Авто машин худалдан авсан иргэд машины дугаар авахдаа ижил тоо бүхий "азын" дугаар авах гэж илүү мөнгө төлж, танил талаараа яриулж авах гээд хөөрхөн бизнес Авто тээврийн үндэсний төвд өрнөдөг. Тэгвэл энэ жижигхэн бизнесийг үгүй хийж, "азын" гэгдэх дугааруудыг нийтэд олгохгүй Шуурхай алба болон ТҮК-ийн автомашинуудад олгох чиглэлийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд гаргажээ. Энэхүү ажлыг есдүгээр сарын 18-аас эхлэн мөрдөх юм байна.
Энэхүү дугаар нь сери бүрт 300 орчим байдаг ба тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын сери шинээр нээхэд бүх серийн доорх бүх улсын бүртгэлийн дугаарыг зөвхөн хүн, мал эмнэлгийн шуурхай албаны, техникийн түргэн тусламжийн, засвар, арчлалт, тохижилт үйлчилгээний тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд олгох юм байна. Харин өмнөх хугацаанд олгогдсон энэ төрлийн дугааруудыг солихгүй бөгөөд эзэмшигч нарт мэдэгдэх арга хэмжээг авч эхэлсэн байна.
Ингэж "азын" дугааруудыг нийтэд худалдаалахгүй байх шийдвэр нь авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ болж байгааг албаныхан тодотгожээ. "Азын" дугаар авахын тулд танил руугаа утас цохих, дугаар худалдан авахдаа төлдөг мөнгөн дээрээ мөнгө нэмэх шаардлагагүй болж, Авто тээврийн үндэсний төвийнхөн ч "азын" дугаарыг ашиглаж "мөнгө хийдэг" ажил нь таслан зогсох боломж бүрдэх юм. Хамгийн гол нь энэхүү шийдвэрт тавих хяналт нь чанга байх нь чухал юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ