Аялал жуулчлалын салбарыг аврах гарц хайж байна | News.MN

Аялал жуулчлалын салбарыг аврах гарц хайж байна

Аялал жуулчлалын салбарыг аврах гарц хайж байна

Аялал жуулчлалын салбарыг аврах гарц хайж байна

COVID-19 халдварын тархалтын улмаас аялал жуулчлалын салбар хамгийн их хохирол амсч байгааг салбарынхан хэлж байна. Аялал жуулчлал бол улирлын чанартай бизнес. Энэ салбарын бизнес эрхлэгчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас буюу үндсэндээ нэг жил ямар ч орлогогүй болсон бөгөөд эхнээсээ хаалгаа барьж эхэлжээ.

Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Эй Стар Монголиа” аялал жуулчлалын компанийн захирал Х.Ариунчимэг, “ДМД” компанийн захирал Ж.Соёлмаа нартай аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


Энэ жил коронавирусийн халдвартай холбоотойгоор гадаад аялал жуулчлал тэг зогссон. Улсын онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжлээ. Энэ шийдвэр аялал жуулчлалын салбарт хэрхэн нөлөөлж байна. Одоо ямар нөхцөл байдалтай байна вэ?

Ж.Соёлмаа: Улсын онцгой комиссын шийдвэрээр долоон сарын турш хэрэгжиж байсан хорио цээрийн дэглэм есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжиж байна. Энэ бүх хугацаанд аялал жуулчлал болон түүнийг дагалдах салбаруудаас өөр яг тэг зогсчихоод байгаа салбар тийм ч олон байхгүй. Гэсэн ч өнөөдрийг хүртэл манай салбарынхан /улирлын чанартай бизнес учраас үндсэндээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш орлогогүй байгаа гэсэн үг/ эрсдлээ үүрээд ажлын байраа хадгалж, ажилчдаа цалинжуулаад явж байна.

Гэхдээ энэ байдлаараа цаашид явахад үнэхээр хүндрэлтэй нөхцөл байдалд орлоо. Учир нь, бидний хамгийн үнэт зүйл болох хүний нөөцөө алдахад хүрээд байна. Энэ нь аялал жуулчлалын салбар цаашдаа сэргэхэд маш хор уршигтай. Тийм учраас бидэнд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг хэрэгтэй байна. Тэр нь мэдээж хөнгөлөлттэй зээл тусламж. Харин тэрхүү зээлийг бүх компанид хавтгайруулахгүй тодорхой нөхцөл шаардлагаар олгох нь чухал. Хувийн хэвшлийн компаниуд өнгөрсөн хугацаанд ганц удаа гомдоллож, жагсаал тэмцэл хийж явсангүй. Харин ч нийгмийн хариуцлагаа хүлээж, тэвчээртэй хандаж ирсэн.

Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр

Д.Отгонбаяр: Монгол Улс хилийн хөл хориог одоогоор цуцлаагүй байгаа. Хилээ нээсэн ч ирэх жилийн зунаас нааш гадаадаас жуулчин ирэхгүй. Удахгүй есдүгээр сарын 27-нд Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохионо. Бид энэ өдрийг угтаж, төр засагт салбарынхаа нөхцөл байдлыг ойлгуулахыг хүсч байна. Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийн тулгуур гурван баганын нэг гэж тодорхойлдог. Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүртэл аялал жуулчлалын салбарыг тод томруунаар оруулсан мөртлөө ачааны хүндийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлээ харж үзэхгүй байна. Салбар тэг  зогсолттой болсноос хойш нийт аялал жуулчлалын байгуулагуудын үйл ажиллагаа бүрэн доголдон саатаж, ихэнх нь хаалгаа барьж эхэлжээ.  Тэдэнд үзүүлэх бодит бодлогын дэмжлэг нэн яаралтай хэрэгтэй байна. Бидний судалснаар дараах гурван өөр аж ахуйн нэгж байна. Үүнд:

  • Өнөөг хүртэл үндсэн ажилчдаа хадгалж, өр зээл тавих болон бусад аргаар цалинг нь таслалгүй олгож ирсэн аялал жуулчлалын мэргэжлийн, хариуцлагатай байгууллагууд
  • Аль хэдийн үйл ажиллагаагаа хаасан, мэргэшсэн боловсон хүчнээ алдчихсан аялал жуулчлалын байгууллагууд
  • Аялал жуулчлалд эхэлж орсон, туршлага бага, цаашид шинээр эхлэх сонирхолтой старт-ап байгууллагууд. Эдгээр аж ахуйн нэгжийн нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл бүр нь  өөр, тэдэнд зориулсан шаардлагатай, авч хэрэгжүүлэх дэмжлэг ч өөр өөр байгаа.

Манай холбооноос цар тахлын үе болон дараа үйл ажиллагаагаа хэрхэн явуулах талаар чиглэл тус бүрээр дөрвөн ажлын хэсэг байгуулан эрчимтэй ажиллаж байна.

Х.Ариунчимэг: Аялал жуулчлалын салбар нь гадаадаас валют оруулж ирдэг салбар. Ганцхан жуулчин ирэхэд олон хүнийг ажлын байраар хангаж байдаг. Монголд үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын компаниуд дөрөвхөн сардаа жуулчин авахын тулд хоёр, гурван жилийн өмнө захиалга авдаг. Одоогоор Монгол Улс хэзээ  хилээ нээх нь ойлгомжгүй байгаа учраас гадаадын ямар ч жуулчин авах төлөвлөгөө бидэнд алга, хийх ч боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ салбар хоёр, гурван жилийн уналтад орж байна гэсэн үг.

Нөгөө талаас бүтэн жилийн турш тур оператор компаниуд тэсч, эхнээсээ үүд хаалгаа бариад эхэллээ. Сүүлдээ ажилчид маань “Уучлаарай салбар маань ойрын хэдэн жилдээ сэхэхгүй юм шиг байна. Өөр салбарт ажиллахаас өөр сонголтгүй боллоо” гэж ярьж байна. Гэтэл зарим компанид ганц хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарах гэж буй ажилчид ч байгаа. Тэр хүмүүсийг “Уучлаарай бид ажилгүй болсон. Та нар амиа бод” гэх хэцүү байна. Бид боловсон хүчнээ авч үлдмээр байна.

-Аялал жуулчлалын салбар хэчнээн хүнийг ажлын байраар хангадаг гэх судалгаа бий юу?

Д.Отгонбаяр: Аялал жуулчлалын салбар нь хэвтээ тэнхлэгээр олон салбартай нягт холбоотой ажилладаг. Нэг жуулчин 10 ажлын байрыг бий болгодог гэх тоо байдаг. Тэгэхээр сүүлийн үеийн судалгаанаас харахад 1300 аж ахуй нэгж, 88 мянган ажлын байрыг ажилтай орлоготой байлгадаг юм. Энэ бол маш том тоо. Аялал жуулчлалын салбар нь өөрөө хүний нөөц дээр тулгуурладаг. Хүмүүс аялал жуулчлал гэхээр л хэдэн гадаадын жуулчнаас тур опературууд мөнгө олоод байдаг юм шиг өрөөсгөл ойлголттой байдаг.

-Хэдийгээр хөл хориотой байсан ч энэ зун хүн болгон орон нутгийг зорьж, аяллаа. Дотоодын аялагчид хүндрэлтэй байгаа танай салбарын орлогод хувь нэмэр оруулсан болов уу?

Д.Отгонбаяр: Энэ жил дотоодын аялал жуулчлал эхлэхээс өмнө салбарыхан төрөл бүрийн судалгааг хийлээ. Уг судалгаагаар монголчуудын 95 хувь нь хувиараа аялна гэсэн тоо гарсан. Үлдсэн таван хувь нь мэргэжлийн байгууллага болон клубээр аялах сонирхолтой байсан. Хүмүүс хувиараа аялна гэдэг нь өөрсдийн хүслээр дураараа явна гэсэн үг. Энэ нь монголчууд анхнаасаа дотооддоо хариуцлагатай бөгөөд зохион байгуулалттай аяллаар явж сураагүйтэй холбоотой. Нэг талдаа бидний хувьд энэ соёлыг орхигдуулсан мэт санагддаг. Тиймээс дотоодын аялагчдадаа бурууг өгч болохгүй. Тиймээс зохион байгуулалттай аяллын соёлыг одооноос нэвтрүүлж, төлөвшүүлэх нь зүйтэй. Боловсролын салбарын сургалтын хөтөлбөрт зөвөөр оруулж, энэ соёлыг бүр багаас нь төлөвшүүлмээр санагддаг.

Яагаад хүмүүс байгальд ээлгүй аялаад байна вэ. Энд төрийн бодлого дутагдаж байна. Жишээлбэл, хүмүүс байгалийн цогцолборт газраар майхантай аялахад хаана отоглож, хаана гал түлж болохыг орон нутгийн захиргаанаас зааж тодорхойлж өгөх ёстой. Үүнийг монгол хүний цусан дахь нүүдэлчин ахуй соёлтой холбож, энд тэндгүй амар зугаалах гэж ойлгодог.

Энэ жилийн хувьд наадмын өдрүүдээр гэхэд 230 мянган автомашин нэг өдөр хотоос гарсан байна. Ойролцоогоор нэг машинд дөрвөн хүн сууж явлаа гэхэд нэг сая орчим хүн орон нутаг руу явжээ.

Тэр олон аялагчдыг орон нутагт хүлээн авах хүчин чадал нь юу билээ. Зам тээврийн осол аваар, аюулгүй байдал энэ бүгд үүнтэй холбоотой. Дотоодын аялал жуулчлалыг төрийн бодлогоор цэгцтэй хөгжүүлэх шаардлагатай байна.

“Эй Стар Монголиа” аялал жуулчлалын компанийн захирал Х.Ариунчимэг

Х.Ариунчимэг: Хөл хориотой холбоотойгоор энэ зун дотоодын аялал жуулчлалыг дээд зэргээр мэдэрч, ажиглалаа. Дотоодын аялал жуулчлалыг харахаар олон асуудал харагдсан. Нэг талаар салбар яам, аялал жуулчлалын компаниуд болон аялагчдын хувьд бүхий л талдаа суралцах процесс явагдаж байна. Өнөөдөр хүмүүс хамгийн түрүүнд гэр бүлээрээ аялахдаа хэрхэн хэмнэлттэй зардлаар явах вэ гэж боддог. Аялал жуулчлалын компаниудаас үйлчилгээ авахаар өндөр өртгөөр аялна гэж боддог. Гэтэл тийм биш. Хүмүүс аялалд гарахдаа машин дүүрэн замбараагүй худалдан авалт хийдэг. Тэр хоол хүнсний хэдэн хувь нь муудаж, замдаа хаягдаж, хог хаягдал болдог билээ. Хүмүүс тэр их мөнгийг энэ зун зөв зарцуулж, улсын эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байсан уу гэвэл байсан.

Ж.Соёлмаа: Иргэд маань амарч, зугаалах гэж байгаа бол тайван аюулгүй аялах ёстой. Гэтэл аав нь машинаа бариад, ээж нь хоолоо хийгээд явна гэдэг чинь тухгүй шүү дээ. Хүн болгон аяллын компанийн үйлчилгээ авбал аюулгүй байдал талаасаа хэрэгтэй. Бид коронавирусийн халдварыг эх орондоо алдахгүй гэж долоон сар хилээ хаагаад, аялал жуулчлалын салбар болон дагалдах бүх салбарын бизнесийг бүрэн зогсоосон.

Гэтэл наадмын өдрүүдэд орон нутгийн замд авто ослоор хэчнээн хүнээ алдав. Энэ бол эмгэнэлтэй тоо. Байгалийн цогцолборт газруудад хогийн сав байрлуулж, хүмүүс харьцангуй хогоо ил задгай хаяхаа больсон. Гэвч тэр хогийг нь зөөж, ачихгүй бол тэнд хог овоороод л байна. Тэгэхээр нэг ажил хийдэг ч цаашид хяналт тавих үйл ажиллагаанд нь төсөв суулгаж өгөөгүйгээс тийм байдал үүсч байгаа юм.

 -Тэгвэл өнөөдөр аялал жуулчлалын компаниуд дунджаар ямар үнэ өртгөөр аяллыг зохион байгуулж байна вэ. Иргэдийн бодож байгаа шиг тийм өндөр үнээр үйлчилдэг юм уу?

Ж.Соёлмаа: Бид талх худалдан авахдаа 10 төрлийн талхнаас сонголт хийж авдаг. Тэрэнтэй адил төлөвлөгөөтэй аялах соёлыг бий болгох нь чухал. Тухайн хүн аяллын компаниа сонгосны дараагаар жийп автомашинаар явах уу, фургонаар аялах уу, нутгийн хөтөчтэй явах уу, хөтөчгүй явах уу, баазад байрлах уу, малчин айлд байх уу гэдгээ сонгож болно. Манайхан жуулчны баазад 80 мянган төгрөг төлөхөөс харамладаг хэрнээ 160 мянган төгрөгөөр машин дүүрэн замбараагүй хүнс худалдан авчихдаг. Энэ мэт харьцуулалт хийж үзэх нь чухал санагддаг.

Д.Отгонбаяр: Аяллаар явна гэдэг маш том соёл, мөн маш нарийн төлөвлөлт. Монголчууд маань сонголт хийхдээ жишээ нь, хэрвээ би ингэвэл яах бол эсвэл өөр нэг сонголт хийвэл ямар давуу тал байна гэх мэтээр харьцуулалт хийдэггүй. Гадаад царайтай хүн л жуулчин гэж ойлгодог. Бид аялж байгаа тохиолдолд бүгд л жуулчид. Жуулчлаад явж байгаа тохиолдолд үйлчилгээ аваад орон нутагт хөрөнгө оруулаад явах хэрэгтэй. Жуулчнаар явж байгаа тохиолдолд үйлчилгээ авах ёстой гэдгийг ойлгох ёстой.

Би энэ жил гэр бүлээрээ Хэнтий аймгийн чиглэлд зохион байгуулалттай аялалд хамрагдсан. Гурван шөнө, дөрвөн өдрийн аялал байсан. Энэ өдрүүдэд бид байгалийн сайхныг илүүтэй мэдэрч, ая тухтай аюулгүй аялж, өөр ямар нэгэн илүү зүйлд санаа зовохгүй маш сайхан аялсан үлдсэн дурсамж нь ч сайхан. Гэтэл хувиараа аялсан бол машин жолоодно, хоноглох газраа хайна, хоолоо өөрөө хийнэ, өдөрт магадгүй 300 дээш км давхина. Өөрсдөө ядарна. Үүнээс үүдэж тооцоолоогүй эрсдлүүд гарах жишээтэй. Монголчууддаа хандаж хэлэхэд зохион байгуулалттай аяллаар аялаад үз. Сонголтоо зөв хий. Үр хүүхдүүддээ ядаж энэ соёлыг сурга. Нэг удаа гэр бүлдээ, өөртөө мөнгө зарцуулаад, сайхан дурсамжаа хамтдаа бүтээгээд үзээрэй гэж хэлье.

 Тэгэхээр энэ жил дотоодын аялал жуулчлалаас ашиг олоогүй гэж ойлгож болох уу?

Д.Отгонбаяр: Энэ жил дотоодын аяллаас ашиг олоогүй. Тур оператор компаниудын хувьд бол бүр ч байхгүй. Өмнөх жилүүдэд энэ жилийнхтэй харьцуулахад ингэж олноороо дотооддоо аялдаггүй байсан. Хөл хориотой байсан хүмүүс олноор хөдөөг зорьсон. Өмнөх жилүүдэд дотоодын аялал жуулчлал байгаагүй биш байсан. Тэрийг зохион байгуулдаг компаниуд цөөхөн байгаа. Гэхдээ тэр бол яг гадаадаас жуулчин авч байгаатай бол харьцуулж болохгүй.

Х.Ариунчимэг: Аялал өөрөө олон төрөл. Монголчууд аялал гэхээр майхнаа бариад гол, нуурын эрэг дээр очоод суудаг. Магадгүй ийм нэг хэсэг байхад сайхан юм үзээд найз нөхөд, гэр бүлээрээ хөтөлбөртэй аялалд явах уу гэдгээ сонгох боломжтой. Бид энэ зун эдийн засгийн эргэлтийг бий  болгохыг хичээсэн ч энэ зун эдийн засагт эргэлт үүсч өгөхгүй байсан. Тэр мөнгийг үйлчилгээнд өгч, тэндээс дараагийн нэг ажилтан цалин авах гэдэг мэдлэг ухамсар байхгүй байна.

Энэ зун дотоодын аялагчид машин явах боломжгүй байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрууд руу хүртэл зам гаргаад, олноороо очиж байгаа нь ажиглагдсан. Гэтэл тухайн орон нутагт тэр олон хүнийг хүлээж авах ямар ч бэлтгэл байхгүй. Тиймээс отоглох газрыг нь зааж өгч баймаар юм шиг санагддаг?

"ДМД” компанийн захирал Ж.Соёлмаа

Ж.Соёлмаа: Манайхан их хошуурамтгай. Нэг хүн Алтай таван богдод очоод сайхан аялаад ирлээ гээд нэг зураг постлоход тийшээ хошуураад л. Байж болох талтай ч бас нөгөө талаасаа тодорхой хэмжээгээр сум орон нутаг нь отоглох байрлалыг зааж, санаачлагатай ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг. Бид хамт олноороо өнгөрсөн зун Алтай таван богдоос Буйр нуур хүртэл аялахад хамгийн зөв зохион байгуулалттай газар нь Хар зүрхний хөх нуурын орчим байсан. Тэнд очиход отоглох байрлалыг зааж, майхан барих, машин байрлуулах газрыг зааж өгсөн байсан. Иргэд тэр байрлалын дагуу амарч, зугаалж явсан. Тиймээс тухайн орон нутгийнхан илүү анхаарч, ажиллавал хүмүүс түүнийг дагаж мөрддөг л юм билээ.

Х.Ариунчимэг: Найман нуурын наад талын даваа санаанд орж ирж байна. Тэр даваагаар машин тэрэг явахын аргагүй. Тэгээд жуулчидтай явахдаа бид ердийн хөсөг авч явдаг. Ердийн хөсөг авснаараа нутгийн иргэнийг цалинжуулж, нэмүү өртөг шингээж байгаа. Байгаль, газар орноо бас хайрлаж байна. Гэтэл энэ зун дотоодын аялагчид тусгай хамгаалалттай газраар дураараа зам гарган, машинтайгаа хүчээр очсон. Хайран газар нутгийн  унаган төрх нь алдагдаж байна. Нутгийн захиргаа “Ийшээ явахгүй, очихыг хүсвэл хоёр хөлөөрөө алхаад яв” гэдгийг хэлэх хэрэгтэй. Одоо Бага газрын чулуу, Цагаан суварга гэх байгалийн үзэсгэлэнт газарт гамшиг нүүрлээд байна.

Орон нутагт хөшөө дурсгал, том цогцолбор барьчихвал олон жуулчин татна гэж яриад байгаа. Ер нь гадаадын жуулчид Монголд ямар шалтгаанаар ирдэг юм бэ?

Д.Отгонбаяр: Монгол Улсад ирж байгаа гадаадын жуулчдын 34 хувь нь байгаль, 24 хувь нь уламжлалт нүүдэлчдийн ахуй соёл, 12 хувь нь адал явдал, 11 хувь нь ан амьтан ажиглах, 10 хувь нь монголын түүх, есөн хувь нь бусад шалтгаанаар аялах гэж ирдэг.

Мөн нийт гадаадын жуулчдын 36 хувь нь зун, 33 хувь нь намар, 16 хувь нь хавар, 15 хувь нь өвлийн улиралд аялдаг. Нийт жуулчдын 47.3 хувь нь агаарын замаар, 41.5 хувь нь автозам, 11.2 хувь нь төмөр замын олон улсын тээврээр хил нэвтэрдэг гэсэн судалгаа бий. Гэтэл байгалийн сайханд том цогцолбор байгуулбал жуулчин олноороо ирнэ гэх ойлголт өрөөсгөл.

Тухайн улс нь олон сая хүн амтай, дэд бүтэц нь хөгжчихсөн, улирлын хамааралгүй байдаг оронд бол өөр. Манай улсын аялал жуулчлалын идэвхтэй сар нь богино. Бидэнд хөшөө дурсгал огт хэрэггүй, онгон байгалиараа аялах хэрэгтэй гэж эсэргүүцсэн зүйл байж болохгүй. Гэхдээ үүнийг их учиртай байгуулмаар санагддаг. Одоо Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байгаа. Үүнийг барьж байгуулахаасаа өмнө аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай мэргэжлийн байгууллагуудын дунд санал асуулга явуулах, ажлын хэсэгт оруулах хэрэгтэй байсан. Маш их шүүмжлэл дагуулж байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Мөн тухайн бүтээн байгуулалтын сурталчилгааг одооноос хамтран хийх шаардлагатай. Барьж байгуулсныхаа дараа “Манайд ийм цогцолбор баригдчихлаа” жуулчид ирээ гэвэл ирэхгүй. Энэ ажлыг мөн л хувийн хэвшил л хийнэ. Ингэхээр хамтын ажиллагаа хаа хаанаа их дутаж байгааг харуулж байна.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

оюутан 2020-09-23 14.41.4.246

аялал жуулчлалын хөгжилд төрийн систэмтэй зохион байгуулалт мөн орон нутгийн өөрөө удирдах байгууллага нар маш чухал үүрэгтэй буюу гар бие оролцох нэн шаардлагатай, хийх зүйлч их байнаа түрүүлээд мөнгө гаргаж хөгжүүлэх хэрэгтэй жнь жорлон, хог хаях газар л байх биш систэмтэйгээр холыг харж хогоо ялгаж хаяна, тэрнийгээ зөөж тээвэрлэн цаашлаад боловсруулдаг болмоор байна, аялал бол мөнгө олох бизнес ч гэсэн зохион байгуулалтгүй буруу байвал *байгаль* гүй болох ч аюултай

Avatar

1 2020-09-23 192.82.77.242

Эрүүл мэндийн сайд асан энэ салбарыг навс унагасан, одоо өөд нь татах гээд өөрөө очлоо, дэмжээд аваарай.

Avatar

Зочин 2020-09-23 202.21.108.53

Аяллщал жуулчлал бол хий хоосон зүйлээс мөнгө босгодог гаднаас валют оруулж ирдэг салбар энэ дотроо олон төрлийн үйлчилгээ хамруулдаг дотоодын аялалынхан энэ салбарт бараг хамаагүй учир үйлчилгээ авч аяладаг дотоодын аялагч ховор хэн ч тэр эх орондоо аялаж байж хөтөч авах бэ дээ бас жолоочийг ч тэр

Avatar

ИРГЭН 2020-09-23 66.181.167.254

БУРХАН МИНЬ, ГАРЦ ХАЙГААД ХААГУУР ГҮЙГЭЭД БАЙГАА ЮМ БЭ?
ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ СОЁЛТОЙ БОЛГО, ӨМХИЙ САМХАЙГАА АРИЛГА, БОЛОВСОН ЖОРЛОНТОЙ БОЛГО ……

Avatar

Зочин 2020-09-23 202.179.24.214

Аялал жуулчлал баялаг бүтээдэггүй салбар.Урлаг спорт шиг.

Avatar

Зочин 2020-09-23 202.21.108.53

харин ч маш их валют оруулж ирдэг салбар шдээ

Avatar

Зочин 2020-09-23 182.160.35.87

Medehgui baij b** dongos! DNB-ii 5%-iig bii bolgodog salbar, ene bol mash ih valyut

Avatar

Zochin 2020-09-23 202.126.90.73

Xeden tugruguur xool xunsnxee yumag avch idexn ed nart yamarch xamaagui .

Avatar

Зочин 2020-09-23 64.119.21.157

Bayalag butern geheer yahyn… uurhai baiguulj gazar nuhleed orhih uu? Bulag us shirgeegeed orhih uu? Esvel ulsyn tusvuus heden tugrug tsavchij tsementen havtan bosgoh uu?.. tenegee hamgiin tom bayalag bol nudend chini haragdahguu ee… mongol ulsyn irgen buriig orlogotoi ajiltai bailgah chiji l bayalag zaa

Avatar

Зочин 2020-09-23 59.153.115.102

Нөгөө салга сарангэрэлийн хатгаасаар яриад эхэллээ. Хаанаас мөнгө идэхээ андахгуй хэлгий шуналтай авгай

Avatar

zochin1 2020-09-23 49.0.140.68

AJ salbariin companiud buun mungu olj huljsun shdee, ulsiin muguur compania surtalchlaad olson orlogoo uursduu awdag bizdee. odoo bolimoor yum. icheech

Avatar

Ард 2020-09-23 66.181.191.216

Дотоодын аялалаар явж сурах хэрэгтэй хаоин отоглох газрууд л хөгжихгүй бна ариун цэврийн өрөөгүй хоол бас байр нь авбал ав гэсэн шиг байдаг

Avatar

ард 2020-09-23 202.131.229.122

Төрөөс мөнгө нэхдэг цагаа өнгөрсөн биш үү…зохион байгуулалтанд ороод хямд мөнгө гаднаас босгох хэрэгтэй гэж бодож байна. Гадаад гэхээд Хятад гэж тэнэгтэх үе өнгөрсөөн

Avatar

Зочин 2020-09-23 139.5.217.56

Tiim baih. Gehdee ayalal juulchlaliin companiud Mongol ulsaa, tuuh soyoloo surtalchilj, oorsdoo ter zardal hariutslagaa uurch yavdag yum baina le. Tiimees zeel tuslamj huseed baina gej oilgoson, aergagui baihaa

Avatar

Зочин 2020-09-23 89.187.163.180

Монголын дотоодын жуулчид гэж ядуу хэнд ч хэрэггүй юмнууд.

Avatar

Зочин 2020-09-23 66.181.176.227

ДОТООДЫН АЯЛАГЧИД ЭНЭ ЖИЛ УРЬД ӨМНӨ БАЙГААГҮЙГЭЭР ОЛОНООРОО АЯЛСАН БАЙХАД ТЭГ ЗОГССОН ГЭЖ ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА , ДОЛООН САРД ХӨВСГӨЛД БАЙДАГ ТЭР ИХ ҮНЭТЭЙ БААЗУУД ДҮҮРЭН ХҮНТЭЙ Л БАЙСАН .

Avatar

Зочин 2020-09-23 89.187.163.180

Хэхэ

Avatar

Зочин 2020-09-23 192.82.71.222

МИАТЫГ ХУВЬЧИЛАХГҮЙ БОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ХӨГЖИХГҮЙЭЭ ЭСВЭЛ АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХДАГ МИАТ БАЙСАН ЦАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ХӨГЖИХГҮЙ

Avatar

Зочин 2020-09-23 89.187.163.180

0ркуудынхаа баазыг битгий харьцуулаад бай.

Avatar

Зочин 2020-09-23 139.5.217.56

Baazuud geheesee, olon ulsad uil ajillagaa yavuuldag ongots, ayalal juulchlaliin companiud ni yariad baigaa gej oilgoson. Baazuud bol oligtoi mongo hiij chadahgui dee, 2 oor zah zeel 2 oor uilchilgee, segment l dee

Avatar

зочин 10 2020-09-23 124.158.109.58

Гадаадаас жуулчин авч ирдэг аяллын компаниудын тухай ярьж байх шиг байна. Аялал жуулчлалын салбар чинь дан жуулчны бааз биш. Гадаадаас жуулчин оруулж ирдэг компаниуд хил хааснаас хойш 0 зогсож байна.

Avatar

Зочин 2020-09-23 103.212.119.254

Энэ салбарыг хариуцсан сайд гэхээр дандаа алиалагч юуч мэдэхгүй, намын томилгоотой бөглөөнүүд байхаар хөгжихгүй байна.

Avatar

Зочин 2020-09-23 139.5.217.56

Чухам үнэн тэр шүү

Avatar

Зочин 2020-09-23 202.126.90.95

Сайд нь одоо болтол яагаад хувийн хэвшлийн төлөөлөлтөй уулзахгүй байгаа юм бол….

Avatar

зочин 10 2020-09-23 124.158.109.58

яг үнэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж