Монгол улсын оюутны аварга шалгаруулах шатрын 2016 оны тэмцээн "Зууны шатар" клуб дээр 4 өдрийн турш үргэлжлэн явагдаж аваргуудаа тодрууллаа.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг ҮБТДС-ийн оюутан Г.Мөнхгал, дэд байрыг Мон-Алтиус БТДС-ийн оюутан Б.Галмандах, 3 дугаар байрыг МУИС-ийн оюутан Э.Энхнар эзлэв. Эмэгтэйчүүдийн төрөлд МУИС-ийн оюутан Ү.Үүрийнтуяа 1 дүгээр байр, мөн МУИС-ийн оюутан Б.Ану 2 дугаар байр, ШУТИС-ийн оюутан Б.Халиун 3 дугаар байрт шалгарч улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
Эдгээр тамирчид 2016 оны 4 сарын 9-15-нд Арабын Эмират улсын Абу Даби хотноо болох дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрх авлаа.
Тэмцээний багийн дүнгээр 1 дүгээр байранд 16 оноогоор МУИС-ийн баг, 2 дугаар байранд 14,5 оноогоор ҮБТДС, 3 дугаар байранд 14,5 оноогоор Мон-Алтиус БТДС-ийн багууд шалгарч оюутны улсын аваргууд боллоо.
Тэмцээнийг Монголын оюутны спортын холбоо, Монголын шатрын холбооноос хамтран "Зууны шатар" клуб дээр явуулсан юм. Тэмцээний Ерөнхий шүүгчээр МУГДасгалжуулагч, ОУМ П.Жигжидсүрэн ажиллаж, Монголын оюутны спортын холбооны ажилтанууд хамтран амжилттай зохион байгуулсан юм гэж Монголын оюутны спортын холбооноос мэдээлэв.