Хятад: Хувийн компани бүрт намын төлөөлөгч ажиллана

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

Хятад: Хувийн компани бүрт намын төлөөлөгч ажиллана

Хятад: Хувийн компани бүрт намын төлөөлөгч ажиллана

Хятадын дарга Ши Жиньпин хувийн хэвшлийн компаниудыг хянах маш чухал шийдвэрийг гаргасан байна. Уг шийдвэрийн дагуу Хятадын хувийн хэвшлийн компаниуд “Чи мөнгө олж болно, гэхдээ миний дүрмээр ажиллах ёстой” гэх зарчмаар буюу Хятадын Коммунист намын /ХКН/ шууд хяналт дор ажиллах болж байна. Өөрөөр хэлбэл, компани бүрт Коммунист намын нэг гишүүн хяналт тавьж ажиллана гэсэн үг юм. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс коронавирусийн цар тахлаас болж АНУ-тай эмзэг харилцаатай байгаа энэ үед дээрх шийдвэрийг гаргажээ.

Энэхүү шийдвэр нь Хятад улс коронавирусийн дараах эдийн засгийн уналтаас хурдан гарах, бие даасан өөрсдийн гэсэн сэтгэлгээтэй хувийн хэвшлийн салбарыг бий болгох, олон арван жилийн турш дотоодод болон гадаад орчинд тулгарсан сорилт бэрхшээлийг нэгдсэн хүчирхэг удирдлагын дор даван туулах зорилготой гэж тайлбарлажээ.

Өмнө нь Бээжин хувийн компаниудыг харьцангуй зөөлөн аргаар хяналтдаа байлгахыг хичээдэг байв. Тухайлбал, 2018 онд Ши Жиньпин хувийн хэвшлийнхэнд татварын хөнгөлөлт үзүүлэх, санхүүгийн туслалцаа үзүүлэх зэрэг шийдвэрийг гаргаж байв. Харин энэ удаа тэр шууд хяналт тогтоох аргыг сонгожээ. Гэхдээ энэ шийдвэр нь хувийн хэвшлийнхэнд улс төрийн болон гадаад харилцааны томоохон асуудлуудыг дагуулж магадгүй юм.

Коммунист намтай нягт холбоотой хүчирхэг магнатууд хүртэл шийтгэлээс ангид байдаггүй. Үл хөдлөх хөрөнгийн магнат асан Рен Жичианг мягмар гаргигт /2020.09.22/ авлигын хэргээр 18 жил хоригдох ял авсан. Тэрбээр Ши Жиньпиний цар тахалтай хийж буй тэмцлийг шүүмжилж байв.

Нэгдсэн фронт

Хувийн хэвшил бол Хятадын эдийн засгийн амин чухал хэсэг юм. 30 сая гаруй хувийн бизнес эрхлэгчид тус улсын ДНБ-ий 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Тэдний төлдөг татвар нь төсвийн орлогын талаас илүү хувийг эзэлдэг бөгөөд Хятадын нийт ажилчдын 80 гаруй хувь нь хувийн секторт ажилладаг байна.

Ерөнхийдөө Ши Жиньпиний гаргасан шийдвэр нь хувийн хэвшлийнхнийг намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго бүхий хүмүүсийн нэгдэл болох “Нэгдсэн фронт” гэх зүйлд нэгдэхийг шаардаж байгаа юм.

“Нэгдсэн фронт”-ын гарал үүслийн тухай ярьвал бараг зуун жилийн түүхтэй. Мао Зедуны үед Коммунист намыг дайснуудаа ялахад нь тусалсан "шидэт зэвсэг" бол “Нэгдсэн фронт” гэх хүмүүсийн нэгдэл байсан гэж үздэг.

Тус улс Соёлын хувьсгалын дараа улс орныг тогтворжуулахаар эдийн засгийн шинэчлэлийн олон арван жилийн замналаа эхэлснээс хойш буюу 1970-аад оны сүүлчээс хойш хувийн хэвшлийг “Нэгдсэн фронт”-той уялдуулахын ач холбогдлыг онцолж иржээ.

Лондон дахь “SOAS China Institute”-ийн захирал Стив Цангийн үзэж буйгаар Хятадын эрх баригчид ийм шийдвэр гаргасанд нэг талаараа гайхах зүйлгүй аж. Хятадын эдийн засаг жилийн эхэнд өсөлттэй байсан ч коронавирусийн цар тахлаас болж энэ өсөлт арчигдсан. Хятадын улстөрчид өнгөрсөн хугацаанд эдийн засгийн тогтворгүй байдал нь нийгмийн эмх замбараагүй байдалд хүргэхээс эмээж байгаагаа илэрхийлсээр байв. Сүүлийн жилүүдэд тус улсын хувийн хэвшлийн салбар дахь санхүүгийн хямралыг харгалзан үзвэл Засгийн газар эдгээр компанид өөрсдөд нь бүрэн найдаад орхиход хүнд байгаа нь ойлгомжтой. Мөн дээрээс нь Хятад улс өрнөдийн гүрнүүдийн дайсагналд улам ихээр өртөх болсон. Вашингтон, Бээжингийн хоорондох маргаан нь “TikTok”-ийн “ByteDance”-аас эхлээд технологийн “Huawei” компани хүртэл Хятадын олон бизнес эрхлэгчдийн хувь заяанд хүндээр тусчээ.

“Ши Жиньпин урьд өмнө нь тохиолдож байгаагүй их хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа тул тэр бүх ард түмнийг нэгдмэл байдлаар захирахыг хүсч байна. Хямрал нэмэгдэх тусам эрх баригчдын бүх нийтийг нэгтгэж, ижил дуу хоолойтой байлгах хүсэл нэмэгдэх болно” гэж Хонгконг дахь Хятадын их сургуулийн Хятад судлалын тэнхимийн профессор Уилли Лам хэлсэн байна.

Хувийн хэвшлийнхнийг хянан хамгаалах нь 

Эрх баригчдын гаргасан шийдвэр гэнэтийн байсан ч тус улсын хувийн хэвшлийн салбар ямар нэг байдлаар Коммунист намын хяналт, хамгаалалтад байх байдал олон жилийн турш оршсоор ирсэн. 2015 болон 2016 онуудад үнэт цаасны зах зээл унасны дараа эдийн засгийн өсөлт удааширч, урьд өмнө байгаагүй их хэмжээний мөнгө хувийн хэвшлийн салбараар дамжин Хятадаас гарч эхэлсэн юм. Эрх баригчид үүнд тус улсын хувийн хэвшлийн тэргүүн баячуудыг буруутгаж, энэ үеэс хувийн секторт тавих хяналтаа чангатгаж эхэлсэн билээ. Аж ахуйн нэгжүүдэд хэт их зээл өгөх явдлыг хязгаарлаж, Хятадаас гарах мөнгөний урсгалыг ч хянах болжээ.

“Энэ кампанит ажил 2017 онд өрнөж байх үед Ши мөн “Хятадын хувьд бүх зүйлийн амин зүрх нь Коммунист нам” гэдэг суртлыг ярьж байжээ. Тиймээс энэ бол шинэ зүйл биш, хувийн хэвшлийнхний хүчээр төрийн ажлыг урагшлуулах бодлого Ши Жиньпиний дотор байсаар ирсэн” гэж Стив Цанг ярьжээ.

Гэхдээ ингэж хувийн хэвшлийн үйл ажиллагаанд Засгийн газар хөндлөнгөөс оролцох нь тэдгээр компанид тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй нь хэд хэдэн жишээнээс харагддаг. Тухайлбал, 2018 онд Хятадын эрх баригчид “Waldorf Astoria” болон “Stratejik Hotels & Resorts”-ийн гадаад дахь хамгийн том төлөөлөгч компани болох “Anbang Insurance” компанид хяналт тавьж эхэлсэн. Гэтэл эцэст нь тус компанийг үүсгэн байгуулагч Ву Сяохуй залилан, хөрөнгө шамшигдуулсан хэргээр 18 жилийн хорих ялаар шийтгүүлж, тус компани татан буугдаж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан. Түүнчлэн энэ оны эхээр тус улсын хамгийн том группын нэг “HNA Group” мөн л Засгийн газрын хяналтад орсныхоо дараа уруудан доройтож эхэлсэн. Тус компани сүүлийн жилүүдэд Хилтон (HLT), Дойче банк (DB) болон бусад гадаад дахь хөрөнгө оруулалтад 40 тэрбум ам.доллар зарцуулж, эцэст нь маш их өртэй болж, санхүү нь хэт ачааллаа дийлэхээ байсан.

Мөн өнгөрсөн жил Ханжоу хотын албан тушаалтнуудыг тус улсын томоохон хувийн компаниуд болох Alibaba (BABA)and Geely (GELYF) зэрэг компанид "Засгийн газрын төлөөлөгчид" нэрээр нэвтрүүлсэн. Энэ алхам нь Засгийн газраас хувийн компаниудад өгсөн "Бидэнтэй ойр, биднийг сонсож ажиллаарай" гэх дохио байж магадгүй гэж Хонконг дахь “Partners Capital International” компанийн гүйцэтгэх захирал Рональд Ван ярьсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж