“Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай социалист үеийн бодлого хэрэгждэг байсан. Хүүхдийн ордон, хүүхдийн спорт, хүүхдийн хоолны газар, хүүхдийн амралт, хүүхдийн сувилал, хүүхдийн ясли, хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн сүү, хүүхдийн тоглоомын газар, хүүхдийн зуслан, хүүхдийн гээд бүх юм байв. Харин хэлбэр хөөж эхэлсэнээс хойш “Хүүхдийн төлөө за гэж ” хэлцгээе гээд хэсэг одууд, улс төрчид нийлээд хашгираад дуулдаг болсон цагаас хойш хүүхдийн гэсэн бүх юм алга болж билээ. Гүзээгээ хагартал иддэг дарга нар нь, шуналтнууд нь хүүхдийн гэсэн бүхнийг булааж авсан. Хүүхдийн тоглоомын газруудыг улайм цайм хулгайлж, муухай муухай шилэн байшингууд барьсан. Хүүхдийн бамбарууш хоолны газрыг хүртэл авна ш дээ. Үлдээхгүй. Хүүхдийн цэцэрлэгт хүрээлэнг ч дээрэмдсэн. Авилгал, ядуурал, муу засаглал нийгмийн бүх өнцөг булан тохой, бүх салбар, гэр бүл, хувь хүмүүст ч хүрч “үйлчилдэг” хорт тариа.
Өнөөдөр халуун яриа өрнүүлээд буй хүүхэд хамгааллын асуудал ч үүнтэй шууд холбоотой. Сайн засаглал сайн хүмүүсээс бүрддэг юм. Муу засаглал муухан боловсролтой, сэтгэлгээ хандлага нь төлөвшөөгүй, идэж уухаас хэтрэхгүй хүмүүсээс бүрддэг юм. Иймэрхүү байдалтай 30 жил явлаа. Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль хосоороо батлагдсан. Сайн хуулиуд. Хуулинд буруу юм алга. Тэдгээр хуулийг сурталчилсангүй, мэдээлэлжүүлсэнгүй, боловсон хүчнийг сургасангүй, иргэдээ гэгээрүүлсэнгүй, төрийн албыг энэ талаар бэхжүүлсэнгүй. Угтаан бол юмаа мэддэг хүмүүсээр мэргэжлийн ажлыг хийлгэдэггүй. Зөвхөн намын харьяаллаар мэргэжлийн бус, мэргэшээгүй хүмүүсийг томилдог систем 30 жил үйлчилсэний хар гай юм. Болдог бол өөрийгөө Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар томилоод өгөөч гээд Хүрэлсүхэд ил захидал бичмээр л байна.
Хүүхэд хамгаалал гэдэг нь хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах явдлын улмаас учрах хор хөнөөлөөс нийгмийн бүхий л орчинд хамгаалах явдал юм. Хор хөнөөл гэдэгт хүүхдийн бие махбод, сэтгэл санааны хөгжил, эрүүл мэнд, боловсрол эзэмших боломж, өөрийгөө хүндэтгэх сэтгэл, гэр бүл болон нийгэмтэйгээ харилцах харилцаанд нөлөөлөх хор нөлөө багтана. Нийгмийн бүхий л орчин гэдэгт гэр бүл, боловсрол, асрамж, халамж, хорих, засан хүмүүжүүлэх байгууллагууд, ажлын байр, малын бэлчээр, гудамж талбай, олон нийтийн газар, цахим орчин, хэвлэл мэдээлэл зэрэг хүүхдийг хүрээлэн буй орчин юм.
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг суулгаж өгөх хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө 4 настай охиныг хойд эцэг нь зодоод алчихсан хэрэг гарсан. Зул асаан, жагсаал цуглаан хийсэн. Тэр үед би ч дуугарч үгээ хэлж, бас мутарлаж байлаа. Хүүхэд хамгааллын олон улсын стандарт хүртэл өөрийн мөнгөөр хэвлэж гаргасан. Тэр үед миний хамгийн их үглэж хэлж, ярьж ойлгуулахыг хичээж байсан зүйл бол бүх салбарын мэргэжилтнүүдийг сургах, гэгээрүүлэх асуудал юм. 4 настай охиныг үхлүүт аваачиж байхад эмч үзээд л явуулж байдаг. Ийм л мэдрэмжгүй, мэдлэггүй, хандлагагүй байгааг би шүүмжилж байсан. Тэр хэрэг өнөөдөр дахин давтагдлаа. Нялх хүүхдийн яс хугарсан байхад цагдаад мэдүүлээгүй, эрүү үүсгүүлээгүй эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагын тухай би ярьж байсан юм. Хүүхдийг амийг нь тасартал зодож байхад тусалдаггүй хөршүүдийн тухай би ярьж байсан юм. Иргэдийг хуулиар хариуцлагажуулсан байгаа.
Хүн төрөлхтий түүхэнд, одоо ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл, харгислал оршсоор байгаа. Гэхдээ соёлт нийгмүүд үүнээс ангижирсан. 1875 он Нью-Йорк хотод “Хүүхдийг харгислалаас хамгаалах нийгэмлэг” байгуулагдаж хамгааллын хөдөлгөөн эхэлсэн. 1927 он Сингапур “Хүүхдийг хэрцгийллээс хамгаалах” хууль батлагдсан. ХIХ зууны эцсээр хүүхэд хамгааллын асуудлыг нийгмийн халамжийн хуульд тусгах ажил дэлхий нийтэд эрчимжсэн. 1960 он Америкийн хүүхдийн эмч Кемп “ Зодуурт өртсөн хүүхдийн хам шинж” асуудал дэвшүүлсэн нь асар их нөлөөг нийгэмд бий болгосон.
Хүүхэд хамгааллын үйл ажиллагааны зарчмуудын талаар би номондоо бичсэн байгаа. Хамгийн чухал зарчим бол хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хүндэтгэх зарчим. Түүнчлэн хүүхдийн хамгаалуулах эрхийг хэрэгжүүлэхэд төр үүрэг хүлээх зарчим гэж маш чухал зарчим. Тэр зарчим өнөөдөр гээгджээ.
Хүүхдийг хүчирхийллээс нэн даруй холдуулах шаардлагатай. Хүчирхийлэлтэй гэр бүлээс авч хүчирхийлэлгүй гэр бүлийн орчинд, хүүхэд хүсэмжилсэн эцэг эхүүдэд өгч, фостер каре хөтөлбөрүүдийг хэрэгжүүүлэх хэрэгтэй. Энэ ажил хэрэг болохгүй ямар их удаж байна аа? Хүүхэд хамгаалалд бодлого, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, яаралтай үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, шийдвэрлэх гээд чухал зарчмууд үйлчилдэг. Хүүхэд хүчирхийлэлд өртөөд байгааг багш нар үнэрлээд л мэддэг байх, үүний дагуу хамгаалах арга хэмжээ авдаг байх. Эмч, эмнэлгийн ажилтнууд хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчлэх бүртээ шинж тэмдгээр нь мэддэг, хууль, хүчний, нийгмийн хамгааллын байгууллага, орон нутгийн захиргаа, удирдлагатай хамтран хамгаалах арга хэмжээ авах зэрэг ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй юм. Хэт намчирхсан, гаж тогтолцооноос хүүхдүүд хүртэл аймшигтай хохирч байна. Хороо, хорин, баг нэгж дээр ажиллах боловсон хүчин намын биш мэргэжлийн, сургагдсан, юу хийхээ мэддэг хүмүүс байх ёстой. Хүүхдийг хүчирхийллээс, харгислалаас хамгаалах бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлцгээе. Хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлцгээе.
Хүний эрхийн хуульч М.ИЧИННОРОВ
2020-09-22- Ховд хот
Холбоотой мэдээ