ШШҮХ: Талийгаач охиныг гадаргуутай зүйлээр цохисон байх магадлалтай

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

ШШҮХ: Талийгаач охиныг гадаргуутай зүйлээр цохисон байх магадлалтай

ШШҮХ: Талийгаач охиныг гадаргуутай зүйлээр цохисон байх магадлалтай

УИХ дахь  эмэгтэй гишүүд өнөөдөр (2020.09.21) хүүхдийн хүчирхийллийн асуудлаар ЦЕГ, Хүүхдийн байгууллагуудын төлөөлөл зэрэг холбогдох албаныхантай уулзаж, мэдээлэл сонслоо.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 20-ны өдөр “Хүн нас барсан байна” гэсэн дуудлага иргэдээс цагдаагийн байгууллагад иржээ. Шалгалтаар тус тоотод оршин суух, 9 настай Э охин духандаа хөхөрсөн шархтайгаар нас барсан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлстийн Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан УИХ-ын эмэгтэй гишүүдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ сарын 20-ны өглөө 05.33 минутад ЦЕГ-т хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Энэ дагуу шуурхай бүрэлдэхүүн шалгахад есөн настай эмэгтэй хүүхэд амь насаа алдсан хэргийг Цагдаагийн байгууллага урьдчилан шалгалт хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ахуйн хүрээнд уг гэмт хэрэг үйлдэгдэн, шалгагдаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, архидалт гэсэн шалтгаанууд урьдчилсан байдлаар тогтоогдсон. Өвчний улмаас нас бараагүй, хүний гарт амь насаа алдсан хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн гэж зүйлчлэн, Эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байна" гэв.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Хэрэг явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд маш сайн анхаарах шаардлагатай байна. Ирэх УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулна. Хууль баталсны дараа хэрэгжилтэд нь анхаарч, санхүүжилт, бүтэц зохион байгуулалтыг нь шийдэхгүйгээр ажил явахгүй гэдгийг хамтарсан багийн гишүүд бидэнд ярьж байна. Хүүхдүүд, эмэгтэйчүүд, ээжүүд хохирч байгааг мэдэж байгаа боловч орой бүр хяналт тавиад байж чаддаггүй. Ахуйн хүрээний архидалт маш их нэмэгдсэн. Эхний улирлын байдлаар гэхэд 61.6 хувиар нэмэгдэж, хохирсон хүмүүсийн 87 хувь нь эмэгтэйчүүд, 11 хувь нь хүүхдүүд. Эрхзүйн хувьд санхүүжилтийг нь яаралтай шийдвэрлэх чухал байгаа юм. Газар дээр нь ажиллаж байгаа ЦЕГ Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудад саналаа өгсөн үү, яаж хамтарч ажиллах вэ? Эхний ээлжид юу шаардлагатай байна вэ?

ЦЕГ-ЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛСТИЙН ХҮҮХДИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАСГИЙН ДАРГА Д.БУДЗААН: 

-Цагдаагийн байгууллагаас сүүлийн гурван жилд үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг дээр жил бүр мөн сар бүр үнэлэлт, дүгнэлт хийдэг. Ахуйн болон гэр бүлийн хүрээнд өсвөр насны болон бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа гэмт хэрэг манай улсад сүүлийн гурван жилд өссөн.

Энэ хугацаанд 676 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Үүний 58 орчим хувь нь ахуйн хүрээнд үйлдэгдэж, гэр бүл, хамаатан садны хүмүүс нь энэ гэмт хэргийг үйлдсэн байна.

Бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэх үндсэн гурван шалтаан байна гэж судалгаагаар гарсан. Нэгдүгээрт, гэр бүл салалт. 20-40 насны 3000 орчим гэр бүл жилд салж, 6000 орчим хүүхэд өнчирч байна. Өнчирч үлдсэн хүүхдүүд хараа хяналтгүйгээс бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл нэмэгдэж байна. Хоёрдугаарт, эцэг эхчүүд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй байгаатай шууд холбоотой. Хүүхдээ асран хамгаалах үүрэг нь харилцан адилгүй байна. Эцэг, эхийн хараа хяналтгүйгээс хүүхэд гол усанд амиа алдах, өндрөөс унах, машинд дайруулах, хүчирхийлэлд өртөх зэрэг шалтгааны улмаас хохирч байна. Гуравдугаарт, цахим сүлжээгээр хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болдог, танихгүй хүмүүст уруу татагддаг эрсдэл байгаа учраас “Сүүдэр буу тусга” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалсан 52 хууль Монгол Улсад үйлчилж байгаа ч нөгөө талдаа үүрэг хариуцлага, соёл гэр бүлд дутагдаж байна. Эцэг, эх хоорондын таарамжгүй харилцаанаас хүүхдийн эрх зөрчигдөж байна. Хэрхэн сайн ээж, аав болох вэ гэдэг хичээлийг ЕБС-иудад ордог байх хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болсон. Цагдаагийн байгууллагад өмнө нь Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хүүхдийн байцаагч гэж байсан. 2012 онд эрхзүйн шинэтгэлийн хүрээнд энэ нэгжийг байхгүй болгож, 2017 онд дахин бий болгож ЦЕГ дээр дөрвөн хүнтэй, нийслэл, орон нутагт 20 гаруй хүнтэй нэгж байсан. Одоо хүүхдийн нэг байцаагчид 20 мянган хүүхэд оногдож, ажлын ачаалал маш хүнд байна. Энэ орон тоог нэмж өгнө үү гэж удаа дараа хандаж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Амиа алдсан охин удаа дараа хойд эцэгтээ зодуулж байсан юм байна. Тухайн үед нь хяналтад авч, хойд эцгийг нь тусгаарлах арга хэмжээ авч болоогүй юм уу? Өмнө нь охины гар нь хүртэл хугарч байхад яагаад анхааралд аваагүй юм бэ?

ЦЕГ-ЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛСТИЙН ХҮҮХДИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАСГИЙН ДАРГА Д.БУДЗААН:

-Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас хүүхдийн хувийн байдал, өмнө нь гэрийн бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх асуудал нууцын зэрэглэлд багтдаг. Тиймээс яг одоогоор ярих боломжгүй байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ: 

-2020 он гарсаар бэлгийн хүчирхийлэлд 160 бага насны хүүхэд өртсөн гэсэн статистик тоо гарсан. Дөнгөж сая л гэхэд Баянзүрх дүүрэгт найман настай хүүхдийг хүчиндэхээр завдсан хэрэг гарсан гэсэн мэдээлэл бид авлаа. Гаднын орнууд судалгаануудыг нэгж тус бүрээр нь хийдэг юм байна. Ялангуяа архины хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг ийм этгээдүүдийн бүртгэлийг маш сайн хийж байж хяналт тавьдаг гаднын орны туршлагууд байна. Талийгаач охин өмнө нь хэд хэдэн удаа хойд эцэгтээ зодуулж, эмнэлгийн тусламж авч байсан. Хөл, гар нь хугарч байсан гэдэг мэдээлэл байна. Өнөөдөр, магадгүй маргааш ч гэсэн ийм зүйлд хүүхдүүдийг өртүүлэхгүйн тулд хамгийн түрүүнд хууль эрх зүйг сайжруулах, орон тоог нэмэх, санхүүжилтийг нэмэхээс өмнө харъяа газрууддаа хэсгийн цагдаа нар бүртгэлжүүлэлтийг маш сайн хийж, эргүүлийн ажлаа сайжруулах шаардлагатай.

Есөн настай охины хувьд маш их харамсалтай байна. Олон удаагийн тохиолдол амь насанд нь хүрлээ. Хэрэв өмнөх тохиолдлуудад нь анхаарч, арга хэмжээ авч байсан бол охин амьд байх байсан ч юм бил үү. Бусад тогтолцоог өөрчлөгдөхийг хүлээхгүйгээр та бүхнээс эрсдэлтэй байгаа бүлгийн бүртгэл, судалгааг сайтар хийгээрэй гэж хүсч байна. Өнөөдөр бидний хамгийн сайн хийж чадах ажил энэ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа охины дүгнэлт гарсан эсэх талаар танилцуулахгүй юу?

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРГА, ХУРАНДАА Г.ДАГИЙМАА: 

Дүгнэлт гараагүй байна. Дуудлагын дагуу бид хэргийн газарт очсон. Есдүгээр сарын 20-ны өглөө яаралтай задлан шинжилгээ хийсэн.

Шинжилгээгээр гадна талд нүүр, дух, зүүн хацар, чих хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархай урагдсан, нэг литр шингэн хуралдсан байдалтай байсан.

Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн үрэвслийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Бүдүүн гэдэс урагдаж, нарийн гэдэс няцарч, цоорсон учраас агууламжууд гэдэсний хөндийд үүсч, түүнээсээ болж үрэвсэж нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Тодорхой гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон байх магадлалтай. Дэвссэн бол элэг, дэлүү бяцрах магадлалтай байсан. Тэгэхээр гадаргуутай зүйлээр цохисон байх. Одоо лабораторийн шинжилгээ хийнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ: 

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд хөршүүд нь заавал мэдээллэдэг байх талаар хуульчилсан. Охины хөршүүд хуулийн дагуу мэдээллэх үүргээ биелүүлээгүй юу?

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРГА, ХУРАНДАА Г.ДАГИЙМАА:

-Баруун талын 3-11, зүүн талын 4-11 хавиргууд нь нэлэнхүйдээ хугарсан. Зарим нь хоёрлосон, мөн гуравласан хугаралттай. Бороолсон хугаралт бол нэлээд удсан гэсэн үг. Тухайн үедээ манайд хандсан зүйл байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж