"Өнөөдөр Улаанбаатар хотоос гадна дөрвөн аймагт газар хөдөлсөн"

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

"Өнөөдөр Улаанбаатар хотоос гадна дөрвөн аймагт газар хөдөлсөн"

Улаанбаатар хот болон Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймагт өнгөрсөн шөнө газар хөдөлсөн, чичирхийлэл нь мэдрэгдсэн тухай мэдээлж буй. Энэ асуудлыг Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан М. Оюун-Эрдэнээс тодрууллаа. 


-Нийслэл Улаанбаатарт есдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл мэдэгдлээ.  Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Есдүгээр сарын 22  буюу өнөөдөр 02.04 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайнд 5.5 магнитудын, 02.19 цагт, мөн  тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайнд 4.4  магнитутын хоёр удаагийн газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул  аймагт хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна. 

Иргэд "унтаж байхад хөлний доороос доргилт өгч сэрсэн,  зарим нэг зүйлс савлан чичирхийлсэн" зэрэг мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн утсанд хандаж өгсөн.

Энэ он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэрт нийтдээ 45 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүнээс магнитут нь 3.5 буюу түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 46 удаа бүртгэгдсэн. Ялангуяа баруун аймгуудын нутаг дэвсгэр  газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог.

2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урагш 31 км-ийн зайд 5.9 магнитуттай газар хөдлөлт нь Монгол орны нутаг дэсвгэрт   хамгийн хүчтэй газар хөдлөлтөөр бүртгэгдсэн.

Тухайн газар хөдлөлтийн үед Ховд, Баян-Өлгий аймгийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн байдаг. Харин Улаанбаатар хотын хэмжээнд он гарснаас хойш 1000 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн. Ингэхдээ нийслэлд болж байсан газар хөдлөлтийн ихэнх нь сул чичирхийлэлд тооцогддог. Энэ магнитут нь гурваас доош, хүнд мэдрэгдэхгүй гэсэн үг. Хамгийн сүүлд есдүгээр сарын эхээр Төв аймагт магнитут нь 3.6-тай бүртгэгдсэн байна. 

-Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж, аюултай зэрэгт хүрсэн гэж сонссон. 2018 онд нийслэлийн төв цэгийг дайрсан шинэ хагарал илэрсэн. Судалгааны ажил дууссан уу?

-Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотыг тойроод нийт зургаан идэвхтэй хагарал бий. Хамгийн сүүлд илрүүлсэн долоо дахь хагарал нь Улаанбаатар хотыг нэвт дайран өнгөрсөн “Улаанбаатар” хагарал юм. Байршлын хувьд  Хүрхрэйн ам буюу цанын баазын хойхноос Далан давхар луу чиглэсэн хагарлыг Японы эрдэмтэдтэй хамтран илрүүлсэн судалгааны ажил хийгдэж байна. Эрдэмтдийн зүгээс нэг хэсэг нь идэвхтэй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь идэвхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Судалгааны ажил энэ онд дууссаны дараа Улаанбаатар хагарал нь идэвхтэй эсэх нь эцэслэгдэнэ.

 

Тэгвэл нийслэлд бүртгэгдсэн зургаан идэвхтэй хагарлууд нь эрсдэл хэр өндөр вэ?

-Нийслэл орчимд газар нутгийг бүсээр нь харвал Гүнжийн ам, Туул голын урд, хойд, Хустайн нуруу, Авдар уул, Шархайн зэрэг 17 хагарал бий. Үүнээс  дөрвөн хагарал нь газар хөдлөлийн аюултай, идэвхтэй гэж тодорхойлогдсон. Эрсдэлтэй гэж үзсэн хагарлуудад  судалгаа хийж,  анхаарлаа хандуулж байгаа. Гүнжийн амны хагаралд 2008 оноос хойш судалгаа хийхэд 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж байсныг тогтоосон. Ерөнхийдөө 3-3.5 мянган жилийн давтамжтайгаар газар хөдлөлт болж байсныг баталсан. Эмээлт орчимд газар хөдлөлтийн идэвхжил бүртгэгдэж байна. Мөн Хустайн нуруунд газар хөдлөлтийн идэвхтэй хагарал байгаа. Иймд сүүлийн 20 жилийн хугацаанд нийслэлийн бүс нутгуудыг илүүтэй судалж байна. Учир нь хүн амынх нь 50 хувь төвлөрдөг тул хотын бүс нутагт газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг бууруулах үүднээс олон тоо, төрлийн геофизикийн багажын судалгаа хийж байна.

-Нийслэлийн барилга байгууламжууд газар хөдлөлтөд тэсвэртэй байж чадах уу. Мэргэжлийн хүний хувьд бодлоо хуваалцахгүй юу?

-Улаанбаатар дахь байшин барилгууд 7-8 баллд тэсвэртэй байх ёстой. Мэдээж барилгын чанараас хамаарна. Одоогийн барилгуудад шинээр судалгаа хийж, нарийвчилж үзэхгүйгээр газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг тогтооход бэрх. Сүүлд баригдсан байгууламжийг газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг тогтоох боломжгүй. Бүгдийг нь л шалгах хэрэгтэй.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж