Ши Жиньпиний авлигын торонд орсон “акулууд”

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

Ши Жиньпиний авлигын торонд орсон “акулууд”

Ши Жиньпиний авлигын торонд орсон “акулууд”

Ши Жиньпин Хятадын дарга болсноор нийгэм, улс төр, эдийн засгийн бүх салбарыг том, жижиг авлигачдаас цэвэрлэх өргөн хүрээний ажлыг эхлүүлсэн юм.  Түүнээс хойш олон мянган хүн авлигын хэргээр шоронгийн хаалга татсан. Олон улсын эрэн сурвалжлах байгууллага “Интерпол”-ын экс тэргүүн, тагнуулын газрын дарга асан болон Шинжаан-Уйгур бүс нутгийн захирагч нар Хятадын дарга Ши Жиньпиний намаа авлигаас цэвэрлэхийн төлөө шидсэн торонд орсон акулууд юм.

БО СИЛАЙ

Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, нөлөө бүхий улстөрч Бо Силай 2013 онд авлигын хэргээр бүх насаараа шоронд хорих ял сонссон. Түүнчлэн түүний эхнэр Гү Кайлай нь Их Британийн бизнесмэний амийг хөнөөсөн хэрэгт цаазын ял сонссон билээ. Гэхдээ шүүхээс хожим ялыг бүх насаар шоронд хорих болгон өөрчилсөн. Өдгөө 71 настай Бо Силай нь 2012 онд Ши Жиньпинийг Хятадын дарга болохын өмнө Коммунист нам доторх гүн хагарлыг нийтэд дэлгэсэн аж. Авлига, албан тушаалаа урвуулсан хэрэгт буруутгагдан шүүхийн хаалга татах үедээ тэрбээр Хятадын баруун өмнөд хэсгийн Чунчин хотын намын даргаар ажиллаж байв.

ЖОУ ЮНКАН

Хятадын тагнуулын газрын дарга асан Жоу Юнкан нь олон удаагийн авлига, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан болон улсын нууц задруулсан хэргээр 2015 онд бүх насаараа шоронд хорих ял сонссон. 78 настай Жоу Юнкан унахаас өмнө Хятадын нөлөө бүхий есөн улстөрчийн нэг байв.

МЭН ХУНВЭЙ

 “Интерпол”-ын экс тэргүүн Мэн Хунвэй өнгөрсөн нэгдүгээр сард авлигын хэргээр 13 жил шоронд хорих ял сонссон нь олон улсын эрэн сурвалжлах байгууллагыг ганхуулсан. Тэрбээр Франц улсаас 2018 онд Хятадад эргэн ирснийхээ дараа сураггүй болсон байв. Удалгүй түүнийг 2.1 сая ам.долларын авлига авсан хэрэгт буруутган ялласан юм. Өмнө нь тэрбээр Нийгмийг аюулаас хамгаалах хорооны дэд даргаар ажиллаж байх хугацаанд Хятадын тэрс үзэлтнүүдийг шалган байцаах ажлыг гүйцэтгэж байжээ.

НУР БЕКРИ

Хятадын баруун хойд хэсгийн Шинжаан-Уйгур бүс нутгийн захирагч асан Нур Бекри өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард бүх насаараа шоронд хорих ял сонссон. Тэрбээр авлигын хэргээр шоронгийн хаалга татсан өндөр албан тушаалын уйгур хүн гэдгээрээ онцлог. Түүнийг өнгөрсөн 20 жилийн турш 79 сая юань авч, албан тушаалыг бэлгийн харилцаанд орохоор наймаалцсан гэх хэрэгт буруутгагджээ. Түүнийг Шинжааны захирагчаар ажиллаж байхад 2009 онд Бээжинг эсэргүүцсэн бослого гарч, 200 хүн амь үрэгдсэн аж.

РЕН ЖИЦЯНЬ

Үл хөдлөхийн магнат Рен Жицянь өнгөрсөн гуравдугаар сараас хойш олны өмнө харагдаагүй. Тэрбээр Хятадын Коммунист намын дотоод хүрээнийхний нэг юм. Худалдааны сайд асны хүү Рен Жицянь нь шинэ коронавирусийн цар тахлын эсрэг Хятадын даргын авч хэрэгжүүлж буй үйл ажлыг шүүмжилснээр асуудалд оржээ. Түүнийг энэ долоо хоногт төрийн сангаас мөнгө хулгайлсан болон авлигын хэрэгт буруутган шүүж, 18 жил шоронд хорих ял оноосон юм.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж