Энэ сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 настай Э охин духандаа хөхөрсөн шархтайгаар нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Цагдаагийн алба хаагчдыг очиж шалгахад, талийгаач охины хойд эцэг 36 настай эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй байсан аж. Улмаар хэргийн газраас "Хараа" архины шил болон пивоны лааз зэргийг хураан авч хэрэгт холбогдуулан 36 настай Б-г цагдан, үргэлжлүүлэн шалгаж буй.
Олон нийтийг цочроосон тус харамсалтай хэргийн талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн талуудын байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа хүргэж байна.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал
Есөн настай охин амь насаа алдсан золгүй явдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Хүүхэд хамгааллын тухай хуулиар нийгмийн бүх орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хуульчлан хориглосон. Хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдсэн, ажигласан, таамагласан тохиолдолд иргэн бүр заавал мэдээлэх үүрэгтэй байдаг. Талийгаач охин өмнө нь хүчирхийлэлд өртөж байсан талаар хорооны хамтарсан баг огт мэдээлээгүй. Анхан шатанд ажиллаж байгаа цагдаагийн ажилтан тухайн гэр бүлд анхаарал хандуулж ажиллаагүй байна.
Өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард талийгаач охин алга болсон гэх дуудлага хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байсан. Тухайн дуудлагыг шалгахад “Хүүхэд орон нутаг руу эмээтэйгээ утсаар ярих гэж дэлгүүр явсныг мэдээлсэн байна” гэж эцэг, эх нь хэлж байсан. Бид өчигдрөөс эхлэн талийгаач охинтой холбоотой мэдээллийг тодруулсан. Урьдчилан сэргийлэх ажлыг хийх ёстой. Урьдчилсан мэдээллээр талийгаач охин 12 настай хөгжлийн бэрхшээлтэй эгчтэй, хоёр настай дүүтэй, ээж нь жирэмсэн гэх мэдээллийг ирүүлсэн.
Хамтарсан багийн бүтэц, чиг үүргийг хуульчилж өгсөн байдаг. Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлсэн тохиолдолд шуурхай арга хэмжээг авч, 72 цагийн дотор нөхцөл байдлын үнэлгээг хийх, дараагийн шатны байгууллагатай холбон жуучлах чиг үүрэгтэй байдаг. Гэтэл тухайн хорооны хамтарсан баг өрхийн мэдээлэлд анхаарч ажиллаагүй. Өнгөрсөн оны зургадугаар сард талийгаач охин ГССҮТ-д тоглож байгаад гараа гэмтээж, хорооны нийгмийн ажилтантай хамт хандаж байсан юм билээ.
Гэмтлийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд тухайн үед “Талийгаач охины хавирга нь бороолж, эдгэж байна” гэдэг мэдээллийг өгч байсан.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга, хурандаа Г.Дагиймаа:
Дуудлагын дагуу бид хэргийн газарт очсон. Есдүгээр сарын 20-ны өглөө яаралтай задлан шинжилгээ хийсэн.
Шинжилгээгээр гадна талд нүүр, дух, зүүн хацар, чих хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд баруун талын 3-11, зүүн талын 4-11 хавиргууд нь нэлэнхүйдээ хугарсан. Зарим нь хоёрлосон, мөн гуравласан хугаралттай, бороолсон шинжтэй. Бороолсон хугаралт бол нэлээд удсан гэсэн үг.
Мөн 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархай урагдсан, нэг литр шингэн хуралдсан байдалтай байсан.
Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн үрэвслийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Бүдүүн гэдэс урагдаж, нарийн гэдэс няцарч, цоорсон учраас агууламжууд гэдэсний хөндийд үүсч, түүнээсээ болж үрэвсэж нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Тодорхой гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон байх магадлалтай. Дэвссэн бол элэг, дэлүү бяцрах магадлалтай байсан. Тэгэхээр гадаргуутай зүйлээр цохисон байх. Лабораторийн шинжилгээ хийнэ.
Холбоотой мэдээ