Төрийн шагналт “Баян Монгол” чуулга Х.Төмөрбаатарыг дурсана

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

Төрийн шагналт “Баян Монгол” чуулга Х.Төмөрбаатарыг дурсана

Төрийн шагналт “Баян Монгол” чуулга Х.Төмөрбаатарыг дурсана

Монгол Улсын филармони хэмээх их айлын үүдээр ормогц чихэнд сонсголонтой “чамин” хөгжим эгшиглэх аж. Уран бүтээлчид юунд ч юм яарч, нүүрэнд нь баярын мишээл тодорно. Учир юу гэвээс Улсын филармонийн 49 дэх жилийн үзвэрийн нээлтийн тоглолтыг “Баян Монгол” чуулгынхан нээх хүндтэй үүргийг хүлээн авч, тоглолтод зэхэж буй нь энэ.

Улсын филармонийн шинэ улирлын нээлтийн тоглолтыг өмнөх жилүүдэд гурван оркестр хамтран зохион байгуулдаг байсан. Сүүлийн жилүүдэд энэ жишгийг өөрчилж, чуулга бүр өөрсдийн өнгө аясаар тоглолтоо хүргэдэг болсон билээ.  Өнгөрсөн жил Төрийн соёрхол шагнал хүртсэн “Баян Монгол” чуулгын уран бүтээлчид “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлийн концертоо есдүгээр сарын 26-ны 18.00 цагт өөрийн тайзнаа хийхээр товложээ.

Энэ үеэр Монгол Улсын филармонийн захирал С.Баттулга ярихдаа “Улсын филармонийн уран бүтээлчид Ёс зүйн зөвлөлтэй болж байгаа. Захиргааны ажилчдын хувьд өнгөрсөн хугацаанд дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөг шинээр боловсруулж, маш чухал бодлогын бичиг баримтаа баталлаа. Мөн хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ авч, ажлын хэсэг байгуулаад явж байна.

Ингээд бодлогын бичиг баримт, ажиллах журам, уран бүтээлийн бодлогтой холбоотой уран сайхны журмаа дахин шинэчиллээ. Бид 2022 онд 50 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тиймээс хоёр жилийн өмнөөс эхлэн ойн арга хэмжээндээ бэлтгэж, түүхэн ойг угтсан ажлуудыг эхлүүдээд байна” гэдгийг дуулгалаа. Мөн тэрбээр ирэх хавраас Улсын филармонийн үйл ажиллагаа, уран бүтээлийг танилцуулсан үнэ төлбөргүй тоглолт хийхээр төлөвлөж байгаа гэв.

Харин “Ганган Дагшаа” тоглолтын талаар Улсын филармонийн ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Баян Монгол” чуулгын уран бүтээлчид 2019 онд 50 жилийн ойн хүрээнд монгол уран бүтээлчдийн хос цомог гаргасан. Уг цомгоос Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүдийг түүвэрлэн, шинэчилсэн найруулгатай үзэгчдэд хүргэнэ. Ардын дууг жазз оркестрт хөрвүүлэн найруулж байгаагаараа энэ удаагийн тоглолт онцлог” гэв.

“Манай чуулгын хос цомогт багтсан 1960, 1970-аад оны дуунуудаас гадна шилмэл ардын дуунуудаараа нээлтийн тоглолтоо хийх гэж байна. Мөн 1981 онд гаргасан “Баян Монгол” пянзны уран бүтээлийг шинэчлэн найруулж, “Баянмонгол-50 жил” пянз дахин хэвлүүлж байгаа. Тун удахгүй Япон улсаас ирэх байх. Саяхан Улсын филармонийн “Баян Монгол” чуулгыг үндэслэн байгуулсан анхдагчдын нэг Гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар ах маань бурхан боллоо. Талийгаач маань сүүлийн жилүүдэд БНХАУ-д ажиллаж, амьдарч байсан. Түүхт 50 жилийнхээ ойн арга хэмжээнд ирж оролцож байсан. Цаашид бид ахмад уран бүтээлчдийнхээ уран бүтээлийг үргэлжлүүлж, уран бүтээлийг нь дахин амьдруулна“ хэмээн “Баян Монгол” чуулгын удирдаач С.Саруул-Од ярилаа.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж