FinCEN: ОХУ-ын олигархууд мөнгө угаахдаа том банкуудыг ашигласан

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

FinCEN: ОХУ-ын олигархууд мөнгө угаахдаа том банкуудыг ашигласан

FinCEN: ОХУ-ын олигархууд мөнгө угаахдаа том банкуудыг ашигласан

АНУ-ын Сангийн яамны харьяа санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай алба “FinCEN”-ий нийтэд ил болгоод удаагүй байгаа хоёр их наяд орчим ам.доллартай холбоотой баримтууд нь дэлхийн том банкууд гэмт хэрэгтнүүдийн их хэмжээний бохир мөнгө эргэлдүүлэх аргатай хэрхэн холбогддог байсныг илчилжээ. Мөн ОХУ-ын олигархууд хэрхэн хориг арга хэмжээг зөрчин мөнгөө барууны орнуудад гарган эргэлдүүлэхэд банкуудыг ашиглаж байсан нь ил болсон байна.

Ийнхүү сүүлийн таван жилийн хугацаанд далд байсан мөнгө угаах, нууц худалдаа, эдийн засгийн гэмт хэргүүдийн тухай асар их мэдээлэл задарчээ.

FinCEN баримтууд гэж юу вэ?

FinCEN албаас 2657 баримт задарсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь 2000-2017 оны хооронд банкуудын АНУ-ын эрх баригчид, тэр дундаа Сангийн яаманд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу илгээсэн тайлангууд аж. Банкууд ийнхүү тайлан илгээхдээ үйлчлүүлэгчдийнхээ учир битүүлэг үйлдлүүдэд санаа зовж буйгаа 2121 баримтад удаа дараа илэрхийлсээр байсан ч нотлох баримт сул тул юу ч хийж чадаагүй байна.

Ийнхүү өдгөө олонд ил болж задарсан баримтууд нь угтаа бол олон улсын банкны тогтолцооны хамгийн өндөр нууцлалтай нууцуудын нэг юм. Банкууд эрх баригчдад илгээсэн тайлангуудаараа дамжуулан зарим үйлчлүүлэгчдийнхээ сэжигтэй байдлыг мэдээлдэг байсан ч тэдгээр нь үйлчлүүлэгчдийг хууль зөрчсөн, гэмт хэрэг хийсэн гэх нотолгоо болоход хангалтгүй байж.

Анх Buzzfeed мэдээллийн агентлаг дэлхийн 88 орны 108 мэдээллийн агентлагийн нэгдсэн эрэн сурвалжлах бүлэгт мэдээлснээр эдгээр баримтууд нийтэд ил болсон аж. Улмаар өдгөө олон зуун сэтгүүлчид эл баримтуудыг нэг бүрчлэн нарийн шигшиж, банкнуудын нуухыг эрмэлздэг зүйлсийг ар араас нь илчилсээр байгаа юм.

Сэжигтэй гүйлгээний мэдээлэл (SAR)

АНУ-ын сангийн яамны санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай алба fincen нь банкуудын гүйлгээний талаар мэдээллийг цуглуулж, Засгийн газрын бусад агентлаг, тагнуулын байгууллагуудтай хамтран шалгадаг аж. Харин нөгөө талаас банкууд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу АНУ-д төдийгүй олон улсад ам.доллараар хийсэн сэжигтэй гүйлгээний талаар бүх тайлангаа fincen-д мэдээлэх ёстой гэнэ.

Ийнхүү банкууд үйлчлүүлэгчийнхээ учир битүүлэг үйлдлийг сэжиглэвэл сэжигтэй гүйлгээний мэдээлэл буюу SAR маягтыг бөглөж, fincen-д илгээх үүрэгтэй юм байна.

Энэ нь яагаад ноцтой зүйл вэ?

Хэрвээ хэн нэгэн этгээд гэмт хэргийн шинжтэй аргаар ашиг олохоор төлөвлөсөн бол түүний хийх ёстой хамгийн чухал ажил нь мөнгө угаах явдал юм. Мөнгө угаах гэдэг нь хар тамхи, зэвсгийн наймаа, авлигын гэх мэт гэмт хэргийн шинжтэй аргаар олж авсан бохир мөнгөө гэмт хэрэгт холбогдоод байдаггүй нэр хүндтэй банкинд байршуулахын нэр билээ.

Энэ аргыг гэмт хэрэгтнүүдээс гадна ОХУ-ын олигархууд хориг арга хэмжээг зөрчин өөрсдийн их хэмжээний мөнгийг баруунд нэвтрүүлэхдээ ашигладаг аж. Харин банкуудын зүгээс тэдгээр гэмт хэрэгтнүүд болон олигархуудын мөнгө угаах үйлдлийг дэмжихгүй байх үүрэгтэй гэнэ.

Хуулийн дагуу бол банкууд үйлчлүүлэгчдээ чухам хэн болохыг нь нарийн тодорхой мэдэж байх ёстой юм. Үүний тулд сэжигтэй гүйлгээний мэдээллийг эрх баригчдад илгээж, тэднийг арга хэмжээ авахыг хүлээсэн болоод үйлчлүүлэгчийн хэлсний зоргоор ажиллаад суух нь хангалтгүй юм. Хэрвээ банкууд үйлчлүүлэгчийг сэжигтэй хэмээн үзвэл гүйлгээг нь тэр дороо цуцлах ёстой байдаг гэнэ.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны сэтгүүлч Фергус Шиел “Сүүлийн үед задарсан уг баримтууд нь дэлхийн том банкууд олон улсад өрнөж буй бохир мөнгөний урсгалыг тодорхой мэддэг байсныг илчиллээ. Эдгээр баримтуудад асар их мөнгөний тухай яригдаж байна. Тухайлбал, өдгөө олонд ил болсон баримтуудад ойролцоогоор хоёр их наяд ам.доллар хамаатай боловч эл баримтууд нь нийт SAR баримтуудын маш өчүүхэн хэсэг юм” хэмээн ярьжээ.

Ямар баримтууд задарсан бэ?

  • Олон улсын дөрвөн том салбараар дамжуулж олон сая хүмүүст үйлчилдэг дэлхийн хамгийн том банкуудын нэг HSBC банк АНУ-ын мөрдөн байцаагчдын мэдээлэл, сануулгыг үл тоон, луйвар гэдгийг нь мэдсээр байж гэмт хэрэгтнүүдийн асар их мөнгийг эргэлтэд оруулахад тусалсан байна.
  • Мөн дэлхийн хамгийн том санхүүгийн үйлчилгээний JP Morgan төв чухам хэний хөрөнгө гэдгийг тодруулалгүйгээр нэг компанийг нэг тэрбум гаруй ам. доллараа Лондонгийн дансандаа байршуулахыг зөвшөөрсөн аж. Харин банкныхан хожим тэрхүү тэрбум гаруй ам.доллар нь холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжилж буй хамгийн зартай 10 гэмт хэрэгтний нэг Семион Могилевичийнх гэдгийг олж мэдсэн гэнэ.
  • ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамгийн сайн багийн найзуудын нэг тэрбумтан Аркади Ротенберг барууны орнуудын хориг арга хэмжээг үл тоомсорлон Лондон дахь Barclays банкаар дамжуулан өөрийн мөнгийг баруунд эргэлдүүлж, зарим тохиолдолд урлагийн асар их үнэ цэнтэй бүтээлүүдийг худалдан авч байсныг нотлох бримт ил болжээ.
  • Их Британийн засгийн эрхийг барьж буй консерватив намд 1.7 сая паунд хандивласан эмэгтэйн нөхрийг Владимир Путинтэй ойрын харилцаатай олигарх нууцаар санхүүжүүлж байжээ.
  • Fincen албаны шинжээчид Их Британийг өндөр эрсдэлтэй гэх ангилалд багтаасан аж. Учир нь сэжигтэй гүйлгээний тайлангуудад Их Британид бүртгэлтэй 3000 гаруй буюу өөр аль ч улсаас хамгийн олон компанийн нэр хамгийн их давтагддаг гэнэ.
  • Арабын нэгдсэн Эмират улсын төв банк Иранд хориг арга хэмжээнээс зайлсхийхэд нь тусалж буй дотоодын пүүсийн талаар сэрэмжлүүлгийг үл тоомсорлосон байна.
  • Deutsche банк гэмт хэрэгтнүүдэд хар тамхи, мансууруулах бодисын наймаа, алан хядах ажиллагаанаас олсон мөнгөө угаахад нь тусалж байжээ.
  • Standard Chartered банк терроризмийг санхүүжүүлж байсан нь илэрснээс хойш 10 гаруй жилийн турш Арабын банктай хамтран ажиллаж, их хэмжээний мөнгө шилжүүлсээр ирсэн аж.

 

Эх сурвалж: BBC.COM BUZZFEED

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж