АНУ-ын Нью-Йорк хотноо даваа гаригт /2020.09.21/ НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалт “Бидний хүсч буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтын үүрэг амлалтаа дахин нотлох нь” сэдвээр эхэллээ.
Чуулганд 122 орны төр, засгийн тэргүүн нар оролцож, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зөрчилдөөн мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үл итгэлцэл, шинэ технологиос үүдэлтэй сорилтууд, тэдгээрийг даван туулах асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Энэ үеэр Хятадын дарга Ши Жиньпин үг хэлэхдээ улс орнууд бие биеэ харилцан хүндэтгэхийг уриалсан байна.
Тэрбээр “Хятад улс бол НҮБ-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны дотор цорын ганц хөгжиж байгаа орон билээ. Манай улс олон талт үзлийг хэрэгжүүлэгч, дэлхийн засаглалын системийн өөрчлөн байгуулалтад идэвхтэй оролцогч төдийгүй НҮБ-аар цөм болгосон олон улсын тогтолцоог хамгаалагч юм. Том, жижиг гэлтгүй бүхий л улс орнууд бие биеэ харилцан хүндэтгэх ёстой. Аль нэг улс орон олон улсын үйл хэрэг, бусад улс орны хувь заяаг шийдэх, хөгжлийн давуу эрхийг дангаараа эзэрхэх, дэлхий дахиныг ганцаар ноёрхох үзэл гаргах ёсгүй. Ганц өөрийн улсыг эн тэргүүнд тавих нь огт тохиромжгүй. Асуудлыг хамтдаа зөвшилцөн шийдвэрлэх хэрэгтэй. Улс орнууд хүйтэн дайны сэтгэхүйд тулгуурласан бодлогоосоо татгалзаж, үзэл суртлаар нь ялгаварлахаа зогсоох ёстой. Ингэж чадахгүй бол хүн төрөлхтөнд нүүрлэж буй хамтын хүндрэл сорилтыг даван туулж чадахгүй” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ