"5-6 сая төгрөгийн цалин авдаг шүүгч байхгүй"

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

"5-6 сая төгрөгийн цалин авдаг шүүгч байхгүй"

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн танилцуулга-хэлэлцүүлэг өнөөдөр /2020.09.22/ Төрийн ордонд боллоо.

 Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, бодлогын баримт бичгүүдийн холбогдох зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн олонх, Улсын дээд шүүхийн шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөлийг хоёр жил тутамд ажиллуулахаар шинээр хуульчилж, зөвлөлийн хуралдаанд оролцох анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн тоог тухайн шүүхийн шүүгчийн тоонд хувь тэнцүүлсэн байдлаар шүүх бүрээс төлөөлөл оролцох боломжтой байхаар тусгасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгож тусгасан.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг төсөлд тусгасны зэрэгцээ шүүгчид хүлээлгэх хариуцлага, үүнд шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчлийг тогтоох, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процесс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй холбоотой өөрчлөлтийг зохицуулж өгчээ.

Шүүхийн мэргэшлийн хороо нь орон тооны бус есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 4 жил болгон өөрчилж, гишүүдэд тавих шаардлагад эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан байхаар заажээ. Мөн шүүгч, хуульчаас гадна эрдэмтэн байхаар төсөлд  нэмж зохицуулсан байна.

Х.НЯМБААТАР: НЭГ ШҮҮГЧИД ДУНДЖААР 200 ГАРУЙ ХЭРЭГ ОНОГДОЖ БАЙГАА 

Тус хуулийн төслийн талаар ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэж заасан. Бусад шүүгчийг одоогийн Шүүхийн тухай хуулиар мөн Ерөнхийлөгч томилж байгаа. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгчдийн дотроос  санал болгосноор Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно. Бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөлөөс гурван жилийн хугацаагаар сонгоно. Нэг удаа улируулан сонгож болно. Танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч  томилж, чөлөөлнө. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 10-аас доошгүй жил, Анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч тухайн шатны шүүхэд шүүгчээр таваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тавина.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч нь хуульд  заасан болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдэгдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягтална. Томилохоос татгалзсан шалтгаан тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгоно.

Шүүхийн тогтолцоог тойргийн зарчмаар байгуулж, УДШ-ээс бусад шүүхийг байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг УДШ Засгийн газартай тус тус зөвшилцсөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн УИХ шийдвэр гаргана гэж төсөлд тусгасан. Улсын дээд шүүхийн шүүгч танхимын бүрэлдэхүүнийг батлах, хуульд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг томилох, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх өөр танхимыг шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглох гэсэн хоёр бүрэн эрхтэй" байхаар төсөлд тусгасан гэв.

Улсын дээд шүүх чиг үүрэг, бүтэц, орон тоо, үйл ажиллагааны дүрмийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн батлахаар төсөлд тусгажээ. Мөн тэрбээр цааш хэлэхдээ "Шүүхэд хэрэг маргаан хянан ,шийдвэрлэх хэргийн ачааллыг тэнцвэржүүлэх ялангуяа улсын дээд шүүхийн хэргийн ачааллыг одоогийн түвшинд хадгалах эсэхийг мөн өөрчлөхөөр ярьж байгаа. Одоо нэг шүүгчид дунджаар 200 гаруй хэрэг оногдож байна. Иргэний болон захиргааны шийдвэр гүйцэтгэлийг шүүх эрх мэдэлтэнд харьяалуулах саналыг гаргаж байна. Өнөөдөр шийдвэр гүйцэтгэл хангалтгүй байгаа. Иргэний шийдвэр гүйцэтгэл 40 хувьд ч хүрэхгүй байна. Иргэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүхэд ханддаг. Гэтэл шүүхийн процесс хэт сунжирч таван жил үргэлжлэх  тохиолдол байгааг тодотгов.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Э.БАТБАЯР: 5-6 сая төгрөгийн цалин авдаг шүүгч байхгүй

Шүүхийн бие даасан байдлыг хангахад тулгамдаж буй асуудлын талаар хэлэхдээ тэрбээр “Монгол Улсад нийт 117 шүүхэд 523 шүүгч шүүн таслах ажлыг хэрэгжүүлж байна. Нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал анхан шатны шүүхийн хувьд 125.5 байсан бол 2019 онд 195.1 болж нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 1.6 дахин нэмэгдсэн. Аймаг, нийслэлийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд нийт 699 шүүгч ажиллахаар тогтоосон. Гэвч Аймаг, нийслэлийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан 390, давж заалдах 111, шатны шүүхэд 501 шүүгч ажиллаж байгаа буюу 198 шүүгчийн орон тоо дутуу байгаа.

Нэг шүүгчид ногдох ажлын ачаалал маш их, ажиллах орчин нөхцөл муу. Шүүгчийн орон тоог үе шаттайгаар тогтмол нэмэгдүүлэх шаардлагатай ч шүүхийн төсөв хүрэлцдэггүй.

Шүүхийн захиргааны байгууллагад ажиллагсдын нийгмийн баталгаа хангалтгүй, 70 хувь нь түрээсийн болон орон сууцны бус нөхцөлд амьдардаг. 2020 онд ШЕЗ, анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 115 автомашины 84.3 хувь буюу 97 автомашины ашиглалтын хугацаа бүрэн дуусахаар байна. Шүүх хурлууд зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй, ашиглалтын зай талбай багатай барилгад үйл ажиллагаа явуулж байгаагаас шүүх хуралдааны танхим, зөвлөлдөх тасалгааны тоог нэмэгдүүлэх боломжгүй байна.

Шүүхийн захиргааны байгууллагад ажиллагсдын дундаж цалингийн хэмжээ 616 мянган төгрөг, нэмэгдэл урамшуулал байхгүй. Монгол Улсын хэмжээнд 5-6 сая төгрөгийн цалин авдаг шүүгч байхгүй, зөвхөн ажилласан жилээсээ хамаараад нэг л төрлийн нэмэгдэл авч байгаа бол бусад хуулийн байгууллагын албан хаагч гурван төрлийн нэмэгдэл авч байна.

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГШ, ДОКТОР, СУДЛААЧ О.МӨНХСАЙХАН:Үндсэн хуульд тодорхой заагаагүй бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгч болохгүй

1992 оны Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож байсан. Үүнд хууль санаачлах, хориг тавих, УЕП, орлогч нар, бүх шүүгч, Цэцийн гурван гишүүнийг мөн УДШ-ийн Ерөнхий шүүгчийг томилох зэрэг эрхийг өгсөн. Тэгвэл хуулиар нэмж бүрэн эрх  өгсөн:

  • 1993 онд шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх
  • 1993 УДШ-ээс бусад ерөнхий шүүгч
  • 2002 онд ШСХ-ны дарга, гишүүн
  • 2006 АТГ-ын дарга, дэд дарга
  • 2012 ШЕЗ-ийн дарга, гишүүн
  • 2019 ҮАБЗ-ийн зэрэг Үндсэн хуульд тодорхой заагаагүй бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгч болохгүй.

ДАРААХ БҮРЭН ЭРХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨГВӨЛ ҮНДСЭН ХУУЛИЙН 33.4-ИЙГ ЗӨРЧИНӨ

  • Ерөнхийлөгч УДШ-ээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг ШЕЗ-ийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно.
  • Ерөнхийлөгч шүүгчийг чөлөөлөх, огцруулах,
  • Ерөнхийлөгч Шүүхийн сахилгын хорооны гурван гишүүнийг санал болгох,

Мөн 2012 оны хөөн хэлэлцэх хугацааг хуулиас хассан ч Шүүгчийн ёс зүйн дүрэмд зургаан сараар заасан.

Засгийн газрын өргөн барьсан төсөлд Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй.

Ерөнхийлөгчийн төсөлд Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 24 сар, зөрчил гаргаснаас хойш 36 сараас илүү хугацаа өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: Шүүгчийн ажиллаж байгаа орчин нөхцөл үнэхээр хангалтгүй  байна

Иргэдэд үйлчилж байгаа шүүх ямар байх вэ гэх асуудал хамгийн чухал. Анхан болон давж заалдах шүүхэд оруулж байгаа хөрөнгө оруулалт сүүлийн зургаан жилийн хугацаанд 0 хувьтай байгаа. Шүүгчийн ажиллаж байгаа орчин нөхцөл үнэхээр хангалтгүй  байна. Танхим гэсэн нэрэндээ зохицоогүй өрөө байх жишээний, бүх зүйл нь зориулалтын бус байгаа.  2014 онд шүүхийн нэгдсэн барилгын суурийг тавьсан ч өнөөдрийг хүртэл тэнд хөрөнгө, төсөв орохгүй байсаар байна. Тиймээс өнөөдрийн энэ Шүүхийн тухай хууль бол ганцхан шүүгчийг сонгох, шүүхийн тогтолцоо зохион байгуулалтын асуудал биш юм. Хамгийн чухал нь асуудал бол шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн тав тухтай орчин нөхцөл. Шүүхээр иргэд үйлчлүүлж байгаа шүү дээ. Шүүхийн байгууллагуудын хэрэглэж байгаа тоног төхөөрөмжүүдийн 70 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дууссан байдалтай байна. Энэ бол байж болохгүй асуудал гэхээр бид үүн дээр анхаарах нь чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж