"Таалагдахгүй бол үйлчлүүлэхгүй байж болно"

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

"Таалагдахгүй бол үйлчлүүлэхгүй байж болно"

"Таалагдахгүй бол үйлчлүүлэхгүй байж болно"

Монголын нэр хүндтэй гоо сайхны “Туяарах” салон эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөндөө хяналтын камер суурилуулжээ. Камер суурилуулсан тухайгаа үйлчлүүлэгчдээ огт мэдэгдээгүй бөгөөд энэ  нь  “хүний эрх зөрчигдөж байна” хэмээн гомдол гаргасан иргэнтэй зүй бусаар харьцсан аж. Салоны зүгээс үйлчлүүлэгчдийг эд зүйлс хулгайд алдагдахаас сэргийлэн камер тавьсан гэж тайлбарлажээ. Гэхдээ “Туяарах” салоны менежер үйлчлүүлэгчээ дорд үзсэн хандлага гарган "Таалагдахгүй бол үйлчлүүлэхгүй байж болно" гэж хэлснээр тухайн эмэгтэй олон нийтийн сүлжээнд бухимдлаа бичсэн юм. Уг мэдээлэлтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар (ШӨХТГ)-аас  "Туяарах" салонд ажиллаж, хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын үр дүнд тус салон хэрэглэгч иргэдээсээ уучлал хүсэх, камер суурилуулсан компанийг дуудаж  камераа авах,  хуулийн дагуу  хариуцлагаа бүрэн  хүлээхээ мэдэгджээ. ШӨХТГ-аас эхний удаа сануулах арга хэмжээ авсан байна. Дараагийн удаа дахин ийм зөрчил гаргавал хуулийн шаталсан арга хэмжээг авахаа мэдэгджээ.

Дэлхий дахинаа жижиглэн худалдаа эрхлэгч, дэлгүүрүүдэд хулгайчтай тэмцэхийн тулд хяналтын камер байршуулах нь хүний эрхийг хамгаалахтай зөрчилддөг гол асуудал болоод буй. Тухайлбал, АНУ-д жижиглэн худалдаа эрхлэгчид өнгөрсөн 2019 онд дэлгүүрийн хулгайчдаас болж 61.7 тэрбум ам.долларын хохирол амссан талаар Үндэсний жижиглэн худалдааны аюулгүй байдлын судалгаанд дурджээ. Үүний эсрэг худалдаа эрхлэгчид камерыг өргөнөөр ашигладаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн бичлэгийг нууцаар хийн порно сайтуудад байршуулах, зураг, бичлэгээр нь тухайн хүнийг дарамтлах зэрэг гэмт хэргээс сэргийлэн хувцас солих болон ариун цэврийн өрөөнд камер байршуулахыг олон улсад хориглодог.

Ялангуяа, Өмнөд Солонгост нууц камераар бичлэг хийн порно сайтууд дээр байршуулах гэмт хэрэг өргөн тархсан. Ихэвчлэн эмэгтэйчүүдэд мэдэгдэлгүй сургууль, оффис, галт тэрэг, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө зэрэгт камер байрлуулдаг байна. Үүнийг эсэргүүцэж хэдэн арван мянган эмэгтэйчүүд жагсаал, хөдөлгөөн өрнүүлж, цагдаа нарын анхаарлыг шаардаж, тус гэмт хэргийн хор хохирлыг бусдад таниулан дуу хоолойгоо өргөцгөөх болсон юм. Улмаар энэ төрлийн гэмт хэрэгт оноох шийтгэлийг чангаруулжээ.

Тус улсад нууцаар бичлэг хийсэн нь нотлогдвол таван жил хүртэл хугацаагаар шоронд хорих 10 сая  хүртэлх воноор  торгох хүртэл арга хэмжээ авах хатуу хуультай.

АНУ-ын зарим муж улсуудад хувцас солих өрөөнд хяналтын камер ашиглахыг тодорхой заалтын дагуу зөвшөөрдөг бөгөөд энэ тохиолдолд үйлчлүүлэгчид заавал мэдэгдэх ёстой. Хэрэв хувцас солих өрөөний бичлэг алдагдсан тохиолдол тухайн байгууллага, дэлгүүр хуулийн хатуу хариуцлага хүлээнэ.

Н.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж