“Улсын цолонд хүрэх зорилготой”

Хуучирсан мэдээ: 2016.02.08-нд нийтлэгдсэн

“Улсын цолонд хүрэх зорилготой”

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны нэг сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаанд 320 бөх хүчийг үзэн барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, сумын заан Б.Зоригтбаатар 9 даван түрүүлж, Өвөрхангай аймгийн харьяат, сумын заан О.Наранбаатар 8 даван үзүүрлэсэн. Их шөвөгт Төв аймгийн харьяат, сумын заан Ч.Чойжилсүрэн шалгарсан юм.

Ингээд сумын заан Б.ЗОРИГТБААТАРТАЙ ярилцлаа. Түүний хувьд “Аварга” дээд сургуулийн оюутан бөгөөд Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээнд бэлтгэлээ хийдэг байна.

-Юуны өмнө “Бөхийн баяр” цуврал барилдааны нэг болох сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаанд түрүүлсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Энэ удаагийн барилдаанд түрүүлсэндээ баяртай байна. Жил бүрийн сар шинийн өмнө “Бөхийн баяр” болдог нь бөхчүүдийн хувьд хамгийн их хүсэн хүлээдэг баярын нэг. Мөн сумын цолтон бөхчүүдийн барилдаан битүүний барилдааны өмнөх өдөр боллоо. Энэ жил сайхан барилдаж, хүссэн амжилтандаа хүрлээ. Мэдээж 320 бөхөөс тэргүүн магнайд шалгарна гэдэг бол тийм амаргүй байлаа. Энэ нь надад цаашид улам сайн барилдах урам зоригийг өглөө. Бүх барилдаан хүнд байлаа.

-Жил ирэх тусам бөхийн барилдааны чанар ихсэж, өрсөлдөөн тэр хэрээр өрнөж байгаа харагдана?

-Тиймээ. Бөхчүүдийн амжилт улам л сайжирч байна. Би намраас хойш сумын цолтнуудын барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ. Монгол түмний уламжлалт цагаан сарын барилдааны өмнө болдог цуврал барилдаанууд их чухал байдаг. Энэ жил гэхэд 320 бөх хүчийг үзэн барилдлаа. Миний хувьд 6-ын даваанд Хөвсгөлийн Га.Бат-Эрдэнэ, 7-ын даваанд Булганы Э.Сумъяабатыг даван 8-ын даваанд гоц мөргөсөн. Ингээд сумын заан О.Наранбаатарыг давж, хонин жилийн сүүлийн барилдаандаа сайхан наадлаа.

-Гурвын даваанд А.Сүхбат аваргын хүү Хангайтай барилдсан шүү дээ?

-Хангай бид хоёрын хувьд оны өмнө Дарханд болсон улсын аваргын үеэр таарч байсан. Тэгэхэд Хангай давсан. Харин энэ удаа даагаа нэхэх барилдаанд түүнийг давлаа.

-Таны хувьд сумын заан цолыг хэзээ авч байсан бэ? Бөхийн удамтай гэж сонслоо?

-2013 оны Булган аймгийн Бугат сумын наадамд түрүүлээд авч байсан. Би хөлд орох мэхийг ихэвчлэн хийдэг. Аав маань сумын наадамдаа дөрвөн удаа түрүүлж, олон удаа шөвгөрч байсан сумын заан цолтой Батсүх гэж хүн бий. Мөн сумын наадамд ах Мөнхбаатар хоёр, Б.Жавхлантөгс нэг удаа түрүүлсэн. Би айлын отгон хүү. Аав, ахынхаа итгэлийг алдалгүй сайхан барилдаж, улсын цолонд хүрэх зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байна.   

-Үндэсний бөхөөс гадна бусад бөхийн спортын төрлөөр хичээллэдэг үү?

-Чөлөөт бөхийн спортоор хоёр дахь жилдээ хичээллэж байна. Үндэсний бөхөөр сайн барилдахад чөлөөт бөхийн бэлтгэл их дэм болдог. Магадгүй үндэсний бөхөд гаргадаг амжилт маань чөлөөт бөхтэй холбоотой байх. Одоогоор чөлөөт бөхийн 2015 оны залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.  Энэ дашрамд намайг дэмжиж байдаг хүн бүрт баярлаж байгаагаа хэлмээр байна. Мөн сар шинийн өмнө болсон сумын цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэндээ баяртай байна. Энэ жил нутагтаа очин сар шинийн баяраа тэмдэглэнэ. Та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе.


Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан өчигдөр(2.7) Монголын бөхийн өргөөнд сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаанаар үргэлжиллээ. 320 бөх хүчийг үзэн барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, сумын заан Б.Зоригтбаатар 9 даван түрүүлж, Өвөрхангай аймгийн харьяат, сумын заан О.Наранбаатар 8 даван үзүүрлэлээ. Их шөвөгт Төв аймгийн харьяат, сумын заан Ч.Чойжилсүрэн шалгарав.

Зургаагийн даваа

1.О.Наранбаатар с.з (ИМХ) – М.Улаанхүү с.з (Увс)

2.Б.Зоригтбаатар с.з (Архангай) -Га.Бат-Эрдэнэ с.з (Хөвсгөл)

3.Ч.Чойжилсүрэн с.з (Төв) -Б.Бямбадорж с.з (ИМХ)

4.Н.Даваадорж с.з (ИМХ) –Э.Сумъяабат с.з (Булган)

5.Г.Бадрах с.з (ХЦ -0164) -Б.Чинбат с.з (Архангай)

Долоогийн даваа

1.О.Наранбаатар с.з – гоц мөргөв

2..Б.Зоригтбаатар с.з  -Э.Сумъяабат с.з

3.Ч.Чойжилсүрэн с.з  -Г.Бадрах с.з

Наймын даваа

1.О.Наранбаатар с.з – Ч.Чойжилсүрэн с.з

2. Б.Зоригтбаатар с.з  -гоц мөргөв

Есийн даваа

1.О.Наранбаатар с.з –Б.Зоригтбаатар с.з

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж