НҮБ-аас Тегераны эсрэг тавьсан бүх хоригийг сэргээснээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ням гаригт /2020.09.20/ мэдээлсэн. Түүний мэдэгдлийн дараа ам.долларын эсрэг Ираны мөнгөн тэмдэгт риалийн ханш түүхэн доод хэмжээнд хүрч унажээ. Ираны эрх баригчид АНУ-ын шийдвэрийг хүчин төгөлдөр биш, хууль бус хэмээн үл тоосон хандлага гаргасан боловч олон улсын зах зээл дээр Трампын мэдэгдэл ноцтой савлагаа үүсгэжээ. Тухайлбал, “Bonbast.com” валют арилжааны сайтад мэдээлснээр Ираны мөнгөн тэмдэгтийн ханш нэг ам.доллар 273,000-267,800 риалтай тэнцсэн байна. Үүний дараа Ираны Гадаад хэргийн яамнаас АНУ-ын үйлдэл нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд маш том заналхийлэл болсныг онцолсон байна. Ираны риалын ханш 2020 он гарсаар 49 хувиар унаад байна. Ираны эдийн засагт коронавирусийн цар тахлын нөлөө их байсны дээр АНУ-ын хориг арга хэмжээ давхар цохилт болов.
Нөгөө талд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес АНУ-ын мэдэгдлийн хариуд ямар нэгэн хариу арга хэмжээ авч чадахгүй хэмээн Аюулгүйн зөвлөлд хандан мэдэгдсэн байна. Харин Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулахад оролцсон Европын гурван орон, Франц, Их Британи, Германы зүгээс АНУ-ын шийдвэр хүчин төгөлдөх хэрэгжих боломжгүй гэх байр суурийг илэрхийлжээ. Их гүрнүүдийн Ирантай байгуулсан 2015 оны цөмийн хөтөлбөрийн гэрээний хүрээнд Тегераны эсрэг эдийн засгийн зарим хоригийг цуцалж, зөөлрүүлснээр Тегераны эдийн засаг тодорхой хэмжээнд сэргэж эхлээд байв. Гэвч цөмийн гэрээнээс АНУ дангаар гарч, Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээсэн юм. Цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарснаа зарласнаар риалын ханш суларч, нэг ам.доллар 65 мянган риалтай тэнцэх болжээ. Хориг арга хэмжээнд Ираны газрын тосны экспорт, 700 гаруй банк, компани, хувь хүмүүс өртсөн аж.
Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-аас Ираны Хувьсгалыг хамгаалах хүчний генерал Касем Сулейманийг хөнөөсний дараа нефтийн үнэ өссөн. Тодруулбал, “Brent” маркийн нефтийн нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.76 хувиар өсөж, нэг торх нь 68.09 ам.доллар болсон бол WTI маркийн нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх үнэ нэг торх нь 62.86 ам.долларт хүрч 2.75 хувиар өсч байв. Гэхдээ энэ өсөлт удаан үргэлжлээгүй ба дэлхийн зах зээл дээрх нефтийн хэт нийлүүлэлтийн улмаас үнэ нь энэ есдүгээр сар эхээр 39.55 ам.долларт хүрч унажээ.
Холбоотой мэдээ