Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд албан ёсоор нээлтээ хийсэн “Үндэсний номын баяр” 28 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус баярын ач холбогдлыг үнэлэн, анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар Зарлигийн дагуу УИХ-ын даргын ивээл дор жил бүрийн энэ өдрүүдэд зохион байгуулдаг болсон билээ.
“Үндэсний номын баяр 2020”-ийн хамгийн хүндтэй зочин болох Монгол Улсын Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч П.Бадарч “Номын баяр жил болгон уламжлал болон зохион байгуулагдаад 28 жил болж байна. Сүүлийн хоёр номын баярт би оролцож чадаагүй. Өмнөх жилүүдийн баярт жил алгасахгүй оролцож байсан. Ном шиг хүнд хэрэгтэй зүйл нэг ч байхгүй. Яваад өгөх биш, байнгын хэрэглээ болоод, сэтгэлийн толь болоод байж л байна. Цахим хуудсын бүтээл шиг элэгдээд алга болохгүй. Ном бол бидний түшиг тулгуур. Номын тухай ярих юм их бий. Гэхдээ нуршаад дэмий байх. Манай улс зургаан бичигтэй. Монгол бичигт Монголын соёл бүгд багтаж байдаг. Тийм их өв соёлтой, номын эртний их түүхтэй улстай хүмүүс гэдгээрээ бахархаж явахыг залуусаасаа хүсч байна. Залуустаа хандаж хэлэхэд цахим хэрэглээ бол шинжлэх ухааны хэрэглээ. Харин ном гэдэг бол насан туршийн хэрэглээ. Та нартаа бичгийг сайн тогтон уншиж сур, учрыг нь ол гэж л захимаар байна” гэв.
Номонд дуртай зохиолч, яруу найрагч, орчуулагч, уншигчдын хүсэн хүлээдэг энэхүү баяр нь уламжлалт хөтөлбөр, арга хэмжээнээс гадна сонирхолтой дөрвөн номинацаар баяжигдсан баяр боллоо хэмээн утга зохиолын хүрээний судлаачид болон уншигчид ам сайтай байна.
Учир нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга, доктор Ц.Нацагдолгорын санаачилгаар утга зохиол судлалын “Шилдэг шүүмж” бүтээлээр судлаач О.Содномпилийн бүтээлийг тодруулж ном хэвлүүлэх, “Чингис Хааны тухай хамгийн олон номтой” уншигч, цуглуулагчаар иргэн Э.Пүрэвжавыг тодруулж, Бие даасан үзэсгэлэн гаргах эрхийн бичгээр, “Хамгийн олон үнэт ховор номтой” уншигч, цуглуулагчаар иргэн Р.Отгонбаатар тодорч, телевизийн бүрэн хэмжээний нэвтрүүлэгт оролцох, “Монгол судлалын арвин номын сантай” цуглуулагчаар судлаач Ж.Раднаабазар тодорч, цуглуулгын танилцуулга (каталог) хэвлүүлэх эрхийн бичгээр тус тус урамшуулав.
Иргэд болон судлаачдыг салбарын мэргэжлийн экспертүүд шалгаруулж санал болгосноор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга, доктор Ц.Нацагдолгор, МЗЭ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, СГЗ До.Цэнджавын хамт “Батламж”-ийг"Үндэсний номын баяр"-ын нээлтийн үеэр гардуулсан юм. Дашрамд өгүүлэхэд нэр хүндтэй энэхүү “Батламж”-ийг жил бүр уламжлал болгон олгох ажээ.
Эх сурвалж: СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
Э.ЭГШИГЛЭН
Холбоотой мэдээ