ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын ерөнхий ассемблей дээр үг хэлэхдээ шинэ коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн түвшинд хамтран хөгжүүлэх асуудлаар дээд хэмжээний уулзалт хийхийг уриалжээ. Мөн тэрбээр НҮБ-ын бүх ажилчдад "Спутник-5" вакциныг үнэгүй тариулахыг санал болгосон байна.
Цар тахлын онцгой нөхцөл байдлаас болоод НҮБ-ын ерөнхий ассемблей цахимаар зохион байгуулагдсан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч өглөөний хэсэг дээр үг хэлсэн бөгөөд тэгэхдээ цар тахлын талаар онцгойлон анхаарал хандуулан ярьжээ.
“Бид цар тахал хэмээх урьд өмнө нь тулгарч байгаагүй маш том сорилттой хамтдаа тулгарчээ. Өвчин маш түргэн хугацаанд олон сая хүний эрүүл мэндийг тэр дундаа бидний хамгийн үнэт нандин зүйл буюу хэдэн зуун мянган хүмүүсийн алтан амийг авч одлоо. Хөл хорио, хилээ хаах гэх мэт арга хэмжээнүүд бараг бүх л орны иргэдийн амьдралд том асуудал дагуулж байна. Энэ бол өнөөдрийн бодит байдал” хэмээн Владимир Путин ярьжээ.
Тэрбээр коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахыг зорьж буй бүх улсын удирдагчид хамтран уулзалт зохион байгуулж, хэрхэн вакциныг улам үр дүнтэй болгох болон бүх хүнд хүрэлцээтэй байлгах асуудлыг хэлэлцэх хэрэгтэй хэмээн уриалсан байна. Мөн Путин НҮБ-ын цар тахлын эсрэг тэмцлийг дэмжих зорилгоор бүх ажилчдад нь зориулж үнэгүй тун үйлдвэрлэхэд бэлэн гэдгээ хэлжээ.
Харин НҮБ-ын зүгээс Путинд өгөөмөр занд нь талархсанаа илэрхийлээд энэ асуудлаар жич ярилцах болно гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ