“Үдийн цай”-ны санхүүжилт 600 төгрөг байхад “чанга” байсан”

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

“Үдийн цай”-ны санхүүжилт 600 төгрөг байхад “чанга” байсан”

“Үдийн цай”-ны санхүүжилт 600 төгрөг байхад “чанга” байсан”

Ерөнхий боловсролын сургуульд хэрэгждэг "Үдийн цай" хөтөлбөрийн нэг хүүхдэд ногдох санхүүжилт өдрийн 600 төгрөг байсан бол энэ оны эхнээс 900 төгрөг болж нэмэгдсэн. Санхүүжилтийг нэмэгдүүлснээр үдийн цайны илчлэг, чанарт ахиц гарсан эсэхийг сурвалжиллаа.

Сурагчдын хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэгийн тодорхой хувийг хангахуйц байдлаар тооцон энэ мөнгөн дүнг  гаргасан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Биднийг Монгол гуравдугаар сургууль дээр өчигдөр /2020.09.21/ очиход IV ангийн сурагчид үдийн цайндаа орж байлаа.

Цайны газарт нь хоёр ангийн 100 орчим сурагч үдийн цайндаа орж байв. Үдийн цайны цэсэнд нь үзэмтэй будаа, цай багтжээ.

“Би өглөө гэрээсээ гарахдаа хааяа ундаа ууж амждаггүй. Ангидаа ирээд өлсдөг юм. Өнөө өглөө гэртээ цайгаа уухаа мартаад, шууд гараад ирсэн. Одоо үдийн цайгаа уугаад гоё байна. Үдийн цайгаар цуйван, үзэмтэй будаа, каш гээд олон төрлийн хоол өгдөг. Надад бараг дургүй хоол гэж байхгүй” хэмээн Г.Гансүлд хүү хэвлүүхэн ярилаа.

Ангийн багш Ц.Ариунжаргал “Манай анги нийт 49 хүүхэдтэй. Ангийнхан маань энэ жил дөрөвдүгээр ангид дэвшин суралцаж байна. Ер нь хүүхдүүд “Үдийн цай” хөтөлбөртөө хамрагдах их дуртай. Цар тахлын зөвлөмжийн дагуу сурагчид маань гараа нойтон сальфитикаар арчиж, ариутгагчаар ариутган, нэг удаагийн амны хаалтаа зүүж байна” гэсэн юм.

Энэ үеэр тус сургуультай гэрээ байгуулан хамтран ажилладаг цайны газрын ахлах тогооч С.Ононтуул “Манай компанийн хувьд III сургуультай хамтран “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлээд зургаан жил болж байна. Өмнө нь дэд бүлэг болоход үдийн цайг гурав, дөрөв хувааж өгдөг байсан. Өглөө 09.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл 1-5 дугаар ангийн сурагчдад үдийн цай өгдөг байсан. Харин өнөөдрөөс сургууль хэвийн горимоор хичээллэж байгаа учраас өөр хуваарь руу шилжсэн. Өнөөдрөөс гал тогооны ачаалал нэмэгдэж байна.

Өнгөрсөн жил “Үдийн цай” хөтөлбөрийн санхүүжилт өмнө нь 600 төгрөг байснаа 900 төгрөг болж, нэмэгдсэн ч тавхан хоног хичээллээд хөл хорио тогтоосон. Нэг хүүхдэд ногдох үдийн цайны санхүүжилт нь 600 төгрөг байхад чанга байсан. “Үдийн цай” хөтөлбөр гэж явдаг мөртлөө сургууль болон мэргэжлийн хяналтын байгууллагаас үдийн хоолны жишгийг шаарддаг. Бидний зүгээс хичээлийн таван өдөр 15-20 төрлийн шим тэжээлтэй хоолыг сурагчдад өөрсдийн гараар хийж, чанартай хоол хүнсээр үйлчилдэг” гэж ярилаа.

Гуравдугаар сургуулийн хувьд энэ жил 2000 гаруй сурагч суралцаж байна. Үүнээс 1460 орчим 1-5 дугаар ангийн сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг ажээ.

Сургуулийн эмч Ц.Мөнхтуяа “ Манай сургуультай гэрээ байгуулан ажиллаж буй гал тогооны ажилчид долоо хоногоор хоолны цэсээ гаргаж, батлуулдаг. Ингэхдээ аль болох хүүхдийн бие тэжээллэг, илчлэгтэй халуун хоол хүнсээр үйлчлэхийг зорьдог. Жишээлбэл, уух зүйл гэхэд үзэмний шүүс, чацарганы шүүс, аарц, бор цай өгдөг бол будаатай хуурга, зутан шөл, тефтель, цуйван, боорцог зэрэг хоол хүнсийг хийнэ. Өдөр бүр хоолноос дээж авч, 72 цагийн дараа устгадаг. Сургуулийн зүгээс “Үдийн цай”-ны чанарт хяналт тавьж, хоолны технологи картын дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгана. Мөн нийгмийн ажилтан, сургуулийн дотоод хяналт, “Үдийн цай”-ны хяналтын зөвлөлийн гишүүд, сургуулийн эргүүл хийдэг эцэг, эхийн төлөөллөөр хоолоо амтлуулж, гарын үсэг зурна. Сургуулийн гал тогоонд 1-2 ангийн сурагчид 20 минутын хугацаатай үдийн цайндаа ордог” гэлээ.

Улсын сургуулийн хувьд бага ангийн сурагчид “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг бол хувийн сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид үдийн цай, хоол иддэг байна. Ингэхдээ улсаас олгож буй “Үдийн цай” хөтөлбөрийн зардал болох 900 төгрөг дээр нэмж, эцэг, эхчүүдээс мөнгө авснаар өдрийн гурван удаа хоол, цай өгдөг аж.  “Путонхуа” хувийн сургуулийг зорин очлоо. Сургуулийн сурагчид үдийн хоолоо идэж дууссан байв.

“Путонхуа” хувийн сургуулийн Бага ангийн сургалтын менежер Б.Буянхишиг “Энэ хичээлийн жилд 370 орчим хүүхэд суралцаж байна. Манай сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдүүд үдийн хоол иддэг. Тэр дундаа бага ангийнхан өглөөний 09.25 цагаас цай ууж, сүүтэй будаа, каш уудаг. Өдөр нь нэг, хоёрдугаар хоол иддэг. Үдээс хойш хөнгөн цай уудаг. Харин дунд, ахлах ангийнхан өглөөний цайнд орохгүйгээр өдөр, оройн хоол, цай иддэг юм. Улсаас “Үдийн цай” хөтөлбөрт зориулан олгож буй 900 төгрөг дээр нэмж, сургуулийн өөрийнхөө үйл ажиллагаанаас мөнгө нэмж, хүүхдүүддээ хоол өгдөг. Дунд, ахлах ангийн хүүхдүүдийн хувьд өдрийн хоолны 2500 төгрөг тушаадаг. Манай сургууль тогооч цалинжуулж ажиллуулдаг. Бүх хоолоо гал тогоондоо бэлтгэж, хүүхдүүдэд чанартай хоол хүнсээр хангадаг анхаарч ажилладаг” гэв.

Төрийн өмчийн 131 сургуулийн 151 цайны газар ажиллаж байгаа. Үүнээс зориулалтын гал тогоотой 83, зориулалтын бус гал тогоотой 64, гал тогоогүй дөрвөн сургууль /Баянзүрх дүүргийн 136, Хан-Уул дүүргийн 10, Баянгол дүүргийн 19, “Сэтгэмж” цогцолбор байгаа аж.

“Энэ жил нийт 112 аж ахуй нэгж, 122 сургуулийн гал тогоог түрээсэлж байна. Өөрсдөө бие даан ажилладаг 21, аж ахуйн нэгжүүдээс шууд татан авалт буюу бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа найман сургууль байгаа. Ирэх 2021 оны есдүгээр сарын 1-нээс “Үдийн хоол” хөтөлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Салбар яамнаас энэ хуулиа хэрэгжүүлэх хүрээнд 4-5 жишиг сургуулиудыг сонгон, бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа” талаар нийслэлийн Боловсролын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ хэлсэн юм.

“Өнгөрсөн 2006 оноос хойш “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөр ирэх 2021 оны есдүгээр сарын 1-нээс “Үдийн хоол” хөтөлбөр болон хэрэгжихээр бэлтгэлээ хангаж байна. Энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийн төлбөр мөнгийг нь 600 байсныг 900 төгрөг болгон нэмсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас жилдээ 2-4 удаа “Үдийн цай” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа эсэхийг шалгадаг. Энэ үеэр ажлын байрны шаардлага хангасан эсэх, ундны ус шаардлага хангаж байна уу, гал тогооны ажилчид эрүүл мэндийн үзлэгт орсон уу, сургуулийн хяналт хэр байна гэдэгт хяналт тавьж ажилладаг. Манай байгууллагын энэ хичээлийн жил эхлэхэд хийсэн шалгалтын дүн нэгтгэгдэж байна. Энэ долоо хоногийн лхагва гаригт хэвлэлийн бага хурал хийж, шалгалтын дүнгээ танилцуулна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн чиглэлээр “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлдэг ерөнхий боловсролын сургуулиудыг 100 хувь хамруул гэсэн. Энэ шалгалт маань аравдугаар сарын 1-нд дуусах юм. Одоогоор бид 70-80 хувийн сургуулиудад хяналт, шалгалтыг хийгээд байна. Хэрвээ зөрчил гаргасан тохиолдолд албан шаардлагаар хугацаатай үүрэг өгөх ажлыг хийж байна. Жишээлбэл, төрийн өмчийн сургуулиудын 40-50 хувь нь зориулалтын бус цайны газартай байна. Мөн цайны газрын ажилчид сарын өмнө эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой байтал 14 хоногийн өмнө орж байна. Хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг дутмаг зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн.

Нийт үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж буй 80 орчим байгууллагыг шалгасан дүн нэгтгэгдэж байна. Уг шалгалтаар 300 гаруй зөрчил илрүүлж, дөрвөн сая төгрөгийн торгууль тавьж, албан шаардлагыг өгч, үүрэг даалгаврын биелэлтийг тодорхой хугацаанд  шалгаж байна. Холбогдох шинжилгээний хариу эхнээсээ гарч, дүгнэлтүүд гарч байна.

“Үдийн цай” хөтөлбөрийн хоол хүнсэнд шинжилгээ хийж үзэхээр илчлэгээ хангадаг хэрнээ эрдэс бодис, амин дэмийн хувьд хангалтгүй байна гэдэг зөвлөмжийг гаргадаг.Нөгөө талаар сурагчдын гар угаах нөхцөлийг маш зөв зохион байгуулахад анхаарах шаардлагатай байгаа. Зарим сургуулиудад хүүхэд гар угаах нөхцөл бүрэн бүрдэхгүй байна” гэдгийг НМХГ-ын Улсын ахлах байцаагч О.Алтантуул хэлсэн юм.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН, Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж