БШУЯ: 78 нэр, төрлийн 780 мянган сурах бичгийг тараасан

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

БШУЯ: 78 нэр, төрлийн 780 мянган сурах бичгийг тараасан

БШУЯ: 78 нэр, төрлийн 780 мянган сурах бичгийг тараасан

Хичээлийн шинэ жил эхлээд 20 гаруй хоног өнгөрчээ. Гэтэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сурах бичиг хүрэлцэхгүй байна гэсэн гомдлыг эцэг эхчүүд тавих болсон.  Уг нь Ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/  бага ангийн сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийн сурах бичгийн 40  хүртэлх хувийг төрөөс  үнэгүй хангадаг билээ. Энэ удаад сурах бичгийн хүрэлцээ хэр байгаа талаар сурвалжиллаа.


НАЙМДУГААР САРЫН 15-Д СУРАХ БИЧГҮҮДИЙГ  ХҮРГЭЖ  ДУУССАН

Нийслэлийн боловсролын газрын номын сан, сурах бичиг, цахим төлбөрийн карт хариуцсан мэргэжилтэн Ж.Халиунаа хэлэхдээ Боловсролын яамнаас  өгсөн мэдээллийн дагуу энэ жилийн хувьд улсын хэмжээнд бага ангийн 40 нэрийн 628.886 ширхэг сурах бичиг, нийт 100 нэр төрлийн  1.071.217 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлсэн. 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд  I-XII ангид нийт 137 төрлийн сурах бичиг хэрэглэнэ. Аймаг дүүргийн боловсролын газруудад хүргэлтийн хуваарийн дагуу нөхөн хангалтын сурах бичгүүд  наймдугаар сарын 15-ны байдлаар хүргэгдэж  дууссан.

Нэгдүгээр ангийн  дуу хөгжим, хүн орчин  сурах бичгийг дахин ашиглах боломжтой байдаг учраас 100 хувь  биш 40 хувь хэвлэн нийтлүүлсэн бол арванхоёрдугаар ангийн заавал судлах хичээлийн буюу монгол хэл, математик, мэдээллийн технологи, дизайн технологи, иргэний ёс зүйн боловсрол, эрүүл мэнд, англи хэл, орос хэл, уранзохиол, үндэсний бичиг гэсэн арван  нэрийн сурах бичгийг  улсаас хангаж байгаа.

Өнгөрсөн жилийн хувьд коронавирусээс шалтгаалан хичээлийн төгсгөлд түрээсийн номоо сурагчдаас  аваагүй тохиолдол гарсан. Сурагчдаас номоо авсны дараагаар дахин тулгалт хийж дутсан ном байвал боловсролын төвд хандан нөхөн хангалтаар ном авдаг. 2009-2019 он хүртэл ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь номын худалдаанаас сурах бичгээ худалдан авах зохицуулалт үйлчилж байсан. Харин 2019 оноос эхлэн сурах бичгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлснээр ЕБС-ийн 6-12 ангийн сурах бичгийн хувьд зах зээлд худалдаалахаа больж сургуулийн номын сангаас хичээлийн жилийн  төгсгөлд буцааж өгөх зохицуулалт хийгдсэн. Түрээсийн сурах бичгийг амьдралын нөхцөл боломж муу, нэг өрхөөс 3-4 хүүхэд  зэрэг суралцдаг, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд жилийн  хугацаанд олгодог” гэв.

ТУХАЙН СУРГУУЛЬД СУРАХ БИЧИГ ДУТАЖ БАЙГАА БОЛ ХҮҮХДИЙН  ТООГОО БУРУУ ӨГСӨН ГЭСЭН ҮГ

Харин Боловсрол шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “2019-2020  оны хичээлийн жилд Засгийн газрын тогтоолоор бүх сурах бичгийг тухайн сургуулийн номын сангаар дамжуулж сурагчдад түрээслэх үйлчилгээ нэвтрүүлсэн. Өнгөрсөн хичээлийн жилд 78 нэр, төрлийн 780 мянга орчим буюу нийт сурах бичгийг хэвлэж, орон нутаг болон нийслэлд хүргүүлсэн. 2020-2021 оны хичээлийн жилд ЕБС-д 680 мянга орчим хүүхэд суралцана гэсэн судалгаа гарсан. Энэ нь өмнөх жилээс 45 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэгэхээр дээрх хүүхдүүдийн нөхөн хангалтын сурах бичгийг орон нутгуудад наймдугаар сарын 1-15-ны хооронд хүргүүлсэн.

Тухайн сургууль хүүхдийн тоогоо үнэн зөв өгч, элсэлт төгсөлтийн бодлогоо зөв тодорхойлсон бол боловсролын салбарын мэдээллийн систем дээр байгаа хүүхдийн  тоогоор нь сурах бичиг нь хүргэгдэнэ. Хэрэв тухайн сургуульд сурах бичиг дутаж байгаа бол  хүүхдийн сургууль тоогоо буруу өгсөн гэсэн үг.

Тоогоо дутуу өгсөн сургуулиудад сурах бичиг илүү гарсан сургуулиас хангалт хийх боломжтой” гэв.

 ӨНӨӨДРӨӨС  ЭХЛЭН ШИНЭ СУРАХ БИЧГҮҮДИЙГ ТАРААЖ БАЙНА

Ерөнхий боловсролын  50 дугаар сургуулийн сургалтын менежер Э.Гантуяа:

-Есдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл  бататгах хичээл орох учраас сурагчид  өмнө жил хэрэглэж байсан  сурах бичгээ үзэж  байна. Манай сургуулийн хувьд  өнөөдрөөс /2020.09.23/ эхлэн   энэ хичээлийн жилд үзэх шинэ сурах бичгүүдийг тарааж байна. Бага ангийн хувьд сурах бичгийг 100 хувь улсаас даадаг учраас манай сургуулийн хувьд сурах бичиг хангалттай хүрэлцэж байгаа. Дунд ахлах анги буюу VI-XII ангийн нийт хүүхдийн 40 хувь нь ямар ч үнэ төлбөргүйгээр номын сангаас сурах бичгээ авна.

Харин үлдсэн 60 хувь нь түрээсийн сурах бичиг буюу төлбөртэй ашиглах үйлчилгээний сурах бичгийг хэрэглэнэ. Энэ нь зургадугаар ангийн хүүхэд 13 нэр төрлийн сурах бичиг хэрэглэдэг бол багцаараа 13-уулаа хүүхдэд очно гэсэн үг. 

I-V ангийн хүүхдүүд   6-10 нэр төрлийн сурах бичиг, дунд анги  13-18 нэр төрлийн сурах бичиг ашигладаг бол ахлах ангийн сурагчид 10-16 нэр төрлийн ном ашигладаг.   Боловсрол шинжлэх ухааны яам руу захиалгаа зөв өгөх юм бол ном дутах асуудал үүсдэггүй. Сурах бичиг дөрвөн жилийн хугацаатай ашиглагддаг. Хугацаа нь дууссан сурах бичгийг актлаад, нөхөж шинэ сурах бичгүүдээ татаж авдаг учраас нарийн тоо хэлэх боломжгүй. Ямартай ч нийт сурах бичгийн 40 хувь актлагддаг.

НЭГ ХҮҮХЭД НЭГ Л НОМ АШИГЛАЖ БАЙНА

Ерөнхий боловсролын I сургуулийн бага ангийн номын санч хэлэхдээ “Өнгөрсөн хичээлийн жилийн хувьд коронавирусийн улмаас хүүхдүүдийн амралт сунгагдсан учраас сурах бичгүүдээ хурааж авч чадаагүй. Наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхээр хуучин номуудаа  хурааж аваад хэдэн өдрийн өмнөөс шинэ сурах бичгүүдээ тараагаад дууссан.  I ангиас бусад ангиуд нөхөн олголтоор ирсэн номуудыг хуучин номтойгоо хамт хольж  ашиглаж байгаа. Харин  I ангийн  бүх номууд шинээрээ сурагчдад очиж байгаа. Нэг хүүхэд нэг л ном ашиглаж байгааг харахад сурах бичгийн хүрэлцээ сайн байна" гэлээ. 

Албаны хүмүүс, сургуулийн ажилтнууд ийн хэлж байна. Харин эцэг эхчүүдийн зүгээс нэг ангид суралцаж буй нийт хүүхдүүдийн талд нь ном олгож байна гэсэн гомдол шүүмжлэлийг хэрэх болсон. Ямартай ч ЕБС-ууд номоо бүрэн гүйцэд тараагаагүй, сурагчид сурах бичиггүй 20 хонож байгаа гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж