Хуучирсан мэдээ: 2016.02.09-нд нийтлэгдсэн

Өвөөгийнхөө чөдрийн морийг дөхүүлэх аяддаг үе сэн. Номхоноос номхон алаг моринд минь өргөж хөлдсөн чулуундаа талархан бөхийгөөгүй чавхадсан нас сан. Айлынхаа зууханд дээлийн хормойгоо хайраад, ээжээсээ зэмлэл сонсч асан цаг сан.

Нэгэнтээ Цагаан сарыг өвөөгийндөө тэмдэглэж билээ. Тэгэхэд бөгтийж өтөлсөн хоёр хөгшиндөө дээлтэй нар нь би. Бид гурав Цагаан сарынхаа бэлтгэлийг хэрдээ л хөлтэйхөн базаана. Лааны бүдэг гэрэлд тэр хоёр маань банш чимхээд, би өрөөд л байна.

Өвлийн мөндөр адил хорголжин цагаан банш өвөөгийн гэр дээр буурцаглана. Сарны бүүдгэр туяанд миний өвөөгийн өөвгөр бор гэр цайвалзан сондорлож одод атаархан байх шиг санагдаж билээ. “Зургаан зуун гурав, зургаан зуун дөрөв” гээд л тоолж байсан би “Миний хөө, банш нь хэд болж байна, аавыг чинь ирэхэд байх нь уу” хэмээн өвөөг өхөөрдөн асуугаад нэг харахнээ нь элгээрээ хэвтээд унтчихсан байсан гэдэг. “Миний аав шинийн нэгэнд ирнэ. Аавдаа зөндөө их банш аваад хүлээнэ дээ” хэмээн би ярьж л дээ. Хариуд нь эмээ “Үгүй ээ, мөн аминчхан хүүхэд шүү, аавд чинь банш тавихгүй ээ” гээд л цаашлуулахад би уйлаад сүйд болсон гэдэг. Эмээ маань надад чихэр өгч аргадаад “Миний хүү битгий уйл, аавд нь бузгай их банш тавинаа” гэтэл “Тэгвэл би аавдаа зургаан зуу гаруй бууз тавина даа” хэмээн би гоншигнон өмөлзсөн явдал банш хийхийн өмнө болсон юм билээ л. Зургаан зуу гаруй нь тухайн үед миний тооны хязгаар, бяцхан ухааны минь орой байж л дээ. Манайхыг баншаа хийсний маргааш өглөө миний нагац манай айлын Адинбаа баахан хонины толгой хуйхалж байв. Би багадаа толгой идэх дуртай хүүхэд байж билээ. Миний ойр хавийн хүмүүс ч түүнийг минь мэднэ. Манай Чандманы наадмын түрүүг хэдэнтээ хүртсэн сумын заан Адинбаа маань дагтаршиж лавссан цасан дээр жихүүцсэн янзгүй лаглайн сууж хонины толгой хайруулдах зуур “За хө, чамд энэ халзан иргийн толгойг Цагаан сарын бэлгэнд өгнө дөө” гэж байна. Би “Толгой ч уг нь сайхан нь ч сайхан. Гэхдээ хаанаас надад өгөв гэж дээ. Ер нь хүнд хонины толгой бэлэглээд байхдаа ч яахав дээ. Ичмээр юм. Адинбаа намайг цаашлуулж байгаагаас зайлшгүй” гэсэн шүү юм бодсоор үеийнхээ хэдэн тожгортой цахилаад алга болж өгөв. Нөгөөдөр нь Талын булаг бригадын төвийнхний битүүлэг өргөн дэлгэр болж би хөрш айлууддаа бууз, шимийн архи түгээв. Надад түүн шиг сайхан ажил тэр орой үгүй. “Ажаагийнх гурван таваг засчихаж, тавган дээр нь эртүүд “Ах аавынх өгсөн “Сансар” чихэр аягүй их байсаан, Цэндхүү ахын тавьсан ууц нь аймаар том, манайх шар нүдэн иргээрээ ууц тавьсан бол тийм том байх байсан даа” гээд л шавилхан яриагаар би тэр орой өвөө эмээ хоёроо сүлж байв. Битүүний бууз, архи түгээх ээлж Адинбаагийнд ирэв. Би гэж үзүүрсгэн дээлэндээ орооцолдох шахсан, хацартаа болсон алим туяаруулсан амьтан уур савсуулсаар нагацындаа орлоо. Цээж нүцгэн Адинбаа маань заримдаа миний шоглоод уйлуулчихдаг мантуун хацарт эрххэн Цэцгээтэйгээ “Ааяагийн баншны давс нь сул юм, Ажаагийнх тос ихтэй болчихож” гээд айл айлын буузыг тамшаалан амталж сууснаа намайг орж ирэхийг хараад “Аа, Бааваагийн хишиг ирсэн үү, за хө чи ямар амттай бууз авчрав” гээд маасайтал инээж байна. Адинбаагийн хөгшин хайлсан тугалга ааштай Аажаа тавагтай халуун буузыг алдахаас өмнө миний гараас тосч авлаа. Тэгээд “Яасан сайн хүү вэ, энэ хүүд чинь юугаа өгдөг билээ” гээд эргэнэг рүүгээ эргэв. Аажааг дагуулаад хартал эргэнэгийн дээд тавиур дээр Адинбаагийн надад өгнө гэж байсан өнөөх халзан иргийн толгойг хуйхалж чанаад тавьчихсан нь шарлаж, тосондоо гялайгаад тун ч маягтай харагдаж байнаа. Өвөөгийн хийдэг тарваганы боодог миний хамгийн дуртай хоол байдагсан. Гэтэл энэ толгойг тэр боодогтой зүйрлэшгүй санагдлаа. Чухам л арааны шүлс асгаруулж, иддэг дээрээ. “Эднийх ууцаа засч тавиагүй. Бодвол энэ толгойг түүн дээрээ тавих байлгүй” гэж бодтол надад нэг их том юмаа алдах гэж байгаа мэт санагдаж дотор огшлоо. “Наад монди чинь унагачих вий дээ. Сайн бариулаад гаргаад өг” гэх Адинбаагийн дуунаар мөнөөх толгойноос харц бодлоо салгавал сайхан ааштай Аажаа маань бяслаг, өрмийг миний саванд зөнд нь хийж өглөө. Гарахдаа би Адинбаа руу хяламхийн харвал миний бодсоныг мэдсэн юм шиг жоготой инээмсэглэж сууна. Нүүр чинэрч ичих ч шиг, гомдох ч шиг болов. Саахалтын айлаар битүүлгийн бууз тарааж мундахгүй ажил амжуулсан би унтахаар хэвтэв. Бурам шиг сайхан бодол хүлхэж зүүрмэглэлээ. “Аав, ээж хоёр маань маргааш ирнэ. Тэр хоёр надад юу авчрах бол. “Сансар” чихэр, хар чавга авчрах нь зайлшгүй. Морь олдоод Шандын айлуудад очвол лав арван таван айлаас бэлэг авч болох нь. Харин маргааш Адинбаагийнх нөгөө толгойгоо надад бэлэглэх болов уу, үгүй л байх даа, хэрэв өгөхгүй бол өвөөгөөрөө толгой хуйхлуулж чануулна даа” гэж бодож хэвттэл унтчихжээ. Өглөө эмээ тогоо шанага хангинуулах дуунаар сэрлээ. Би шаламгайлан босч эмээгийнхээ хийж өгсөн шинэ дээлээ өмслөө. Өврийнхөө зайг тэмтэрч үзэв. Хөөргөөд бүсэлчихвэл овоо хэдэн айлын бэлэг багтах нь ээ. Өмнийн наран жаргалтайяа талимааран мандах үед өвөөгийнд саахалтынхан цуглалаа. Гэр өргөх шахсан олон хүнтэй хэдхэн дэгдэж үнэрлүүлээд гадаа гарлаа. Халуун гэр, олон хүн хоёр надад тээртэй. Саахалтын айлуудын гадаахь уяаны морьдыг тоолж зогстол Аажаа манайхаас гараад гэртээ орж явчихлаа. Тэрхэн зуурт сүрхий гүйлгээ ухаан надад орж ирэв. “Хүн цөөхөн байгаа дээр Адинбаагийнд орчихъё. Нөгөө халзан иргийнхээ толгойг өгч магад. Хэрэв өгвөл ганцаараа байж байгаад авсан нь дээр. Тэгэхгүй бол болзож айл хэсэхээр ярилцсан Дэмбээ, Пүүжээ нартай хамт ороод ийм бэлэг авбал дуусашгүй яриа болно” гэсэн айхтар болгоомжлолдоо мундаг өегшиж өөрийгөө зөвтгөөд орж явчихлаа. Аажаа “Дээшээ суу. Том залуу чинь цай уулгүй яахав” гээд хийж өглөө. Сэмээрхэн эргэнэг рүү нь харвал халзан иргийн толгой дээр шар тос тавиад зэс цар дээр тавьчихаж. Ширээнд засч тавьсан ууц руу нь харвал толгой тавиагүй байна. Толгойг лав надад өгөхөөр шийджээ. Шаргалтсан сайхан толгой аваад гэртээ орж явна гэж тэрхэн зуурт бодогдов. Аажаа ч “За хүү минь Адинбаа чинь чамд бэлдсэн юм. Сайн болсон байгаа даа. Миний хүү бэлгээ ав” гээд нөгөө толгойг надад бариваа. Бодол хулжааж, эргэлзээ тайлсан бэлгээ би таатай нь аргагүй гардаад гарлаа. Сонин содон бэлэгт баярласнаа шинийн нэгний нартай хуваалцахаар гарч иртэл хамт айл хэсэхээр тохиролцсон хэсэг нөхөд юу юугүй над руу дөтөлж явна. Би уг нь бэлэгний толгойгоо гэрийн арын пинд оруулж байгаад хүмүүс гарахаар гэртээ авч орно гэж бодож байв. Гэтэл мөнөөх золигнууд яг тэр талаас минь ирж явна, Дэмбээ бүр ойрхон, бэлэн үү гэсээр гүйж байна. Би баахан самгардаж, хаачихаа мэдэхгүй тээнэгэлзсэнээ өвөөгийндөө шалавхийн орж явчихлаа. Гэрээр дүүрэн хүмүүс намайг өхөөрдөн шоолж би алгахан нүүрээ хийх газаргүй болж бэлгийн толгойгоо эргэнэг тийш чулуудаад годхийн гарч гүйлээ. Ард Адинбаагийн бахдаж, сэтгэл ханасан адтай инээд бүдгэрч, одоо лав инээдээ барьж ядаад нүднээсээ гарсан нулимсаа арчаад том манан хөөргөө гарган шар тамхи манарган хамар руугаа чихэж байгаа даа гэж надад бодогдов. Часхийж улайн ичсэн хацар минь шинийн өдрийн бүлээн салхинд тайтгаран шингэрч үеийн хөвгүүдтэй баруун саахалтынх руу зүглэв. Элдэв үггүй хүд хүдхийн инээж суух Ажаагийнхаар орлоо. Өлзийхүү адиа надад хөөрхөн хөх цоор бэлэглэв. Гэрээс нь гарч явахдаа дуугаргаж үзлээ. Нэн сонсголонтой эгшиг гарч байна. Хамт айл хэссэн нөхөд маань миний бэлгэнд жигтэйхэн нүд унагаж байв. Зарим нь өвөр чихрээр авъя гэж шалж ч байлаа. Гэвч би өгсөнгүй. Тэр үед надад чихэр юу ч биш санагдав. Тэр чихрийг идээд л дуусна. Харин цоорын эгшиг айзам миний сэтгэлд үлдэнэ гэдгийг тухайн үед ухаараагүй ч, зөнгөөрөө авч үлдсэн байнам. Тэр жилийн Цагаан сараар би ийм хосгүй хоёр бэлэг авсан юм. Цаг хугацаа улирсан ч Адинбаа, Аажаа, Ажаа, Адиа дөрвийн минь тэр бэлэг надад юу юунаас илүү санагдана. Өнөөдөр Аажаа, Ажаа хоёр минь алга. Аавдаа банш бэлдсэнийг минь аминчхан гэж зэмлэн ухааруулсан санчиг буурал эмээ минь алга. Алдрай бага насандаа банш бэлдэж шинийн нэгэнд хүлээсэн аав минь ч алга. Үнэндээ тэд маань чухам өөрсдөө л надад бэлэг байж дээ. Тэд надаас диваажинд бэлэг болон одсон юм. Бурхан надаас тэднийг минь авсны хариуд хүү бэлэглэв. Хүүгээ алдсан өвөөд минь миний хүү эрдэнийн бэлэг байв. Өвөө минь гучаа үзэв. Насан буурал өвөөд минь миний хүү л бэлэг болж чадна. Хүний хорвоо ийм ажээ. Ирж буцахын зайд хүн хүндээ л бэлэг байдаг бус уу.

Б.ЗОЛБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж