Д.Халтархүү: “Лексус 570” машинаас бусдыг нь барьсан

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

Д.Халтархүү: “Лексус 570” машинаас бусдыг нь барьсан

Д.Халтархүү: “Лексус 570” машинаас бусдыг нь барьсан

Өдгөө 75 настай тээврийн жолооч мэргэжилтэй Д.Халтархүүтэй ярилцлаа. Түүний машин барьж буй зураг олон нийтийн сүлжээнд олны хайр хүндэтгэлийг татаад буй юм. Насаараа тээврийн жолооч хийсэн эмээгийн бага охинтой утсаар холбогдож, гэрт нь  очиж уулзав. Тэрбээр “Эмээ нь олны хөлд дарагдаад, зочин ихтэй байна. Өчигдрөөс хэвлэлийн хүүхдүүд холбогдож, надаас ярилцлага авна гээд бөөн юм боллоо” хэмээн ярьж угтлаа. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-Та сайхан намаржиж байна уу. Бие лагшин тунгалаг уу. Нас сүүдэр хэд хүрч байна?

-Сайхан намаржиж байна. Эмээ нь одоо 75 настай. Долоон  хүүхдийн ээж. Тэдний минь 17 ач, зээ бий. Тээврийн жолооч мэргэжилтэй. Хань минь бас тээврийн жолооч хүн байсан. Эмээ нь 1946 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрж, өссөн хүн. Би 18 настайдаа жолооны курст сурч жолооч болсон. Тэгээд 1978 онд анх тээвэрт явж байлаа. Тухайн үед гуч гарсан байсан байх.

Анх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний яаманд жолоочоор ажиллаж, улсын будаа тариа, хот хоорондын тээвэрт их явсан. Угаасаа Завханы хүн чинь тээвэр хийж байж нутагтаа очно шүү дээ. Одоо хэдэн хүүхдүүдийнхээ амьдралд тусалж, ач, зээгээ харж сууна.

-Олон нийтийн сүлжээнд таны машин барьж буй зураг тавигдсан байсан. Тэр өдөр ямар ажлаар явж байсныг тань сонирхож болох уу?

-Хүүхдүүд маань таны зураг фээсбүүкт тавигдсан байна гэж хэлсэн. Би тэр өдөр ач, зээгээ цэцэрлэгээс нь авах гээд машинаа зогсоолоос гаргаж байсан юм. Их хөөрхөн ааштай хүү, охин хоёр таарахаар нь “Эмээ нь настай хүн. Машиныг минь зогсоолоос гарахад хараад өгөөрэй” гэсэн. Тэгээд тэр хоёр хүүхдийг “Буян нь дэлгэрэг. Эмээгийнхээ насыг аваарай” гэж ерөөгөөд явсан. Тэгсэн нөгөө хоёр зургийг минь интэрнэтэд тавьчихсан байна лээ. Өчигдрөөс хойш хэвлэлийн хэдэн хүүхдүүд утсаар холбогдож, гэрт ирээд бүр од болж байна. Эмээ нь түмэн олондоо түшигтэй, эвтэй найртай явахыг эрхэмлэдэг хүн  дээ.

-Та хүмүүст их сайхан эерэг сэтгэгдэл төрүүлсэн байна лээ?    

-Би чухал ажилтай үедээ хотоор машинаа барьж явдаг. Тэрнээс биш нүдний хараа, чихний сонсгол сайн л даа. Гэхдээ нас өндөр болж, сэтгэн бодох чадвар маань удааширсан. Энэ талаар замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг шүү дээ.

-Үр хүүхдүүд нь машин барилаа гэж зэмлэдэг үү. Түгжрэл, эрсдэл ихтэй болохоор санаа зовдог байх?

-Намайг машин бариад явахаар хүүхдүүд маань санаа зовоод, дургүйцээд байх юм.

-Замын хөдөлгөөнд оролцож, машин бариад явахаар хүмүүс яаж хандаж байна?

-Намайг машин бариад явж байхад хүмүүс их хүндэлнэ. Зарим нь “Эмээ та минь гоё байна”, “Зургийг нь дарчих уу” гэнэ. Тэгсэн нэг жолооч “Эмээ таны ард машин сигналддаг уу” гэж асууж байна. Тэгэхээр нь “ Яасан гэж сигналддаг билээ” гэсэн “Та тэгвэл сайн давхидаг жолооч байна даа” гэж үү. Намайг их удаан явж, замын хөдөлгөөнд саад учруулдаг гэж боддог юм байлгүй. Одоо өндөр настай болчихсон учраас байнга машин барихгүй. Зөвхөн хувийнхаа хэрэгцээгээр хааяа машинаа бариад явна. Хүүхдүүд ч ажил төрөл гээд завгүй байх юм. Ойр зууртаа амралт сувилал, зуслан руугаа машинаа бариад явчихна. Эмээ нь орой үдэш жолоо барихаа больсон шүү дээ.

-Одоо ямар машин барьж байна вэ. Жолооч болсноосоо хойш “Лексус 570” машинаас бусдыг нь унасан гэв үү?

-Би одоо “Мицүбиши Пажеро маркийн машинаа гурав, дөрвөн жил унаж байна. Ахмад тээвэрчин хүн гоё машин унах ёстой гээд сайхан, сайхан машин унана шүү дээ. Гэхдээ сүүлдээ том сайхан машинуудаа сольж, хөдөө суваргаа очиж эргэхэд эвтэйхэн гээд энэ машиныг авсан юм.  “Ланд круйзер-80”, “Хаммер”, “Премио”, “Соната” гэх мэт олон машин барьсан. Миний нэг хуурай дүү АНУ-аас “Лексус 570” машин явуулна гэсэн. Тэр маань хэзээ ирэх юм бол доо. Ер нь бүх төрлийн машин барьж явлаа.

Эмээ нь анх Оросын “ГАЗ-151” гэж машин барьсан. Дараагаар нь “ГАЗ-153” болсон. Зах зээл эхлэхэд тэтгэвэртээ гарчихаад чиргүүлтэй ЗИЛ-130 машинаар гурил зөөлөө. Тэр үед ханийн маань бие жаахан тааруу, гэртээ хүүхдүүдээ харна. Би тээврээ хийнэ. Хань маань хоёр машиныг минь засаад бэлтгэж байдаг. Би тээвэрчинг нь хийдэг байлаа. Хань минь 20-иод жилийн өмнө бурхан болсон юм. Огт архи амсдаггүй, сайхан номхон дөлгөөн хүн байсан.

-Цагдаад торгууль үзсэн үү?

-Нэг удаа “Хаммер” машиндаа 18 хүн суулгачихаад, “Цэцэг” төвийн ойролцоо арын багаажаараа хүнээ буулгасан. Тэгсэн цагдаа ирж харснаа, инээгээд л “Эмээ минь ингэж болохгүй” гээд сануулаад явсан. Би танхайрсан байгаа биз. /инээв/

-Одоо хот, хөдөөгүй зам сайхан болсон. Таныг залуу байхад тээврийн замд хүндрэл бэрхшээл их байсан байх?

-Тэр үед зам их хэцүү байсан. Эмэгтэй жолооч гэхгүй мөстэй, цастай тээврийн замаар олон удаа явсан. Эмэгтэй байтугай эрэгтэйчүүдэд хүнд үе байлаа шүү дээ. Цаанаасаа хоног заагаад өгчихдөг. Хоног, цагаа алдаж орох юм бол шийтгэлтэй. Увсад 14, Завханд 12 хоног гээд норм өгчихөөр тэрэндээ багтаж, төлөвлөлөгөөгөө биелүүлж ирэх ёстой. Хажуугаар нь нутгийн ах, дүү нартаа хоёр хоног гаргамаар байдаг. Одоо бол хэдэн ч удаа баатар болсон ч  болохоор зам харгуй сайхан болжээ.

Завханд нэг жил мөстэй замаар явснаа огт мартдаггүй юм. Намар орой, арваннэгдүгээр сард нойтон цас орж, зам халтиргаатай байсан санагдана. Би бас болоогүй таван настай бага хүүгээ дагуулчихсан явж байлаа. Тэгсэн Загастайн давааны овоонд мөргөчихөөд уруугаа жаахан ширүүхэн давхичихсан чинь зогсч болдоггүй. Хүү минь хажууд бүлтэгнээд айчихсан гэж жигтэйхэн. Би ч дотроо “Яах гэж хүүхдээ дагуулж явав даа” гэж өөрийгөө буруутгаж байлаа. Машины тормос гишгэвэл шидэгдчих гээд ямар ч арга байхгүй. Тэгээд нэг юм машинаа товчооны ард зогсоочихоод юу ч дугарч чадахгүй жолоон дээрээ нүүрээ дараад уйлчихсан. Тэгж л их мундаг айсан даа.

-Ер нь жолооч хүн ямар чадварыг эзэмшсэн байх ёстой вэ?

-Жолооч хүн анхаарал болгоомжтой байх ёстой. Миний хувьд машинаа барихдаа анхаарал болгоомжоо дээд цэгтээ байлгана. Эмээ чинь инээд муутай, дуулах дуртай хүн байхгүй юу?

-Жолооны ард сайхан дуулна биз?

-Жолооныхоо ард дуулаад машинтайгаа сүнгэнэнэ шүү дээ. Би сая нэг хэвлэлийн хүүхдэд “Жирмийн цагаан нуур” дуугаа дуулж өгсөн. Одоо та нартаа “Юндэн гөөгөө” ардын дуугаа дуулж өгье.

“Энэхэн замбуулинд төрөхдөө

Эр биений шинжийг бүрдүүлсэн юм аа хө

Эцсээ хүртэл ханилна аа гээд ээ

Ижилгүй хайраа зориулсан юмаа хө” .

-Монгол орныхоо 21 аймаг, бүх сумаар яваад үзчихсэн үү. Яваагүй аймаг сум байна уу?

-Би Баян-Өлгий аймаг руу явж үзээгүй. Бусад бүх аймгаар тээвэр хийсэн. Гадаад орон руу олон аялсан. Ер нь би өөрийгөө харамсахааргүй амьдарсан хүн гэж боддог.

-Та их ганган юм. Залуудаа ч их сайхан бүсгүй явсан бололтой?

-Баярлалаа. Эмэгтэй тээврийн жолооч хүн Монголын тээврийн салбарын нүүр царай шүү дээ. Тийм учраас их сайхан биеэ авч явах ёстой гэж боддог. Хөдөөнийхөн  хүнийг хачин сайхан хүндэлнэ. Би тэр хүндлэлийг дааж явахыг хичээнэ. Одоо ч гэрээсээ гарахаараа гоёж байгаад гардаг даа.

-Хэдэн жилийн өмнө хүнд өвчнөөр өвдөж, хагалгаанд орсон гэсэн. Одоо бие нь дажгүй юу?

-Одоогоос дөрөв, таван жилийн өмнө ходоодны хорт хавдраар өвдсөн юм. Тэгээд хагалгаа хийлгээд, бие маань хурдан тэнхэрч сайхан болсон. Эмээ нь хоол ундаа сайн идэж байгаа. Хавдар судлалын эмч нар “Хорт хавдрын эхэн үе байна” гэхэд нь “Эмээ нь та нартаа итгэж байна” гээд л хагалгаа хийлгэсэн.

Эмч нар маань намайг хүндэлж, их сайхан харьцаж байсанд их баярладаг. Би бас хоолоо хэт барьчихсан юм билээ. Тэгээд л жаахан туранхай болчихоод байгаа юм. Уг нь тэгж их хоол хориод байх шаардлагагүй байсан юм билээ.

-Та ямар гавьяа шагнал хүртэж байсан бол?

-Би сүүлд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан. Сайхан л явж байна. Надад бүх түүхэн ойн медалиуд байгаа. Монголын онц тээвэрчин медальтай. Дөрвөн яамны тэргүүний ажилтан болж байлаа. Ажиллахаар очсон яам болгон маань л намайг тэргүүний цол тэмдгээр шагнасан байдаг юм.

-Жолооч нартаа хандаж ямар зөвлөгөө, захиас хэлэх вэ?

-Хөдөөний замд гүйцэж түрүүлснээс болж, осол аваар их гарч байна.  Бас жолооч нарын хурд жаахан хэтрээд байх шиг байна. Жолооч нар хурдаа хасч, бие биенээ хүндлээгүйгээс зам дээр осолдсон тохиолдол надтай хэд хэдэн удаа таарсан. Тиймээс хүлээцтэй бие биедээ хүндлэлтэй  хандаарай гэж захья.

Д.Халтархүү

Тээврийн жолооч Халтархүү эмээгийн унаж байсан машинууд…https://news.mn/r/2351918/

Posted by News.mn on Tuesday, September 22, 2020

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж