Сав л хийвэл хажуу хавирганд яваа хүмүүсээ зандарч, хөөж туух болсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр (2020.09.21) Гадаад харилцааны яамны хажуугаар өнгөрөхдөө ам хуурай явж чадсангүй.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар алхаж байх замд нь Гадаад харилцааны яамны гадаа Хятад улс руу явахаар виз мэдүүлсэн монгол иргэд цугларсан нь далим болов уу гэлтэй, тус яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийг гарч ирсэн даруйд “Л.Мөнхтүшиг дарга аа, Энэ хүмүүсийн асуудлыг хурдан шийдэж өг. Эртээд би танай яаманд ажиллахдаа Гадаад харилцааны сайдад хэлээд явсан, яасан бэ. Өдөр болгон битгий иргэд авчраад, яамны гадаа зогсоогоод, хүнд суртал гаргаад, иргэдийг тамлаад зовоогоод бай л даа” гэж зандрав.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Асуудлыг нь шийдүүлэх гээд хандсан байгаа. Хариу нь ирээгүй байна” гэж учирлав.
Үнэндээ бол гадаад улс руу зорчих асуудлыг шийдэхэд дан ганц Гадаад харилцааны яам гацаагаад, хүнд суртал гаргаад байдаг юм биш. Зорчих орон нь тодорхой цаг хугацаанд асуудлыг судалж, шийддэг тул хүлээх шаардлага үүсдэг. Ийм байхад Консулын газрын даргыг зандраад ч яах билээ дээ…
Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын ажилтай танилцахаар автобусаар зорчих үедээ хотынхныг загнаж, “Нэг сайд, дарга ирэхээр бөөнөөрөө дагаад далдаганаад гүйлдэх юм. Ажлаа хийцгээ. Яг асуудал хариуцсан цөөн хүмүүс л байх хэрэгтэй” гэж зандарч явсан атал өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү олон хүн л дагуулж явна лээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт газар тариалан болон аж үйлдвэрлэлийн бүс нутгаар ажиллахдаа баахан “дагуул”-тай явсан. Бүр Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн вагоныг хоёр цаг саатуулсан тухай иргэд шүүмжилж буй. Ийм байж, сүржигнэх хэрэггүй шүү дээ, Ерөнхий сайд аа!
Л.ОЮУ
Холбоотой мэдээ