"Метротой болсон бол иргэд нийтийн тээврийг сонгох байсан"

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

"Метротой болсон бол иргэд нийтийн тээврийг сонгох байсан"

"Метротой болсон бол иргэд нийтийн тээврийг сонгох байсан"

Түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч буй талаар Нийслэлийн Тээврйин үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодрууллаа.


Хорио цээрийн дэглэмийг цуцалж, хичээлийн шинэ жил эхэлснээс хойш автобусны хомсдол үүсээд байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлд ямар арга хэмжээ авч байна вэ?

– Хорио цээрийн дэглэмтэй, амралт зугаалгын улиралд замын ачаалал эрс буурсан үед автобус цагийн хуваариа мөрдөж байсан. Есдүгээр сараас Улаанбаатар хотын түгжрэл дээд цэгтээ хүрч, автобус хуваарийн дагуу цагаар үйлчилгээнд гарч чадахгүй байна. Ялангуяа өглөө оройн цагаар түгжрэл эхлэхтэй зэрэгцэн нийтийн тээвэрт цагийн хуваарь мөрдөгдөж чаддаггүй.

Нэг автобус 8-13 минутын зайтай үйлчилгээнд гарах ёстой байтал түгжрэлийн үеэр 20-30 минут хүлээгддэг. Зарим тохиолдолд автобус хүлээгдэх хугацаа нь  30 минутаас илүү байна гэсэн судалгаа байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлд давхардсан тоогоор 600 орчим мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Улаанбаатар хотод  98 чиглэлд 900 орчим автобус үйлчилгээнд гарч байгаа нь хангалттай хүрэлцдэггүй нь үнэн. Нийтийн тээврийн хүрэлцээний 80 гаруй хувийг хангаж байна. Олон улсын жишигт нэг саяас дээш хүн амтай хотод 1000 автобус шаардлагатай гэх тооцоо судалгаа бий. Гэтэл 1.5 сая гаруй хүн амтай нийслэлд 900 орчим автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гардаг гэж үзвэл хангалттай биш үзүүлэлт юм.

Бидний хувьд нийтийн тээврийн хүрэлцээнээс илүүтэй тулгамдаж буй асуудал нь түгжрэл болоод байна. Түгжрэлийг бууруулахгүйгээр автобусны тоог нэмсэн ч нийтийн тээврийн үйлчилгээнд гарах зай хоорондын хуваариа баримталж чадахгүй.

Хүлээгдлийн улмаас иргэд  бухимддаг. Тиймээс эхний ээлжинд түгжрэлийг бууруулах шаардлагатай учраас Тээврийн цагдаагийн алба, НЗДТГ, Нийслэлийн хот төлөвлөлт инженерчлэлийн газар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Түгжрэлийг 30-40 хувиар бууруулах зорилготой сургуулийн автобус үйлчилгээнд гарсан. Эсрэгээрээ түгжрэлийг сааруулах биш замын ачааллыг  нэмэгдүүлж байна гэж үзэх эцэг эхчүүд олон байгаа. Сургуулийн автобус түгжрэлийг бууруулж чадаж байна уу?

-Нийслэлийн боловсролын газрын тооцоо судалгааны дагуу 31 сургуульд 40 автобус  явуулахаар бэлтгэл ажлаа базааж, өчигдрөөс үйлчилгээнд гарлаа. Энэ сарын 21-ны өдрийн байдлаар сургуулийн 40 автобусаар 980 хүүхэд зорчсон байна. Энэ нь тодорхой хэмжээгээр автомашины тоог цөөрүүлж байгаа юм. Тиймээс сургуулийн автобус үйлчилгээнд гарснаар түгжрэл нэмэгдсэн гэж үзэхгүй байна.  Өнгөрсөн жил сургуулийн автобусыг туршилтаар үйлчилгээнд нэвтрүүлэхэд нэг сарын хугацаанд 152 мянган хүүхэд зорчсон бол түгжрэл 18 хувиар буурсан гэх судалгаа бий. Эцэг эхчүүд ч бас хүүхдээ өглөө, оройд сургуульд нь зөөх гэж цаг алдахгүй шүү дээ.

-Хотын удирдлагууд  түгжрэлийг бууруулахад иргэд автомашинаас татгалзаж нийтийн тээврээр зорчихыг уриалж буй нь бодит амьдрал дээр нийцэхгүй байна. Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийтийн тээврийн шинэчлэлт хийх цаг нь болсныг ч хэлж байна?

-Нийтийн тээврийн парк шинэчлэлтээс илүүтэй түгжрэлийн асуудлыг шийдэх нь чухал. Түгжрэлийг бууруулснаар иргэд нийтийн тээврээр сонгож үйлчлүүлэх боломж бүрдэнэ.

Одоогоос гурван жилийн өмнө автобусны дундаж хурд 15 км/ц байсан бол өнөөдрийн байдлаар 0-13 км/ц хурдтай замын хөдөлгөөнд оролцож байна. Тэгэхээр зарим үед автобус зам дээр зогсолтод орчихож байгаа юм. Автомашин ч ялгаагүй зам дээр түгжирч тэг зогсолт хийж байна. Тиймээс иргэдэд сонголт алга.

Автобус, хувийн автомашинаар зорчсон аль нь ч ялгаагүй түгжирнэ. Харин тусгай замын автобус BRT төслийг хэрэгжүүлэхийн сацуу  метротой байсан бол мэдээж иргэд автомашинаас илүүтэй нийтийн тээврийг сонгох байсан. Гэтэл ийм нөхцөл өнөөдөр бүрдэх боломж нь алга. Түгжрэлээс гадна нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудал яригдаж байна. Парк шинэчлэлтээр 400 орчим автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байна.

-Нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр зорчих давуу эрхтэй ч бодит байдал дээр автомашинууд ч бас нэгдүгээр эгнээгээр замын хөдөлгөөнд оролцож байна. Зөвхөн нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр зорчих журмын хэрэгжилтэд хяналт тавьдаг уу?

-Нийслэлийн Засаг даргын 2016 оны захирамжаар гурван эгнээ буюу хоёроос дээш замд нэгдүгээр эгнээнд нийтийн тээврийн үйлчилгээний автобус давуу эрхтэйгээр зорчих захирамж гарсан. Гэвч бодит байдал дээр өнөөдрийг  хүртэл уг захирамж хэрэгждэггүй. Нэгдүгээр эгнээнд автомашинууд автобустай адил замын хөдөлгөөнд оролцдог учраас нийтийн тээвэрт давуу байдал үйлчлэхгүй. Хэрэв түгжрэл үүсэхгүй, нийтийн тээврийн автобус хуваарийн дагуу цагаар үйлчилгээнд явж чаддаг байсан бол иргэд нийтийн тээврээр л үйлчлүүлнэ.

-Түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд автобус хоорондын зай, эргэлт чухал. Тиймээс холын эргэлтийг богиносгох чиглэлд анхаарч байна уу. Хотын дарга асан Э.Бат-Үүлийн санаачилсан автобус хоорондын зай, эргэлтийг богино чиглэлд болгох ажлыг хэрэгжүүлэх тухай яригдаад шийдлээ ололгүй долоон жил өнгөрлөө.  Үүнд гарц олсон уу?

-Бид 2014 онд нийтийн тээврийн үйлчилгээнд дахин төлөвлөлт төслийг хэрэгжүүлж байв. Уг төслийн хүрээнд нийслэлийн алслагдсан бүс нутагт  үйлчилгээнд явдаг нийтийн тээврийн холын эргэлтийг богино зайнд шилжүүлсэн. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан зам талбайг шийдэж, төв замаар зөвхөн угсраа автобус зорчих зохицуулалтыг хийж байв. Гэвч автобусны холын эргэлтийг богино зайнд шилжүүлсэн төсөл иргэдийн шүүмжлэл дагуулсан. Хүмүүсийн сэтгэлд нийцээгүй.

Иргэдийн тухайд нэг л автобусаар дамжин суулгүй хүссэн цэгтээ хүрэхийг хүсдэг. Тухайлбал, Тахилтад амьдардаг иргэн нэг л автобусаар Офицеруудын ордон орохыг хүсдэг гэсэн үг. Тиймээс богино зайн эргэлтийг хэрэгжүүлсэн нэг сар гаруйн хугацаанд иргэд бухимдсан учраас дахин хэрэгжээгүй.

Өнөөдрийн байдлаар богино зайн эргэлтийн төслөөс 50 гаруй хувь нь л хэрэгжиж үлдсэн. Одоогоор энэхүү төслийг дахин эхлүүлэхээр дахин төлөвлөгөө боловсруулаад байна. Зөвхөн хотын төвд биш баруун, зүүн хэсгийг гол замууд руу холбох богино эргэлтийн чиглэлийн төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс богино чиглэлийн нийтийн тээврийг нэмэгдүүлэх шаардлагатай.  Эхний ээлжинд парк шинэчлэлтэй холбоотой асуудал шийдэгдвэл давхцал ихтэй төв замууд руу орж ирж буй нийтийн тээврийн чиглэлийг богино зайтай болгоно. Иргэд автобусанд дамжин суух нь үнэгүй тул санхүүгийн хүндрэл үүсэхгүй. Хамгийн гол нь иргэд түгжирч, цагаа алдахгүй байхыг хүсвэл нийтийн тээврийн үйлчилгээний богино зайн эргэлтиийг дэмжихийг хүсье.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй 900 орчим автобуснаас хэчнээн нь өнөөдрийн байдлаар холын зайнд үйлчилж байна вэ?

-Улаанбаатар хотод их дээд сургууль, төрийн байгууллага, үйлчилгээний төвүүд төвлөрсөн байдгаараа онцлог. Үүнийг дагаад Энхтайваны өргөн чөлөөний орчимд  өглөө, оройд хамгийн их түгжрэл үүсдэг. Иймд автобус хоорондын зайг богино эргэлттэй болгосноор  ачаалал багасна. Энэ хэсэгт нийтийн тээвэр 12 чиглэлд давхцан үйлчилгээнд гардаг. Богино эргэлтийг нэвтрүүлэхэд автобус нэмэх шаардлагатай болно. Богино хугацаанд автобусны тоог нэмэгдүүлснээр иргэд нийтийн тээврээр үйлчлүүлнэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж