Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

Сохорсон төр

Есөн жилийн өмнө орчлонд мэндэлсэн охин зэрлэг балмад хойд эцэгтээ зодуулж амиа алдав.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс цогцост хийсэн шинжилгээгээр нүүр, дух, зүүн хацар, чих хуучин зулгаралттай, дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, бороолсон, 12 хуруу гэдэс няцарсан шархтай, бүдүүн гэдэсний чацархай урагдсан, нэг литр шингэн хуралдсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн үрэвслийн хордлогоор нас барсан байх магадлалтай. Бүдүүн гэдэс урагдаж, нарийн гэдэс няцарч, цоорсон учраас агууламжууд гэдэсний хөндийд үүсч, түүнээсээ болж үрэвсэж нас барсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн тодорхой гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон байх магадлалтай аж. Иймээс лабораторийн шинжилгээ хийнэ гэжээ.

Гурван сарын өмнө охиныг ээж нь хорооныхоо нийгмийн ажилтны хамтаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд таван хавирга хугарч, бороолсон гэдэг онош тавьж байжээ. Өөрөөр хэлбэл, охин өмнө нь ч мөн бэртэл гэмтэл авч байсныг эмчийн үзлэг, оношилгоо батална.

Харамсалтай нь, охин нь амь насаа алдчихаад байхад ээж нь “Нөхөрт буруу байхгүй” гэдэг тайлбарыг хэвлэлд өгсөн бол Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар мэдээлэл цуглуулах ажлыг эхлүүлээд байна.

Гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд болж байгааг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага, мөн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд анхааруулж, хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй өрхийн судалгааг гаргаж, ажиллах шаардлагатайг сануулсаар ирсэн ч бяцхан охиныг хамгаалах ажиллагаа хийгдээгүй байна.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Талийгаач охин өмнө нь хүчирхийлэлд өртөж байсан талаар хорооны хамтарсан баг огт мэдээлээгүй. Анхан шатанд ажиллаж байгаа цагдаагийн ажилтан тухайн гэр бүлд анхаарал хандуулж ажиллаагүй байна.

Өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард талийгаач охин алга болсон гэх дуудлага хүүхдийн  тусламжийн 108 утсанд ирж байсан. Тухайн дуудлагыг шалгахад “Хүүхэд орон нутаг руу эмээтэйгээ утсаар ярих гэж дэлгүүр явсныг мэдээлсэн байна” гэж эцэг, эх нь хэлж байсан. Хамтарсан багийн бүтэц, чиг үүргийг хуульчилж өгсөн байдаг. Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлсэн тохиолдолд шуурхай арга хэмжээг авч, 72 цагийн дотор нөхцөл байдлын үнэлгээг хийх, дараагийн шатны байгууллагатай холбон жуучлах чиг үүрэгтэй байдаг. Гэтэл тухайн хорооны хамтарсан баг өрхийн мэдээлэлд анхаарч ажиллаагүй. Өнгөрсөн оны зургадугаар сард талийгаач охин тоглож байгаад гараа гэмтээж, хорооны нийгмийн ажилтныхаа хамтаар  хандаж байсан юм билээ. 5000, 10 мянган хүн ам дунд нэг нийгмийн ажилтан ажиллаж байна. Хамгийн багадаа 700-800 орчим өрхтэй ажиллаж байгаа нь учир дутагдалтай байгаа” гэдэг тайлбар хийж сууна.

Цагдаагийн байгууллагаас нэг байцаагчид 20 мянган хүүхэд ногддог болохоор хүч хүрэлцдэггүй тухай агуулга нэг зовлон тоочив.

Хүч хүрэлцдэггүй шалтгаанаар өөрсдийн ажиллагаагүй шалтгаанаа төрийнхөн хаацайлж суухад “Ид шидийн орон” төслийг санаачлагч Ч.Ганжавхлан “Би түүнд тусалж чадсангүй” гэж харуусаж, өөртөө бурууг өгч сууна.

Уг нь хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ганц төрийн бус байгууллага бүхнийг хийх ёстой биш. Төрд иргэндээ үйлчлэх хороо, дүүргийн Засаг даргын Тамгын газар, сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан, дүүргийн цагдаа нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гээд дурдвал татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад суудаг олон байгууллага бий. Хүчээ нэгтгээд ажилдаа хариуцлагатай хандсан бол охиныг аюулаас хамгаалах боломж байжээ гэж харагдаж буй. Учир нь нэг байцаагчид 20 мянган хүүхэд , нэг нийгмийн ажилтанд 5000-10000 хүүхэд ногддог ч тэр бүгд хүчирхийлэгч өрхөд өсч торниогүй. Нэг байцаагчид ногдож буй 20 мянган хүүхдийн 200 орчим нь хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байж болох талтай.

Дээр нь Хүүхдийн тусламжийн 108 утсанд “Хүүхэд алга боллоо” гэсэн дуудлага ирж байхад ажил хариуцсан хүмүүс нь яагаад орон гэрт нь очиж, нөхцөл байдлыг судалж үзсэнгүй вэ. Ажил хариуцдаг ч хийдэггүй, сэтгэлгүй хэдэн сэтэртнүүдээс ирэх мэдээллийг хүлээгээд сууж байх нь ажил юм уу.

Дээр нь монголчуудад эцэг, эх болсноор хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг гэдгийг ухамсарладаг нь цөөн болж байна. Зүгээр сууж байгаад төрөөс өгсөн халамжаар амьдралаа залгуулахыг боддог.

Хүүхэд бүрт сар тутамд олгодог 100 мянган төгрөг өнөөдөр гэр бүлд хүчирхийлэл үйлдэх үндэс суурь нь болж байна гэхэд буруудсан болохгүй.

Хүүхдийн мөнгө буусан өдөр нийслэлийн гэр хороолол архинд живж, хүүхэд, эхчүүд зодуур амсч байна.

Харамсалтай нь, эрх баригчдад сонгуулиар санал авах нь чухал болохоос үр хойч үе нь энэ бэлэн мөнгөнөөс болж, хүчирхийлэлд өртөж буйг хардаг ухаан дутав.

Одоо энэ халамжийг хариуцлагатай эцэг, эхэд олго. Хүүхдээ хайхардаггүй, хүчирхийлэл дунд хүүхдээ өсгөжч буй эцэг эхчүүдэд халамж бүү тараа. Харин хүүхдийг нь төр өөртөө авч, тэрхүү 100 мянган төгрөгөөр нь тэжээ. Бусдын гарт амь насаа алдаж буй аймшигт хэрэг үйлдэгдэж байснаас төр  мэдэлдээ авч өсгөсөн нь зөв сонголт болж хувирлаа.

Мөн бэлэн мөнгө тарааж, ард иргэдээ ажил хийх сонирхолгүй болгож хорлохоос илүүтэй ажлын байр бий болгож, хүүхдээ эцэг, эхчүүд өөрсдөө тэжээдэг, үүрэг хариуцлага үүрдэг нийгмийг бүтээх хэрэгтэй байна.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж