Төрийн аудитын зөвлөмжийн биелэлтэд мониторинг хийж буй “Үнэн Хатамж” ТББ-аас өнөөдөр /2020.09.23/ төсвийн хяналт хэрэгжихгүй байгаа талаар мэдээллэв.
2019 онд Төрийн аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээг цаг тухайд нь шилэн дансны цахим хуудсанд ил тод болгоогүй 12 тохиолдол байсан бол энэ онд 30 болж өссөн байна.
“Үнэн хатамж” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж. Сайнзаяа:
Мэдээллээ цаг хугацаандаа оруулахаас гадна аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээг ил тод болгох нь чухал ач холбогдолтой. Тухайлбал 2019 оны байдлаар Монгол банк, АТГ аудитын мэдээгээ оруулсан ч авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ оруулаагүй байна. Төрийн аудитаар илэрсэн алдаа дутагдлууд жил бүр давтагдан гарч байгаа нь хэрэгжилт муу байгаатай шууд холбоотой гэж мониторингийн баг үзэж байна.
Монгол улсын төсвийн төсөл, гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийн хэрэгжилт ч хангалтгүй байна. 2016 оны Нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар өгсөн найман зөвлөмжийн гурав нь дутуу хэрэгжсэн, гурав нь хэрэгжих шатандаа, хоёр нь огт хэрэгжээгүй байна.
Улсын Их Хурлын анхааралд төсвийн тогтвортой байдал хангагдахгүй байгаа талаарх удаа дараа давтагдаж буй зөрчлийг 2019 оны нэгдсэн төсвийг батлахдаа бүрэн залруулж, зөвлөмжийг цаашид жил бүрийн төсөвт баримталж, мөрдөж хэвших шаардлагатай байна. Гэсэн ч зөрчил 2020 онд давтагдсан, 2021 онд давтагдах магадлалтай байна. Мөн 2019 оны төсвийн төсөлд тусгагдсан хөрөнгө оруулалтын ихэнх төсөл хөтөлбөрүүд нь Төсвийн тухай хуудийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасны дагуу нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор эрэмблэгдээгүй, улсын хөгжлийн урт болон дунд хөгжлийн бодлого, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, салбарын хөгжлийн бодлогтой уялдаагүй байна.
Б.Сумъяабазар