Гуравдагчид Ерөнхийлөгч дээр бооцоо тавилаа!

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Гуравдагчид Ерөнхийлөгч дээр бооцоо тавилаа!

Гуравдагчид Ерөнхийлөгч дээр бооцоо тавилаа!

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд ердөө хоёрхон хүний тухай мэдээлдэг, яригддаг, цацагддаг, шуугидаг болжээ. Нэг нь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, нөгөө нь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх. Ерөнхийлөгч хөдөөгүүр одон тарааж, төмөр замын төслөө танилцуулсан шиг яваа бол Ерөнхий сайд яамдын ажил байдалтай танилцаж, үүрэг даалгавар өгөх чиглэлтэй ажиллаж байна. Хэн хэн нь хоорондоо нүүр тулахаас зайлсхийсэн шинжтэй, хөдөө орон нутаг дахь томилолтыг нь харахад ар араасаа хөөцөлдсөн, барьцсан маягтай явна. Товчхондоо, рейтинг ойролцоо, имиж, характер ижилхэн тэдний холын зайны улс төр хоёр талд хэдийнэ эхэлжээ.

 УИХ-ын сонгуулийн гол өрсөлдөөн АН, МАН-ын дунд явагдсан бол орон нутгийнх У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын хооронд болох нь, хэн нь ялахаас ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө ба үр дүн хамаарах нь тодорхой болсон. Иймээс гуравдагчид буюу Н.Энхбаяр, Ж.Батзандан болоод бусад жижиг намууд Ерөнхийлөгчтэй нэгдэн ойлголцож, У.Хүрэлсүхийн үнэмлэхүй эрх мэдлийг хязгаарлахыг хүсч байна.

УИХ-ын сонгуульд захиалгатай, захиалгагүй бор халзан хонь нэр дэвших нь холгүй байсан бол орон нутгийн сонгуульд нийслэлд гэхэд гуравхан хүн бие даан өрсөлдөж буй нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүн иргэдэд гэхээсээ намуудад түлхүү хамаатай байдгийнх ч биз. Нөгөө талаасаа УИХ-д үнэмлэхүй олонх болсон, төрийн бүх эрх мэдлийг гартаа авсан У.Хүрэлсүхийн том эрх мэдлийг хязгаарлах гэсэн Ерөнхийлөгчийн тактик байх. Учир нь, орон нутгийн сонгуулийн дүн УИХ-ын сонгуулийн дүнгээс ерөнхийдөө хамаарах нь бий. Тиймээс ганц, ганцаараа МАН-тай “байлдаж” байхаар нэгдээд өрсөлдвөл ядаж л сонгогчдын саналыг хуваахгүй гэж тооцсон нь илт.

УИХ-ын сонгуульд нийт саналын 44.9 хувийн дэмжлэгийг авсан МАН парламентын 62 суудалтай болсон нь нэгд, мажоритор тогтолцооны сөрөг үр дагавар, хоёрт, гуравдагчид буюу сөрөг хүчин сонгогчдын саналыг олон хэсэг хуваасных байсан. Хэрэвзээ УИХ-ын сонгууль пропорциональ тогтолцоогоор явагдсан бол МАН парламентад ердийн олонх буюу 34 кноптой болох байжээ. Гэвч үнэндээ У.Хүрэлсүхийг үнэмлэхүй эрх мэдэлтэй болгоход Х.Баттулгын гай, гавьяа их. “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдэг.

Аравдугаар сарын 15-нд болох орон нутгийн сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулахаар, сурталчилгаа нь 15 хоног үргэлжлэхээр хуульчилсан. Хуульд оруулсан нэг онцлог нь орон нутгийн сонгуулийн санал хураалтыг 20.00 цаг гэж хаахаар болсон явдал. Үдшийн 20.00 цагаас хойш харанхуйд мөнгө тараах, сонгогчийн саналыг худалдан авах явдал ихэсдэг тул ийм  нарийн "арга хэмжээ" авснаа ажлын хэсгийнхэн тухайн үед тайлбарлаж байсан билээ. 

Орон нутгийн сонгуулийн гол өрсөлдөөн мэдээж нийслэлд өрнөнө. Монголын хүн амын, сонгогчдын тал хувь нь амьдардаг нийслэлд МАН-ыг Д.Сумъяабазар, АН-ыг Д.Пүрэвдаваа нар удирдаж орохоор болсон. Хэн хэн нь анх удаа сонгуульд намаа удирдаж байгаа, хэн хэнд нь асар том хариуцлага оногдсон. Хэрэвзээ, Д.Сумъяабазар ялагдал хүлээвэл У.Хүрэлсүхийн намын бодлого шийдвэрүүд нийслэлд хэрэгжихгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дээд шатны бодлого шийдвэрүүд дунд шатанд нь бойкотлох болно. Харин Д.Пүрэвдаваа ялагдвал АН улс төрийн тавцангаас  бүр мөсөн арчигдаж мэдэхээр дүр зураг харагдаж байгаа. Тэр тусмаа ирэх 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахихаар, бэлтгэлдээ хэдийнэ гарсан Х.Баттулгын улс төрийн карьер дуусна. Гэвч, АН-ыг ийм арчаагүй, авлигын загалмайлсан эцэгтэй гар барихад хүргэсэн хүн нь Х.Баттулга өөрөө юм.

У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын хэн нь зургаан жил Монголыг “удирдах” вэ гэдгийг энэ удаагийн орон нутгийн сонгууль тодорхойлно. Тиймээс Монголд хоёр хүний л мэдээ зурагтаар, сошиалаар гардаг, сэвдэг, цацагддаг болсон. Бусад нь бол аялдан дагагчид, албан тушаал горилогчид. Тэд улс төрийн өрөг дээр шатар нүүж байна. Үндсэндээ, цаашдаа Монголын улс төрийн хоёр тоглогч болсон Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын хэн “хаан” болж, хэн “ялтан” болохыг урьдчилсан байдлаар орон нутгийн сонгууль шийднэ.  Орон нутгийн сонгуульд ХҮН-аас бусад нь ямартай ч Ерөнхийлөгч дээр бооцоо тавьчихлаа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж