"Чихэвчнээс болж сонсгол буурвал эмчлэх арга байхгүй"

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

"Чихэвчнээс болж сонсгол буурвал эмчлэх арга байхгүй"

"Чихэвчнээс болж сонсгол буурвал эмчлэх арга байхгүй"

Гудамжаар алхахад таван залуу тутмын гурав нь чихэвч зүүн алхана. Зөрөөд өнгөрөхөд хөгжмийнх нь дуу тод сонсогдож байхыг бодоход хамгийн чанга дээр нь тохируулчихдаг бололтой юм. Нийгмийн элдэв бухимдал, хэрүүл шуугианаас өөрийгөө тусгаарлаж, дуртай дуу хөгжмөө сонсоод, сэтгэл санаагаа сэргэлэн цовоо байлгана гэдэг нэг бодлын зөв ч гэсэн хэтийдсэн хэрэглээ рүү орохоороо өвчин болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй, анзаардаггүй.  Тиймээс  олон цагаар чихэвчээр хөгжим сонсох нь ямар сөрөг үр дагавар дагуулдаг талаар “ЭМЖЖ" чих, хамар хоолойн эмнэлгийн эмч Б.Энхтуяатай ярилцлаа.


-Чихний  бүтэц болон сонсголын бууралтын тухай эхлээд мэдээлэл өгөхгүй юу?

-Чих гадна, дунд, дотор гэсэн гурван хэсгээс тогтоно. Гадна болон дунд хэсэг  нь дууны долгионыг цуглуулан сувгаараа цааш нь дамжуулах үүрэгтэй. Дунд хэсэгт сонсголын яснууд гэж нэрлэгддэг маш жижиг, алх, дөш, дөрөө гэсэн гурван жижиг яс байдаг. Дотор  хэсэг нь сонсголын захын эрхтэн бөгөөд түүний дунгийн дотор байрлах кортийн эрхтэн дууны долгионыг хүлээн авч сонсголын мэдээллийг цааш төв мэдрэлийн системийн төвд дамжуулснаар хүн дуу авиаг ялган таньж мэдэх үйл явц явагддаг.

Сонсголын бууралтыг  ерөнхийд нь дуу дамжуулах хэлбэрийн, мэдрэл сэрэхүйн гаралтай, дээрх хоёр шинжийг агуулсан холимог хэлбэрийн гэж ангилдаг. Чих гадна, дунд, дотор гэсэн гурван хэсгээс тогтоно гэж ярианы эхэнд дурдсанчлан  гадна, дунд чихний эмгэгийн үед дамжуулах хэлбэрийн  сонсгол бууралт үүсдэг. Үүнд  эмийн болон мэс заслын  эмчилгээ хийдэг. Харин дотор чихний эмгэгүүдийн үед дуу хүлээн авах хэлбэрийн буюу мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт үүсдэг.

Чихэвчний хөгжмийн буруу хэрэглээнээс үүдсэн сонсголын бууралт нь мэдрэл сэрэхүйн гаралтай хэлбэрт хамаарна.  Энэ хэлбэрийн сонсгол  бууралтыг эмчлэх эмийн болон мэс заслын арга одоогоор байхгүй.

Олон улсад судалгааны  түвшинд явж байгаа бөгөөд одоогоор зөвхөн сонсголын аппаратаар л нөхөн сэргээх боломжтой.

-Тэгэхээр  чихэвчний хөгжмийг удаан хугацаанд чанга сонссоор сонсгол муудсан тохиолдолд эргэн сэргэх боломжгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Чихний дотор талд  байрлах   жижиг мэдрэлийн эсүүд хэт чанга дуу чимээнээс болж гэмтдэг. Ийм төрлийн сонсголын бууралт дахиад сэргэдэггүй. Тэгэхээр өдөр шөнө, өглөө үдшийг ялгахгүй чихэвч зүүж явдаг хүмүүс нэг л мэдэхэд сонсголын аппаратаар чихэвчээ сольж магадгүй. Одоогоос арван жилийн өмнө сонсгол муудах магадлалтай хүмүүсийн тоонд зөвхөн үйлдвэрт болон зам засварын ажил хийдэг хүмүүс л хамаардаг байсан. Харин одоо бол байнга чихэвчтэй хөгжим сонсох зуршилтай хүмүүс үйлдвэрийн ажилтнуудтай адил өндөр эрсдэлтэй төрөлд багтаж байна. Зөвхөн чихэвчний хөгжим ч биш шөнийн цэнгээний газар ажилладаг хүмүүсийн сонсгол ч аажмаар муудна.

-Чихэвч зүүсэн залуусын юу сонсож байгаа нь бусдад сонсогддог. Энэ нь хэдэн децибелтэй сонсож  байна гэсэн үг вэ?

-110-аас дээш децибелтэй  сонсож байна гэсэн үг. Тиймээс ийм хэмжээний хүчтэй дуу чимээ удаан хугацаанд сонсвол сонсголын бууралттай болж улмаар дотор чихээ гэмтээж дүлий болох эрсдэлтэй. дБ-ийн  тоо өндөр байх тусам дуу нь чанга байна гэсэн үг. 105 децибелтээс  дээш ямар ч чимээг долоо хоног бүр 15-аас дээш минут сонсвол яваандаа сонсголгүй болох магадлалтай. Тухайлбал, чихэвчний хөгжим чанга дээрээ 112, жирийн харилцан яриа 60-65, дуу чимээ ихтэй гудамж 75-85, гар өрөм 98,  хүнд даацын машины чимээ долоон метрийн холоос 95-100, шөнийн клуб 110, түргэний дохиолол 120 децибелтэй байх жишээний. Өөрөөр хэлбэл, бүжгийн талбай дээр 100 децибелтийн чимээнд 15 минут бүжиглэсэн, спикернээс хол зайд буюу 95 децибелтийн чимээнд 45 минут бүжиглэсэн хоёр ижил тэнцүү.  

Хэрэв чихэвчтэй хөгжим чангаар удаан сонссоны дараа хэдэн секундын турш чих дүнгэнэх шинж тэмдэг илэрвэл  чихний мэдрэлийн эсүүдийг тодорхой хэмжээгээр гэмтээж цочроож байна гэсэн үг.

Гэхдээ ийм шинж тэмдэг илрэхгүй байсан ч 80-аас дээш дБ-ийг байнга сонсох нь аажмаар сонсгол муутай болгож хүний хэлснийг сонсдоггүй зурагтаа хүртэл заавал чангаар үзэх гээд байдаг муу талтай болгоно.

-Тэгвэл сонсголоо хэрхэн хамгаалах вэ?

-60 харьцах нь 60 гэсэн дүрмийг баримтлах хэрэгтэй. Чихэвчээр хөгжмийн дууны түвшний чангарлыг талаас ихгүй хувиар буюу 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 60 минут л сонсох хэрэгтэй. Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Шуугианаас давж хөгжмөө сонсохын тулд дууг нь чангалснаар сонсох эрхтэнд гэмтэл учруулах аюултай. Мөн аль болох толгойдоо зүүдэг чихэвч сонгох хэрэгтэй. Энэ нь гадны дуу чимээг  илүү сайн тусгаарладаг учраас хөгжмөө тултал нь чангалах шаардлаггүй болно. Зөвхөн сонсголоос гадна чихэвчний хөгжмийг удаан хугацаанд зүүснээр чихэн дэх ашиггүй нянгийн тоо өсдөг. Тиймээс чихэвчээ ариутгаж хэрэглээрэй. Мөн өөрийн чихэвчээ өөр хүнд дамжуулан хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Хамгийн чухал нь аам хөндлөн гарах, гудамж талбай олон нийтийн газар, барилга байгууламжийн дэргэдүүр чихэвчгүй явах хэрэгтэй.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж