлсөн. Фронтод хамгийн чанартай бүхнийг илгээж байхын тулд давхар товчтой хүрэм, түрийг нь нугалж өмсдөг өмдний эсгүүрийг өөрчилж, дан товчтой хүрэм, богино өмдөөр сольсон нь тухайн үедээ эрчүүдэд төдийлөн таалагддаггүй байлаа. I дайны дараа бүс ховордож, цахилгаан товч, резин дэлгэрсэн нь эрчүүдийн дургүйг хүргэж байв. 1930-аад оны их хямралын дараа төстэй үйл явдал болж, америк бүсгүйчүүд дэрвэгэр, ганган даашинзаа энгийн, шулуун даашинзаар сольсон билээ. Ингэх нь түүхий эдийн нөөцийг ашигтай зарцуулахад нэмэртэй байсан ч бүсгүйчүүд болсон хойно материал бага зарцуулахаар жижиг чимэглэл хийдэг байж.

Мөн энэ бүхнээс гадна ажиллах хүчийг хэмнэж, дайнд зарцуулахын хэрээр мэргэжлийн оёдолчид эрс цөөрч, иргэд оёдолчноор хувцас хийлгэх, засуулах нь багассан аж. Тэр байтугай засгийн газрууд иргэдээ хуучирсан, муудсан хувцаснуудаа засч, сэлгэж, аргалж өмсөхийг уриалах болжээ. 1950-аад он, дэлхий II дайны сүүдрээс арайхийн мөлхөн гарч ирж байх үед Кристиан Диор загварын хувьсгал хийж биед таарсан хүрэм, бэлхүүс тодотгосон өмд, тааз тодотгосон А хэлбэртэй банзал зэргийг танилцуулсан нь хүнд хэцүү үеийг мартаж, хөгжил цэцэглэлтэд хөл тавихад иргэдэд том тус хүргэсэн билээ.

Хүнд хэцүү цаг үе ингэж хувцас загварт нөлөөлдөг аж. Хүний эрхийн хөдөлгөөн, дайныг эсэргүүцэх хөдөлгөөн, улс төрийн аллага, шинээр гарч ирж буй залуу үеийн үзэл бодлын ялгаа зэргээр тодорхойлогддог 60-аад оноос эхлээд түүхий эдийн хүрэлцээ сайжирч эхлэхэд үрэлгэн зан эргээд сэргэжээ. Хүн бүр хоорондоо яг адилхан хувцсаар жигдэрсэн хэдэн зууны эцэст залуучууд өөр өөрсдийн хувцасны шүүгээтэй болж, гадаад орнуудын нөлөө, шинэ санаануудаас бүрдсэн олон янзын хувцаснуудыг зоргоороо өмсөх болсон юм.

Тэгвэл өдгөө шинээр эхэлж буй шинэ арван жил ямар байх ёстой вэ? Сүүлийн хэдэн сард хүн төрөлхтний туулсан хүнд зүйлс, зовлон зүдүүр, уналт, босолт хувцас загварт хэрхэн нөлөөлөх бол? Дэлгүүрүүд, үйлдвэрүүд хаагдаж, фирмүүд дампуурч, худалдан авагчид санхүүгийн хямралд орж, өдөр бүр айдас түгшүүр дор амьдарч байгаа энэ үед хувцас загварын салбар тэсч үлдэж чадах болов уу? Үлдлээ гэхэд чухам юу болж үлдэх вэ? Эдгээр асуултад хариулахын тулд хувцас загварын мэргэжилтнүүд сүүлийн саруудад толгойгоо гашилгаж, маш завгүй ажилласаар байна. Том фирмүүдийн хамгийн их анхаарал хандуулж буй хүчин зүйл бол эрүүл мэнд болсон гэдгийг "Ирээдүй" лабораторийн стратегийн зөвлөх Аби Буллер ярьжээ. Тэрбээр “Эрүүл мэндэд тусгайлан анхаарч буй загварын фирмүүд олширч байна. Жишээ нь, "Diesel" брендийн шинэ цуглуулгад багтсан арьсан хувцаснууд бактерийн эсрэг давхаргатай болсон байна” хэмээн хэлсэн байна.

Мэргэжилтнүүдийн харж буйгаар ирээдүйд хувцас бол гангараа гэхээс илүү хэрэглээ болох аж. Жишээлбэл, ямар нэг осол болох үед эзнээ хамгаалах, тэр дундаа цаг уур эрчимтэй өөрчлөгдөж буй энэ үед цаг агаарын байдлыг мэдэрч, эзэндээ тохируулан өөрчлөгддөг модуль загвар мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татаж байгаа юм. “Хотуудын амьдрах нөхцөл улам хүндрэх болно” хэмээн футурологич Жералдин Варри ярьжээ. Тэрбээр "Nike" брендийн сүүлийн үед анхаарч буй хөгжин дэвших, хамгаалах, дасан зохицох, хамгаалах хэмээх дөрвөн шаардлагыг онцлон тэмдэглэсэн байна.

“Ирээдүйн талаар тодорхойгүй, бараан, бүрхэг байдлаас шалтгаалж бид хувцсыг өөрийн үнэ цэнээ илэрхийлэхийн тулд биш, амьд үлдэхийн төлөө өмсдөг болно. Загварын фирмүүд загварлаг гэхээс илүү тухтай, найдвартай хувцас бүтээхийг эрмэлзэх болно. Бид аль хэдийн бусдад гоё харагдахын тулд хувцаслахаа больж эхэлсэн байна. Түргэн загварыг халж, байгальд илүү ээлтэй амьдрах шаардлага тулгарч байна” хэмээн Стивенсон ярьжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж