Нийслэлийн Ардчилсан нам татан буугдана

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Ардчилсан нам татан буугдана

Нийслэлийн Ардчилсан нам татан буугдана

Нэгэн цагт Ардчилсан намыг бүлэггүй болгож, намаа талцалд дуудсан Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр АН-ын “аврал” болжээ. Цагтаа ардчиллын алтан хараацайнуудын нэг, ардчиллын төлөө “дайтаж” явсан Л.Болд нэг л өдөр МАН-тай гар барьж, намаасаа салан тусгаарлаж, “гудамжны” Ж.Батзандантай нэгдэн нам байгуулав. Бүр намынхаа их хурлыг хийж, өөрсдөө дарга болсон, АН-ын экс гишүүдийг МАН-тай гар барихад Ерөнхийлөгч Х.Баттулга ихээхэн нэмэр болсон гэх яриа улс төрийн хүрээнд бий.

УИХ-д хэдэнтээ сонгогдсон Л.Болд гишүүнийг намаа хаяж, Ж.Батзандантай дөрөө харшуулахад нь ардчилалд хайртай, ардчиллыг дэмжигчид, бүр намын гишүүд нь итгэж чадахгүй байсан гэдэг.

АН Л.Болдыг УИХ-д хэд хэдэн удаа сонгогдох тийз өгч, нэгэн цагт Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайдаар хүртэл өөд татаж, итгэл хүлээлгэж байсан. Ардчилсан нам 2016 оны сонгуульд ялагдсаны дараа харин Л.Болд АН-аас урваж эхэлсэн нь Батлан хамгаалахын сайд байхдаа хийсэн “хэрэг”-тэй нь холбоотой гэх юм билээ. Тэрбээр Батлан хамгаалахын сайд байхдаа Хойд Солонгост зэвсэг наймаалцсан, түүнээс нь болж хоёр ч хүн амиа алдсан гэдгийг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц байнгын хорооны хуралдаан дээр хэлж байв. Б.Хурцын мэдээллийн дараа харин хуулийн байгууллагад шалгагдаж байсан хэрэг нь царцаж, тэр АН-аас урвах урвалтын зам нь бүр ч шулуудсан гэх яриа ч бий. Хэрэв Батлан хамгаалахын сайд нь хууль бусаар зэвсэг наймаалцаад, түүнээс нь болж хоёр ч хүний алтан амь эрсэдсэн бол энэ бол гэмт хэрэг. Үүнийг нь бүр Тагнуулын ерөнхий газрын дарга нь хэлж байхад хуулийн байгууллага энэ тал дээр ямар нэг үйлдэл хийгээгүй гэхээр гайхмаар. Ямартай ч энэ хэрэг үнэн эсэх, хуулийн байгууллага шалгасан эсэх, яг юу болж дууссан нь өнөөдөр ч тодорхойгүй байгаа.

Чухам энэ цагаас эхлэн Л.Болд Ж.Батзандантай, МАН-ын гишүүдээс бүрдсэн “шударга тав”-тай нэгдэж, их тэмцэлдээ орсон юм.

Ингэхдээ есөн хүний бүрэлдэхүүнтэй байсан намаасаа гарч, намаа бүлэггүй болгосон нь эрх баригчдад барьсан “бэлэг” болсон. Гэхдээ түүний байгуулсан ШИНЭ нам улс төрийн шинэ хүчин болохоосоо илүү улс төрийн тоглоомын нэг хэсэг болж байсан гэвэл хилсдэхгүй болов уу. Хэрэв тэд улс төрийн нам болж төлөвшсөн бол 2020 оны УИХ-ын сонгуульд нэг ч болтугай суудал авах байсан биз. Чухамдаа энэ л үеэс АН-ын УИХ дахь, улс төр дэх хүч суларч эхэлснийг хэлэх хүн олон. Энэ хүч одоо ч эрчлэх бус суларсаар байгааг эцэст нь урвагч Л.Болдынхоо хаяаг түших хэмжээнд хүрснээс нь харж болохоор.

Ямартай ч намын байргүй болж, Л.Болдын байранд толгой хоргодохдоо тулсан гэхээр өнгөрсөн 30 жил МАН-тай эн зэрэгцэж явсан Ардчилсан нам өнөөдөр байна уу, ардчиллын төлөө тэмцэж явсан хүмүүс хаана байна вэ, яагаад тэд дуугарахгүй байна вэ гэж асуухад хүргэж байгаа юм. Л.Болд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр дэвшин ажиллаж байна. Тэр Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөхөөр очиж, Ардчилсан нам байргүй болж, Л.Болдын хаяаг түшсэн нь ирэх өдрүүдэд тус нам хэний мэдэлд, хэний хаяанд очиж, хаа хүрэх вэ гэдэг нь тодорхой болох биз ээ.

Орон нутгийн сонгуультай зэрэгцээд Ардчилсан нам дотор “шинэчлэл” хийгдэж эхэлжээ. Үүний эхлэл болгож Орон нутгийн сонгуулийн дараа Нийслэлийн Ардчилсан намыг татан буулгах яриа, хэлцэл Ардчилсан нам дотор өрнөөд эхэлжээ.

Тодруулбал, Б.Пүрэвдаваагийн удирдаж, орон нутгийн сонгуульд оролцож буй Нийслэлийн Ардчилсан намыг татан буулгаж, нам дотроо жижиг хэлтэс болгохоор яригдаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Ардчилсан нам гэж байхгүй энэ нь намын нэг хэлтэс болж, жижигрүүлэх төлөвлөгөөг одоогийн удирдлагууд нь боловсруулжээ. Гэхдээ АН-ыг Л.Болдын хаяанд аваачих, Нийслэлийн намыг татан буулгах зэрэг нь эртнээс бичигдэж, төлөвлөгдсөн хэн нэгний стратеги шиг харагдаж байгааг ч улс төр сонирхогчид хэлэх юм билээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж