14 дүгээр сургууль ангиа хаалтаар тусгаарлан хичээллэж байна | News.MN

14 дүгээр сургууль ангиа хаалтаар тусгаарлан хичээллэж байна

14 дүгээр сургууль ангиа хаалтаар тусгаарлан хичээллэж байна

14 дүгээр сургууль ангиа хаалтаар тусгаарлан хичээллэж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 14-р сургуулийн гуравдугаар ангийн 400 гаруй хүүхдийг “Амгалан цогцолбор” сургуульд шилжүүлэн суралцуулахаар болсон. Сурагчдын эцэг, эх дээрх шийдвэрийг эсэргүүцэн, хүүхдүүдээ сургуульд явуулахгүй хэмээн гомдол мэдүүлснээр сургуулийн удирдлага хуралдаж, дотоод нөөц боломжоо ашиглан сурагчдыг өөр сургууль руу шилжүүлэхгүй байх урьдчилсан шийдвэр гаргаад байгаа юм. Гэвч энэхүү шийдвэр нь сурагчдын эрүүл, аюулгүй орчинд сурах боломж буюу нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээн стандартыг зөрчиж байгаа үйлдэл юм.

Хо Ши Миний нэрэмжит 14-р сургуулийн сургалтын менежер Н.ПҮРЭВСҮРЭН:

-Манай сургууль “Нарантуул” худалдааны төвийн арын хэсгээс Чулуун-Овооны уулзвар хүртэлх нутаг дэвсгэрт хамаардаг төрийн өмчийн ганц сургууль. Энэ жил манай сургуулийн нэгдүгээр ангид 700 гаруй сурагч элсэн орсноор сургуулийн барилга ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Тиймээс бид УОК-оос гаргасан гурван ээлжээр хичээллэхгүй гэсэн шийдвэрийг харгалзан үзэж, ачаалал багатай сургууль руу гуравдугаар ангийн найман бүлгийн хүүхдүүдийг явуулахаар болоод байсан. Манай сургууль өргөтгөлтэйгөө нийлээд нэг ээлжиндээ 1850, хоёр ээлжиндээ 3640 хүүхэд сурах зориулалтай ч одоо 4950 хүүхэд сурч, ачаалал нь 1300 хүүхдээр илүү давсан. Ингэснээр ердийн цагаар хичээллэхэд гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүйд хүрээд байгаа юм. Тиймээс хоёр жилийн өмнөөс өргөтгөл барихаар хөөцөлдөж, энэ оны наймдугаар сард шав тавин, барилгын ажлыг эхлүүлсэн ч коронавирусийн улмаас эдийн засгийн хүндрэл үүсч, 1.5 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх ажлаас 50 сая төгрөг үлдсэн.

Бид одоогоор байгаа нөөц бололцоогоо ашиглан сургуулийн номын сан, багш хөгжүүлэх өрөө, том талбайтай ангиудын зайг ашиглан нийт найман ангийг гурван ээлжээр хичээллүүлж байна. Нийслэл, дүүргийн Боловсролын газарт хандахад биднийг хүүхдүүдийг өргөтгөл ашиглалтад ортол ойролцоох, хүүхэд багатай сургууль руу шилжүүлэн сургахыг үүрэг болгосон. Энэ шийдвэрийн дагуу сургуулийнхаа удирдах зөвлөлөөр хэлэлцэж, гуравдугаар ангийн найман бүлгийн 400 гаруй хүүхдийг шилжүүлэхээр болсон. Гэтэл эцэг, эхчүүд энэ шийдвэрийг хүлээн аваагүй. Сургуулийн багш, удирдлагууд шуурхай хуралдаж, өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан зай талбай том анги танхимаа вакум хаалтаар тусгаарлан хичээллэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна.

Баянзүрх дүүргийн 13-р хорооны оршин суугч Ц.БУЛГАН:

Уг нь хүүхдүүд өөр сургууль руу явахгүйгээр сургууль дээрээ гурван ээлжээр хичээллэх боломжтой гэж багш нар хэлсэн. Гэсэн ч яамны бодлого шийдвэртэй зөрчилдөөд байгаа юм билээ. Харьяаллынхаа дагуу энэ сургуульд явдаг, гэр нь сургуультай ойрхон нэг айлын, бага ангид сурдаг хоёр хүүхэдтэй надад хүйтний улирал эхэлж байгаа энэ цаг үед гурав дөрвөн буудлын зайтай хол сургууль руу шилжүүлэх гэж байгаад бухимдаж байна. Мөн хоёр ээлжээр хүүхдүүдийг хэт олноор цуглуулж, хичээллэх шийдвэр гаргасан нь зохисгүй санагдаж байгаа ч хүүхдүүдээ хичээлд нь явуулахаас өөр арга байхгүй.

Гуравдугаар ангийн сурагчийн ээж Б.ТУНГАЛАГПҮРЭВ:

Сургууль энэ шийдвэрээ эцэг эхчүүдэд эрт хэлсэн бол бид яам, даргад нь хандан өргөдөл, гомдол гаргаж асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэтэл хичээлийн долоо хоногийн сүүлийн өдөр “Ирэх Даваа гаригаас өөр сургуульд хичээллэнэ” гэж хэлж болохгүй шүү дээ. Бид яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Нэг, хоёр хүүхдийн асуудал биш, бүхэл бүтэн 400 гаруй хүүхдийн гэр бүлийн амьдралд хүүхэд нь өөр сургуульд шилжсэнээр асуудал үүсч байгаа. Сургуулийн захиргаанаас бидний гомдлыг хүлээн авч, анги танхимаа зааглан хичээл орохоор боллоо гэж мэдэгдсэн. Энэ нь сурагчдын эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж, ханиад томууны улирал эхлэхэд хүндрэлтэй байдал үүснэ гэж бодож байна.


Сургалтын стандартын дагуу нэг анги ойролцоогоор 40м.кв гэж тооцвол тус ангид 20 сурагч сурах ёстой. Гэтэл 14-р сургууль шийдвэрийн дагуу анги танхимыг зааглан сурагчдыг хичээллүүлснээр нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ стандартад огт нийцэхгүй байгаа юм.

Энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ? Цар тахалтай холбоотойгоор үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлээс үүдсэн царцсан барилгын төсөв үү, эсвэл хүн амын төвлөрөл ихтэй дүүргийнхээ сурагчдад ногдох сургуулиа нэмж барьж чадаагүй боловсролын салбарынхан уу?

Б.СУМЪЯАБАЗАР
С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж