SOS: Хөвсгөл нуурыг тойроод 98 жуулчны бааз байна

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

SOS: Хөвсгөл нуурыг тойроод 98 жуулчны бааз байна

SOS: Хөвсгөл нуурыг тойроод 98 жуулчны бааз байна

Хөх сувд гэгддэг Хөвсгөл нуур өдгөө цэнгэг байдлаа алдахад хүрч, амин зүрх нь зогсох аюул ойрхон байна. Нуурын эрэг дагасан жуулчны баазууд, гэр буудлын тоо жилээс жилд нэмэгдэх болсноор нуур бохирдож, ургамал, ногоо нь хүний хөлд талхлагдаж гүйцжээ. 

Эрэг дагуух ургамал нуур хоёр салшгүй холбоотой. Эргийн ургамал экосистемийг хадгалдаг учраас нуурын амин зүрх хэмээгддэг аж. Харамсалтай нь өнөөдөр хаа сайгүй хашаа татаж хороолол шиг суурин бүс болж, байгалийн онгон зэрлэг төрхөө алдахад хүрээд буй Хөвсгөл нуурыг хамгаалах талаар ярихаас бусдаар дорвитой алхам хийгдээгүй гэхэд хилсдэхгүй. Олон арван жил яригдсан утааны асуудал шиг Хөвсгөл нуур бохирдож байгааг дэмий л халаглаж суухаас хэтрэхгүй байгаа нь нууц биш. Хэрэв одоо л анхааралдаа авч, дорвитой алхам хийхгүй бол далай ээж маань хүн, хог, шороондоо дарагдсаар үнэ цэнээ алдахад хүрнэ гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Иймд цэнгэг усны нөөцөө хамгаалах, Хөвсгөл нуурын үнэ цэнийг хадгалж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онгон зэрлэг төрхийг нь хадгалж үлдэх шаардлагатай гэдэгт  холбогдох албаны хүмүүс санал нэг байгаа юм.

ЖУУЛЧНЫ БААЗУУД ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ УЧРААС ХӨВСГӨЛ АЙМАГ ХӨГЖДӨГГҮЙ

Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга Х.ГАН-ОЧИР: 

-Нуурын эргэн тойронд аялал жуулчлалын зориулалтай 98 бааз байна. Мөн үйл ажиллагаа явуулж буй 30 орчим аж ахуй нэгж, гэр баазуудаас гадна нутгийн 500 орчим иргэн морь, завь хөлслүүлэх зэргээр аялал жуулчлалаас орлого олдог. Гэвч жуулчны баазууд татвар төлдөг эсэх дээр бид анхаарал тавьж чадахгүй байна. Хөвсгөл нуур тойрсон ихэнх амралтын газруудын толгой компаниуд нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс орон нутагтаа татвар төлдөггүй. Одоогоор орон нутагт усны татварын орлого, газар ашигласны татварын орлогууд хууль тогтоомжийн дагуу ордог. Аялал жуулчлалын орлогоос гурван сая төгрөгийг жилд төвлөрүүлдэг гэх тооцоо 2010 онд гарч байсан бол одоо 130 орчим сая төгрөг болж нэмэгдсэн. Жилээс жилд аялал жуулчлалын орлогын хэмжээ өсч байгаа ч аймагт татварын орлого төвлөрч, аймаг хөгжсөн үү гэвэл үгүй. Хөвсгөл аймаг аялал жуулчлалаас бус мал аж ахуйгаас илүү их өөрсдийн төсвийг бүрдүүлж байна. Тиймээс, татварын хуулийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай.

ОРОН НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГАА ХУУЛЬ ЗӨРЧИЖ ГАЗАР ОЛГОДОГ

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын Газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн Г.ГЭРЭЛТУЯА: 

-Хөвсгөл нуур орчимд өнөөдрийн байдлаар 100 орчим аж ахуй нэгжид газар олгох зөвшөөрлийг нь баталчихсан. Мэдээж, Усны тухай хууль, Газрын тухай хууль зөрчсөн асуудлууд бий. Иймд хуулийн заалтыг зөрчсөн газар олголтыг аль болох цэгцлэх, зөвшөөрөлгүй газар ашиглаж буй явдлыг таслан зогсоохоор орон нутгийн удирдах байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөсөн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх Байгаль орчин аялал жуулчлалын сайдад бий. Гэтэл хөдөө орон нутагт тухайн Засаг захиргааны захирамж шийдвэрээр иргэдэд өвөлжөө, хаваржаа бусад зориулалтаар газар олгож, хууль зөрчиж буй тохиолдлууд байна. Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2018 онд Хөвсгөл нуурт ажиллахад 600 орчим иргэн аж ахуй нэгжид сум, орон нутгаас газар олгосон зөрчил илэрсэн. Хууль зөрчсөн газруудыг цэгцлэх талаар энэ онд аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн. Нөгөө талаас Улсын тусгай хамгаалалттай газарт кадастрыг улсын мэдээллийн санд холбох ажлыг 2018 онд эхлүүлсэн. Энэ нь ашиглах эрх олгосон иргэн аж ахуй нэгжийн мэдээлэл бүртгэлтэй болж байгаа юм. Хэрэв усны тухай хууль, ойн тухай хууль зөрчсөн бол мэдээллийн санд бүртгэгдэх боломжгүй.

ХӨВСГӨЛ НУУРЫН 30 ЖИЛИЙН ӨМНӨХ ТӨРХ АЛДАГДСАН

Биологийн ухааны доктор, ургамал судлаач Ж.ОЮУМАА: 

-Хөвсгөл нуурын асуудал ужигарч эхэллээ. Одоогоос 14 жилийн өмнө /2006 он/ энэ асуудлыг сөхөж эхэлсэн байдаг. Хөвсгөл нуурын даац хэтэрч буй талаар 2013 онд олон газарт хандсан ч өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй. Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газрыг байгуулахад ажиллаж байсан хамгийн анхны мэргэжилтэн нь би. Миний хувьд 30 жил Хөвсгөл нуурыг хамгаалах чиглэлээр судалгаа хийж, энэ чиглэлээр дуугарч байна. Одоогоос 30 жилийн өмнө Хөвсгөл нуурт хүн мал, зэрлэг амьтан нь зэрэгцэн оршдог байсан. Одоо энэхүү байгалийн онгон зэрлэг байдал алдагдсан. Сүүлийн 20 гаруй жилд  байгалийн нөлөөллөөр ургамлын ургалт 30 гаруй хувь буурсан бол хүний буруутай үйл ажиллагаанаас болж ургац нь зогссон гэхэд хилсдэхээргүй болсон. Уул уурхайн олборлолт явуулж байгаатай адил энд тэндгүй хашаа хатгаж, модыг нь огтолж байгаль сүйтгэж байгаа нь бодит байдал дээр улсын тусгай хамгаалалттай газар үйл ажиллагаа явуулахад онгон зэрлэг төрхийг нь алдагдуулахгүй байх хуулийн заалт хэрэгжихгүй байгаа юм. Газар олголт шагнал болсон мэт хэн нэгэн хүнд хууль бусаар газар олгодог, төрөөс авч байгаа арга хэмжээ байдаггүй. Үүний нөлөөгөөр харамсалтай нь, хүн мал нь ундалдаг Хөвсгөл нуур жуулчны баазуудын нөлөөгөөр замагжилт, тоосонцорт дарагдаж цэнгэг байдлаа алдахад хүрлээ. Эргийн дагуух ургамал Хөвсгөл нуурыг бохирдуулахгүй байх гол үндэс нь болдог ч эрэг нь халзарч, хүний өтгөн шингэн шууд л ус руу орох нөхцөл бүрдээд байна.

ХӨВСГӨЛ НУУРЫН 500 ЖИЛИЙН ДАРААХ ДҮР ТӨРХИЙГ ХОНХЛОГ, ТОЙЛОГ НУУРААС ХАР

Экологи, байгаль хамгааллын судлаач О.БАТГЭРЭЛ: 

-Хөвсгөл нуурын ус өнөөдрийн байдлаар химийн стандартын үнэлгээгээр ундны усны шаардлага хангаж байгаа. Гэхдээ хэчнээн их бохирдсныг нарийвчлан тодорхойлох боломжгүй. Эргийн дагуух бохирдол, хур борооны усны нөлөө, хариуцлагагүй үйл ажиллагааны нөлөөгөөр нууранд бохирдол үүсч байгааг үгүйсгэхгүй. Усны биологийн судалгаагаар суурьшлын бүс дагасан газруудад нуурын эрэг орчимд бохирдол илэрч байгаа нь үнэн. Хүн, малын нөлөөллөөр нуур бохирдож байгааг үгүйсгэхгүй. Магадгүй Хөвсгөл нуурын 500 жилийн дараах дүр зургийг өнөөдөр Хонхлог, Тойлог хэмээх хоёр жижиг нуураас харж болно. Эдгээр нуурын өнөөгийн нөхцөл байдал нь хүний хүчин зүйлсийн нөлөөлөл илүү мэдрэгдэж байна. Энэ утгаараа Хөвсгөл нуурын ирээдүйн төрхийг Хонхлог, Тойлог нууртай адилтгасан.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛСОН Ч ИРГЭД НЬ ТОГГҮЙ, МАЛАА БЭЛЧЭЭХ ГАЗАРГҮЙ АМЬДАРЧ БАЙНА

Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөл Ө.АРИУНАА: 

-Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс болсон ч иргэдийн амьдрал дээшлээгүй. Өнөөдөр XXI зуун атлаа нутгийн иргэд нь тоггүй амьдарч байхад эрх мэдэлтнүүд 20, 30 саяар цахилгаан татуулж байна. Ийм нөхцөлд аялал жуулчлал хөгжихгүй. Өнөөдөр нуурын бохирдол нутгийн иргэдийн хамгийн их санааг зовоосон асуудал болж байна. Хууль бус газар олголтын нөлөөгөөр хүн мал ундаалдаг ус нь бохирдож байна. Замбараагүй газар олголтоос болж үе удмаараа Хөвсгөл нуур орчимд амьдарч ирсэн малчид, цаатнууд газраа алдахад хүрлээ. Бид нутагтаа тайван амьдармаар байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж