"ТҮЦ эрхлэгчид мөнгөний машин биш"

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

"ТҮЦ эрхлэгчид мөнгөний машин биш"

"ТҮЦ эрхлэгчид мөнгөний машин биш"

Монголын Худалдаачдын холбооноос өнөөдөр /2020.09.22/ Бид амьдармаар байна сэдвийн хүрээнд Зөрчлийн тухай хууль бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа тухай мэдээлэл хийлээ.


Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам “ТҮЦ эрхлэгчид төрийн мөнгөний машин болоод удаж байна. Тухайлбал, хууль хяналтын байгууллагуудаар худалдаачдыг дарамталдаг, өндөр хүүтэй зээлээр мөлждөг, ажилгүйдэл, ядуурлыг улам тэлж байгаа шуналт төрийнхөнтэй тэмцэх гэж худалдаачид бид өнөөдөр нэгдэж байна. Худалдаа, наймаа эрхлэн өөрсдийнхөө хүчээр амьдралаа босгох гэж хичээж байгаа цөөхөн ард түмнээ Зөрчлийн хуулиар хязгаарлаж, өдөр бүр торгуулийн хуудас өгч, эд бараа, бэлэн мөнгө, пос машиныг маань хураан авч дээрэнгүй авирлаж байгаа цагдаагийн байгууллага болон хэрэгждэггүй хууль баталсан төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байна. Бид өнөөдрөөс торгуулийн мөнгө төлж чадахгүй. Эрх баригчид та бүхнээс хэн дуртай нь аль нэг ТҮЦ-нд очиж, нэг өдөр ажиллаад үзэх хэрэгтэй. Тэр цагт л бидний зовлонг ойлгох болно. Зөрчлийн тухай хууль эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй атлаа эгэл жирийн худалдаа эрхлэгчид асар их дарамт учруулж байгаад бидний зүгээс гомдолтой байна.”

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд ТҮЦ эзэмшигч Д.Отгонбаяр “Манай гэр бүл 0-9 насны таван хүүхэдтэй, залуу гэр бүл. Эхнэр бид хоёр 10 гаруй жил цуглуулсан мөнгөөрөө 3×5 хэмжээтэй ТҮЦ худалдан авч, үйл ажиллагаа явуулж байна. Өглөө 06:00 цагт нээж, орой 22:00 цаг хүртэл ТҮЦ-ээ ажиллуулж байж хоногийн хоолны мөнгөтэй залгадаг. Энэ хугацаанд хамгийн том есөн настай хүүхэд маань дөрвөн сартай дүүгээ кашаар угжиж өдрийг өнгөрүүлдэг. Бид өдөр бүр амралтгүй тогтмол ажиллаж байж сард гурван сая төгрөгийн орлого олдог. Үүнээс хэрэглээний зардал, өдөрт идэх хоол, ундны мөнгөө хасвал манай гэр бүлд хуримтлалын мөнгө огт үлддэггүй. Бид баяжих гэж ТҮЦ ажиллуулдаггүй шүү дээ. Гэтэл өдөр бүр Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас байцаагч нар орж ирж, хамгийн багадаа 20 мянган төгрөгөөр торгодог. Бүр өдөр бүр. Өөрсдөө болохоор гадаа зогсож тамхи татаад иш ээ хээв нэг хаячихаад явчихдаг. Түүнийг нь бид цэвэрлэдэг. Хаана байна, нөгөө олон нийтийн газар тамхи татвал иргэнийг 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн Зөрчлийн хуулийн биелэлт. Төрийн алба хаагчдад биш ард иргэд, ТҮЦ эрхлэгчид нарт л тэр хууль жинхэнэ утгаараа хэрэгжиж байна.”

Монголын худалдаачдын холбооноос төрөөс санаачилсан ядуурлыг бууруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөрүүд зорилтот бүлэгтээ хүрэхгүй, хулгайч, авилгач дарга, эрхмүүдийн амар хялбар хөрөнгөжих эх үүсвэр болж байгааг тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан шаардлага хүргүүлэхээр боллоо. Мөн худалдаачдын холбооны ээлжит бус их хурлыг ирэх сарын 5-нд зохион байгуулах юм байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж