"Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хурал, нэвтрүүлэг хийсэн"

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хурал, нэвтрүүлэг хийсэн"

"Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хурал, нэвтрүүлэг хийсэн"

Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийн зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Сүүдэр бүү тусга" аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү аяны талаар болон хүүхдийн хүчирхийллийн хууль дүрмийн талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.


"ИРГЭД МААНЬ БИЕ БИЕДЭЭ ТУСЛАДАГ БАЙГААСАЙ ГЭЖ БИ ХҮСЧ БАЙНА"

“Сүүдэр бүү тусга” аяны талаар Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.ЗОЛЖАРГАЛ:

-Энэ оны есдүгээр сарын 10-наас эхлэн нэг сарын хугацаатай “Сүүдэр бүү тусга” аяныг өрнүүлж байна. Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль,  Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулинд яг хүүхдийн эрх хамгаалалтай холбоотой бүлэг заалт тусгасан байдаг. Тодорхой хэрэгжих ажлууд нь төдийлөн хэрэгжихгүй, хүүхдийн эрх зөрчигдөх, гэмт хэргийн улмаас хүүхэд хохирч байгаа байдал буурахгүй байгаа тул цагдаагийн байгууллагаас санаачлаад хүүхдийг гэмт хэрэг зөрчил, бэлгийн хүчирхийлэл болон аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилгоор “Сүүдэр бүү тусга” аяныг зохион байгуулж байна. Бидний энэхүү аяныг дэмжиж гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дэлхийн зөн монгол олон улсын байгууллага, JCI Монгол ТББ зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа.

Энэхүү аяны хүрээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх ажлыг эрчимжүүлж байна.

-"Сүүдэр бүү тусга" аяны хүрээнд ямар ямар шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна вэ?

-Эхний ээлжинд хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах чиглэлээр иргэд рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хүргэж байна. Мөн хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Дэлхийн зөн байгууллагатай хамтран “Маргаашийн бид” онлайн хэлэлцүүлгийг хийсэн. Сэтгүүлчдийн дунд ч хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хүүхэд хамгаалал сэдвээр нийтлэлийн уралдааныг зарлаж, нэвтрүүлэг, уулзалтыг хийсэн. Цаашдаа прокурор, хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газартай хамтран бэлгийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр онлайн хурлыг хийхээр төлөвлөж байна. Сургуулийн насны болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд рүү чиглэсэн бага насны хүүхдэд ялангуяа эмэгтэй хүүхдэд танихгүй мэдэхгүй хүн хүрч болохгүй талаарх сургалтыг шат дараалалтай зохион байгуулж байгаа бол эцэг эхчүүдэд чиглэсэн онлайн сургалтыг явуулахаар төлөвлөж байна.

-Аян хэр үр дүнтэй өрнөж байна вэ?

-Энэ аяныг өрнүүлсээр иргэдийн оролцоо маш их нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай урьдчилан сэргийлэх хэлтэс гэсэн фэйсбүүк хуудасны хандалтыг үзэхэд хүмүүст энэ аян маань хэрхэн хүрч байгааг харж болно. Үнэхээр иргэдэд хүрч байна. Учир нь “Сүүдэр бүү тусга” аяныг өрнүүлж буй энэ хугацаанд хүүхэд хохирсон хэргүүд гарлаа. Иргэд ч цахим сүлжээнд дуу хоолойгоо хүргэж байна. ТББ-ууд манай аяныг дэмжиж байна. Манай аянтай холбоотой, эцэг эхчүүдэд чиглэсэн өнөөгийн нийгмийн үнэн байдлыг харуулсан видео контентыг сайн дураараа бидэн рүү илгээж байна. Мөн манай аяныг дэмжин ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байгууллага, хувь хүмүүс их байна.

-Сүүлийн өдрүүдэд хүүхэд хохирогч нь болсон гэмт хэргүүд олон гарлаа. Хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэхэд иргэдийн оролцоо хэр чухал вэ?

-Саяхан сэтгүүлчдийн холбооноос нэгэн видео контент гаргасан. Тэрхүү бичлэгт гудамжинд хоёр эрэгтэй хүн нэг охиныг чирээд “Утасны дугаараа өг” гээд айлган сүрдүүлж байхад хажуугаар нь ихэнх хүмүүс зүгээр тоосон шинжгүй хараад өнгөрч байсан. Харин цөөн  хүн л “Та хоёр яах гээд байна”, “Наад охиноо тавь” гээд эсэргүүцэл үзүүлж хамгаалсан. Хэрэв хүүхэд, эмэгтэйчүүд, иргэн хүн танаас гудамжинд тусламж гуйвал битгий зугтаарай. Иргэд маань бие биедээ тусладаг байгаасай гэж би хүсч байна. Үүнийг л иргэдэд ойлгуулахын тулд бид “Сүүдэр бүү тусга” аянаа зөөлөн аргаар эхлүүлсэн. Түүнээс биш шууд л нийгмийг айдас автуулан янз бүрийн сөрөг мэдээллээр бөмбөгдөөд байхыг хүсээгүй. Хүмүүс бусдыг хамгаалах бус өөрсдөө айдаст автах аюултай байсан юм. Бид ч үүнээс урьдчилан сэргийлж харьцангүй зөөлөн, эерэг мэдээгээр аянаа эхлүүлээд төлөвлөгөөт ажлуудаа хийгээд явж байна.

-Та иргэдэд юуг уриалж хэлмээр байна?

-Бидний ирээдүй хойч үе болсон үр хүүхдүүдийнхээ эрх аюулгүй байдлыг хамгаалж манай өрнүүлж буй аяныг дэмжээд оролцоод хамтраарай. Иргэн бүрийн үүрэг оролцоо чухал шүү.

"ГЭР БҮЛ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ ОРЧИН БИШ ХАМГИЙН ЭРСДЭЛТЭЙ ГАЗАР БОЛЧХООД БАЙНА"

Хүүхэд хүчирхийллийн асуудал болон цаг үеийн асуудлаар Хуульч Р.БУЛГАМАА:

-Хүүхдийн эрхийн хамгаалал, хүүхдийн эрхийн харилцааг зохицуулсан 10 орчим төрлийн хууль байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 онд батлагдаж 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа энэ хүчирхийллийн чанартай гэмт хэрэг, үйлдлүүдийг таслан зогсоох тухай асуудал хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиараа хүүхдийн эрхийг таван түвшинд хамгаална гэж тодорхой заасан байдаг. Мөн хүүхдийн эрхийг хамгааллын түвшинд олон нийтийн байгууллагууд, төрийн байгууллагууд, хүүхдийн эрхийн байгууллагууд хэрхэн ажиллах тухай хуулийн зохицуулалтаараа маш тодорхой зааж өгсөн. Эдгээр хуулиудаас гадна хүүхдийн боловсрол, өсч торнихтой холбоотой бүхий л харилцааг нь зохицуулсан 50 гаруй дүрэм журам стандартууд үйлчилдэг. Ингээд эрх зүйн зохицуулалтыг нь авч үзэхээр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа үйлдэл, эс үйлдлүүдтэй холбоотой хуулийн хүрээнд зохицуулагдаагүй гэх харилцаа харьцангуй цөөн. Харин хүүхдийн эрх хаана зөрчигдөж байна вэ,  яагаад гэмт хэргийн хохирогч болоод байна вэ гэдэг асуудал дээр бид илүү анхаарч, дүгнэлт хийх шаардлагатай. Өнөөдрийн бодит байдлыг авч үзэхэд хүүхдийн эрх нэгдүгээрт, гэр бүлийн хүрээнд ихээхэн зөрчигдөж байна. Эцэг эхийн үүргээ ухамсарладаггүй, үр хүүхдээ үл хайхардаг, зөв боловсон харьцдаггүй, тэднийхээ эрхийг хүндэтгэн авч үздэггүй гээд эдгээр нөхцөл байдлууд маань хүүхэд гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэгт холбогдох суурь шалтгаанууд болж байгаа юм.

Гэр бүл гэдэг бол хүүхэд аюулгүй өсч торних орчин байх ёстой атал өнөөдөр хамгийн эрсдэлтэй газар болчхоод байна.

Жишээлбэл, жилд 600 мянга гаруй дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Энэхүү 600 мянган дуудлаганы 35 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчсөн талаар байдаг тухай цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Эндээс л харахад гэр бүлийн түвшинд маш их асуудлууд байна.

-Тэгэхээр цаашид ямар бодитой ажлууд хийх шаардлагатай байна вэ?

-Гэр бүлийн тогтворгүй байдлаас болж хүүхэд гэмт хэргийн хохирогч болох мөн гэмт хэрэгт холбогдох асуудлууд их гарч байгаа. Хүүхдийн эрхийн асуудлыг дангаар нь бус гэр бүлийн орчинд үүсээд буй зөрчлүүд, асуудлуудтай нь хамт авч үзэх хэрэгтэй. Дараагийн нэг зүйл байгаа нь хүүхдүүд гэр бүлийн орчинд бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн хохирогчид болж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд аливаа төрлийн гэмт хэргийн хохирогч болсон 5043 хүүхэд байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Нэг жилд л гэхэд 1500, 1600 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болдог. Тэгвэл  эсрэгээрээ сүүлийн гурван жилд гэмт хэрэг үйлдсэн 3400 гаруй хүүхэд байна. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд дундаас бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн хохирогч болсон хохирогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Цагдаагийн байгууллагаас олон нийтэд мэдээлсэн үзүүлэлтээр 2017 онд 187 хүүхэд, 2018 онд 236 хүүхэд, 2019 онд 253 хүүхэд 2020 оны наймдугаар сарын 30-ны байдлаар 160 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Үүнээс гадна нуугдмал бэлгийн хүчирхийлэлд өртсөн үүнийгээ бусдад мэдэгдэж чадахгүй байгаа маш олон тохиолдлууд амьдрал дээр байна. Эдгээр хэргийг үйлдээд байгаа гол гэмт хэрэгтнүүд бол ерөөсөө л тухайн хүүхдийн эргэн тойрны ах дүүс, хамаатан садан томчууд. Энэ ахуйн бэлгийн хүчирхийллийг бусдад мэдэгдэх гэхээр “Зодно”, "Ална” гэх мэтээр хохирогч хүүхдийг айлган сүрдүүлдэг байдал байдаг. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүднээс хууль зүйн хариуцлагын асуудлыг бодитой, нухацтай авч үзэх цаг болжээ. Цагдаагийн байгууллагаас ч гэсэн “Сүүдэр бүү тусга” аяныг зохион байгуулж байгаа. Иргэн хүнийхээ хувьд, хүчирхийлэлд өртсөн охидод хууль зүйн туслалцаа үзүүлдэг өмгөөлөгч хүнийхээ хувьд энэ аяныг маш их дэмжиж, оролцож байгаа.

Одоо бид нөхцөл байдалтайгаа, үнэнтэйгээ эвлэрэх цаг нь болсон.

Бэлгийн хүчирхийллийн асуудлыг ярих тусам дэгддэг, гэмт хэрэгтэнд сэдэл өгдөг гэж чимээгүй нуун дарах бус энэ хэргийн криминолог шалтгааныг олж илрүүлэн, хохирогч болсон хүүхдүүдэд ямар үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй вэ гэдгээ төрийн бодлогын түвшинд авч үзэх хэрэгтэй. Миний бодож, мөрөөдөж байгаагаар бол энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон охидуудад үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, сэтгэл заслын үйлчилгээг үнэ төлбөргүй болгох нь зүйтэй. Гэмт хэргийн хохирогчид ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид насан туршийн сэтгэл зүйн эмгэгтэй үлдэж, эрүүл мэндийн хувьд гэмтэж, эрэгтэй хүнийг харах хандлага, ертөнцийг үзэх үзэлд нь онц ноцтой гамшиг тохиож байдаг. Тэдний ертөнцийг ямар хүнд байдгийг зөвхөн тэдэнтэй ажилладаг сэтгэл зүйч, хууль, өмгөөлөгчид илүү мэдэрдэг. Нэг удаа шуугиад, нэг хэсэгтээ яриад өнгөрөх бус асуудлынхаа шийдлийг олох гарцуудыг тодорхой болгомоор байна. Ярих бус хийх, хөдлөх, тэмцэх цаг нь ирсэн. Харин хуулийн зохицуулалтын хувьд хүүхэд хамгааллын талаар хуулиараа тодохой заагаад өгчихсөн.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдийн байцаагчдын хүрэлцээ бага тэгэхээр. Энэ чиглэлээр хүүхдийн байцаагч нартай хамтрах субьектүүдийг тодорхой болгох шаардлагатай юу?

Хүүхдийн байцаагчид, боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгч нар, нийгмийн ажилтнууд хүүхэд хамгааллын асуудал дээр голлон анхаарах ёстой. Гэр бүлийн түвшинд эцэг эх, асран хамгаалагчид, халамжлан хүмүүжүүлэгч нар анхаарал хандуулах ёстой гэж хуулиар тодорхой заачихсан хэдий ч бодит амьдрал дээр үр дүн хангалтгүй байна. Хүүхдийн эрхийг зөрчсөн асуудлууд дээр зөрчлийн тухай хуулийн 6.20-д заасан найман зүйл л хамаарч байгаа. Арваад хууль үйлчилж байгаа хэдий ч зөрчлийн тухай хуулийн найман зүйл дээр л хүүхдийн эрх зөрчсөнтэй холбоотой зөрчлийн хэрэг үүсгэж, арга хэмжээ авч байна. Үнэхээр хязгаарлагдмал, учир дутагдалтай байгаа биз? Эцэг эхчүүд ч гэсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байна. Жилд дунджаар шүүхийн журмаар 3 мянга гаруй, захиргааны журмаар 2 мянга гаруй гээд нийт 5 мянга гаруй гэр бүл салж байна. Эдгээр гэр бүлүүдийн цаана нэг айлд дор хаяж хоёр хүүхэд бий гэхээр нийтдээ 10 гаруй хүүхэд өнчин үлдэж хоцорч байна. Томчууд ч яах вэ хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны доод түвшингээр тооцож, өгч байна. Үүнийгээ асуудлыг шийдчихлээ гэж хардаг. Үгүй, энэ бол үнэхээр том эмгэнэл. Хүүхдийн тэтгэмжийн мөнгө бол зөвхөн амьжиргаанд л зарцуулагдана.

Яг үнэндээ тэтгэмжээ төлдөг нь ердөө 30 хувь нь л байдаг.

Тэр өнчин үлдсэн хүүхдийн сэтгэл зүй, оюун бодолд нь яаж энэ бүхэн хүнд тусахыг хэн ч хайхардаггүй. АНУ, Европын улсуудад салсан эцэг эхчүүд хүүхдийн тэтгэмжээ төлөхөөс гадна долоо хоногт 10-аас доошгүй цагийг хүүхэдтэйгээ өнгөрүүлдэг. Хамт аялж, зугацаалж, цэцэрлэг сургуулиас нь авч цагийг өнгөрүүлдэг. Салсан хэдий ч аав, ээж хоёр нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан хүүхдийнхээ ирээдүйн төлөвшил, зан байдалд  үргэлж нөлөөлж байдаг юм билээ. Манайд бол зүгээр л хүүхэдтэй болоод түүнийгээ хөсөр хаяад явчихдаг. Энэ байдал даамжирсаар хүүхдүүд мянга мянгаараа гэмт хэргийн хохирогч, гэмт хэрэгтэн болж байна. Хуулиараа эцэг эхийн хүлээх үүргийг тодорхой болгоод үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нь чангатгах хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 16-р бүлэгт хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой зүйл, заалт байгаа. Миний бодлоор түүн дээр хүүхдээ хүмүүжил, төлөвшилтэй иргэн болоход нь аав, ээж хүний ёсоор үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгах хэрэгтэй санагддаг. Манайхан “Эцэг байх эрхийг нь, эх байх эрхийг нь хас” гэдэг. Би үүн дээр эсрэг байр суурьтай байдаг. Учир нь хүүхдийг аав ээжээс нь холдуулаад төр хамгаалалтандаа авснаар хүүхдийн хүртэх ёстой тэр хайр халамжийг бүрэн нөхөж чадахгүй. Хүүхэд аавтайгаа, ээжтэйгээ энх тунх байхдаа л аз жаргалтай байдаг. Аав, ээж нь тусдаа амьдардаг байж болох ч хүүхдийг эцэг эхтэйгээ уулзах боломжийг нь нээж өгөөчээ. Эцэг эхчүүдийг хүүхдүүдтэй нь уулзуулдаггүй, орхиод явсан үр хүүхдүүдтэйгээ уулзалгүй, оргон зугтаасан байдалтай байна. Үүний улмаас хүүхэд нийгмийг үзэн ядах, сэтгэл дундуур өсөх, бусдыг хайрлахгүй байх зан дадал хэвшилтэй, сөрөг хандлагатай болох ч нөхцлийг бий болгоод байна. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг хамтдаа цогцлоон бүтээнэ гэж томчууд ярих боловч яг өнөөдөр үр хүүхдээ хайхарч, халамжилж байгаа зүйл байхгүй. Хуулиа чангалах хэрэгтэй гэдэг боловч юун дээрээ төвлөрөх ёстой гэдгээ олж харах ёстой гэж бодож байна. Хүүхдийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал. Өнөөдөр таны хүүхдийг энэ аюул дайраагүй байж болно. Маргааш энэ аюул танд ойртоод ирнэ. Нөгөөдөр гэхэд аюул таны хүүхдийг дайрч мэднэ. Хууль хяналтын байгууллагаас хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэж, тодорхой гарц шийдлүүдийг олж байгаа нь сайшаалтай. Мөн энэ цаг мөчтэй зэрэгцэн харамсалтайгаар амиа алдсан есөн настай охины хэрэгт харамсч байна. Энэ асуудлыг шуугиад орхих бус бодитой шийдлүүд гараасай гэж хүсч байна. Ялангуяа УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх гэр бүлийн тухай хуулинд эцэг, эхийн үүрэг хариуцлагын талаар илүү тодорхой тусгаж үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар зөрчлийн тухай хууль болон эрүүгийн хуулиар тодорхой зааж өгөхгүй бол үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй аавууд, ээжүүдийн нийгэм болж гүйцлээ. Энэ нь өөрөө нийгэмд сөрөг үр дагавар авчирна. Хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгохын тулд хүн бүр хичээнгүйлэн анхаараасай гэж хүсч байна.

Хүүхдийн сэтгэл зүйчдийг ерөнхий боловсролын сургуулиуд дээр ажлуулбал илүү үр дүнтэй. Эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдийг олж илрүүлэхэд багш болон сэтгэл зүйч нарын оролцоо маш чухал.

-Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын эрх ашгийг хэрхэн хамгаалдаг юм бэ?

-Ер нь аливаа төрлийн гэмт хэргийн гэрч, хохирогч болсон иргэдийн эрхийг хамгаалах тухай асуудал гэрч, хохирогчийн тухай хуулиар зохицуулагдсан байдаг. Гэтэл амьдрал дээрээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон бусад гэмт хэрэгт өртсөн хохирогчдыг хамгаалах тал дээр үнэхээр учир дутагдалтай байдаг. Уул нь тахарын алба байгуулагдаад энэ тал дээр сайн ажиллаж эхэлж байсан. Гэвч өнөөдөр гэмт хэрэгтнийг гэмт буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авдаггүй. Өөрөөр хэлбэл, хүний эрх зөрчигдөж байна гээд шүүхийн шийдвэр гартал гэмт хэрэгтэнг цагдан хорих тохиолдлууд ч байдаг. Чөлөөтэй, цагдан хоригдоогүй гэмт хэрэгтэн гэрч, хохирогчийг дарамтлах, мэдүүлгийг нь өөрчлүүлэх гэж нөлөөлөх зэрэг асуудлууд ар араасаа гарч ирдэг. Хүүхэд хамгааллын байр орон нутагт байдаггүй. Ядаж бүсчлээд ч хамаагүй хүүхэд хамгааллын байрыг бий болгох хэрэгтэй. Энэ газарт чинь хохирогч болсон хүүхдүүд тодорхой хугацаанд эмчилгээ авдаг шүү дээ.

-Гэмт хэрэгтнүүдэд хүлээлгэх хуулийн хариуцлага нь хэр чанга байдаг юм бэ?

-Ямар гэмт хэрэг үйлдэж байгаагаасаа шалтгаалаад хүлээлгэх хариуцлага нь янз янз байдаг. Ялангуяа бэлгийн эрх чөлөө, халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэргийн тухайд эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-р зүйлд бага насны хүүхэд хэн бэ гэхээр 14-өөс доош насны хүүхдийг хэлж байгаа юм. 14-өөс доош насны хүүхдийг хүчиндэхэд болон түүний улмаас амь нас нь хохирсон тохиолдолд 12-20 жилийн хорих ял эсвэл бүх насаар нь хорих ялыг оногдуулна гээд заачихсан. Харин 15, 16, 17 гээд 14-өөс дээш насны охидууд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд үүнд хариуцлага хүлээлгэх тогтолцоо нь төдийлөн чанга биш байна. Энэ тал дээр би удаа дараа саналаа боловсруулан тавиад л байгаа. Бага насны хүүхдийг хүчиндсэн тохиолдолд оногдох шийтгэл хэдий өндөр байгаа ч гэмт хэрэгтнүүд үүнээс айхгүй, эмээхгүй байна. Хүчиндэх гэмт хэргийг үйлдэж байгаа иргэдийн 30 гаруй хувь нь давтан үйлдэх шинжтэй байдаг. Бид цаашдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд гэмт хэрэгтнүүдийн зан төлөв, сэтгэцтэй нь илүү тулж ажиллах хэрэгтэй байна. Яагаад давтан хэрэг үйлдээд байгаа оношийг нь олж, дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Гэмт хэрэгтнүүд хүчиндэх гэмт хэрэг үйлдвэл ямар ял авахаа мэдэж байж үйлдээд байна. Энэ нь бидэнд өөр төрлийн ялын бодлого хэрэгтэйг харуулж байна. Дэлхийн бусад улс орнууд тайган болгох буюу химийн тариаг давтан гэмт хэрэг хийгээд байгаа хүмүүст тарих хандлага руу явж байна. Сүүлийн гурав, дөрвөн жил би тайган болгох асуудлыг хэлж, ярьж байгаа. Ёстой тусыг эс олж байна. Гэхдээ хууль тогтоогчид маань өнөө цаг үед өөр шийдэл хэрэгтэй болсныг анзаарах гэж найддаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж